logo
Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу...

Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу...

2012/03/09

(Монголын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг)

Эдийн засгийн чуулга уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж буй Та бүхэнд талархлаа илэрхийлье.

Эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ард иргэдийнхээ амьдралыг эрс дээшлүүлж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэх боломж нөхцөл манай оронд бүрдээд байна. Энэ талаар хүний эрүүл мэндэд хоргүй, эх дэлхий, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Бидний өнөөдөр ярилцах ногоон эдийн засаг маш өргөн хүрээтэй асуудал аа. Ийм болохоор би зөвхөн Монгол орны амьдралаас үүсэлтэй эх дэлхийтэй ойрхон, “ногооруулж” болох, мөн саад болж буй тулгамдсан үндсэн 3 асуудлын талаар би санал бодлоо илэрхийлье.

Нэгд, Хөдөө аж ахуй ба уул уурхайн харилцан уялдаа, нөлөөл­лийг аваад үзье.

Монголын мал аж ахуй хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэнш­лийн сүүлчийн голомтын нэгд тооцогдох байх аа. Манай орон 113 сая мянган га малын бэлчээрийн талбайтай. Энэ нь нутаг дэвсгэрийн 72 хувийг эзэлдэг. Үүнийг зөв хамгаалж ашиглах нь Монголын нөхцөлд ногоон эдийн засгийн хамгийн том суурь асуудал гэж би үзэж байна. Монгол хүн байгальтай зохицсон бэлчээрийн технологийг олон мянган жилийн тэртээгээс боловсруулан мөрдсөөр өдий хүрсэн юм. Энэ суурь асуудлыг зөв шийдвэрлэхээс бусад салбарын хөгжил шууд хамаарна.

Дулаарлаас үүдэлтэй цөлжилт бэлчээрийг улам хумих болов. Ургамлын гарц муудах болсноор мал сүргээ тоо толгойн хувьд өсгөх боломжийг бууруулж байна. Нөгөө талаар уул уурхайн үйлдвэрийн хөгжил, газар тариаланг өргөтгөн зохион байгуулсантай бэлчээрийн асуудлыг холбон авч үзэх хэрэгтэй боллоо. Энэ талаархи зохицуулалтыг бид шийдвэрлэх шатанд ирээд байна. УИХ газрын хуульд өөрчлөлт оруулж, бэлчээрийн хуулийг гаргахаар ажиллаж байна.

Бэлчээрийн даацыг тохируулах талаар байгаль өөрөө бидэнд нэг зүйлийн сануулга өгсөн. 2009 оны өвлийн зуднаар манай орны 10 сая мал хорогдож, хавар нь урьдынхаасаа цөөн төл авах болсон юм. 45 сая малыг ганцхан жилийн дотор 35 саяд буулгалаа. Нөхцөл байдал зөвхөн цас, хүйтнээс болсон юм биш. Бэлчээр хэтэрхий давтагдан ургамлын гарцыг муутгасан нь ноцтой нөлөөлжээ. Үнэндээ өнөөгийн бэлчээрийн даацыг монголд байгаль 35 сая малаар тогтоох санал өгч байх шиг. Үүний цаад утга нь мал сүрэг 45 сая хүрч даац хэтэрч, өвс ногоо ховордсоныг байгаль эх цаанаас “зохицуулсан” мэт харагдаж байгаа.

Өнөөдрийг хүртэл бидний явуулж ирсэн мал аж ахуйн бодлого чиглэл бол малын тоо толгойг өсгөхөд чиглэгдэж ирлээ. Бидний магтаал, уриа лоозон бол “аймаг сум бүр малаа таван төрөл өсгөн нэмэгдүүллээ, аварга сайн малчид мал сүргээ 2, 3 мянгад хүргэлээ” гэдэг. Газар тариалан дээр ч мөн адил олон мянган га газар хагалж, өдий төдий олон тонн тариа ногоо авлаа хэмээн ярьж сурталчилдаг. Сайн малчин, тариаланчдыг шалгаруулдаг болзол нөхцөлийг авч үзсэн ч бас нөгөө “тооны хойноос хөөцөлдөх”-ийг чухалчилдаг.

Олгодог урамшуулал нь нэг га-гаас хэдий хэмжээний ургац авсныг үл харгалзан тонн тутамд 50,0 мянган төгрөг олгоно гэсэн үнэндээ хатуу дүрэмтэй байх жишээтэй. Хүн их газар хагалаад ургац авбуу эсвэл га-гын гарцыг нэмэгдүүлэв үү гэдэг нь төдийлэн хамааралгүй байна.

Ийм болохоор байдлыг бүхэлд нь өөрчлөн ногоон эдийн засаг гэсэн бодлогын бодит хөрсөн дээр ажлаа явуулах нь чухал байна.

Хоёрт, Бидний хөгжлийн үндэс болсон уул уурхайн талаар цөөн үг хэлье.

Манай оронд байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг эрчимтэй ашиглах үе эхлээд байна. Энэ нь хөгжилд шинэ эрч хүч, түлхэц өгч, сайхан боломж олгож буй хэрэг ээ. Яг үүнтэй зэрэгцээд байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах явдал нь зөвхөн ашгийн төлөө улайран зүтгэхтэй харшилдах боллоо. УИХ гол усны эх сав, ойн сан бүхий газруудад ашигт малтмал хайх, ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзэж, хориглосон хууль гаргасан. Гэсэн ч, энэ хүрээнд, хөрөнгө мөнгөний заргыг төртэй үүсгэж, үнэндээ хуулийн хэрэгжилт хутганы ирэн дээр л байна. Энэ байдлыг харсан хүн чухам л мөнгөний эрх ашиг, сүр хүч давамгайлж, “хууль гууль” болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа.

Уул уурхай өөрөө газрын хэвлийг хөндөхдөө ногоон орчин бүрдүүлэх орчин үеийн зохих технологитой юм.

Байгалийн баялгийн зүй бус ашиглалтын зэрэгцээ хөрсний гэм­тэл, тоосжилт, нөхөн сэргээл­тийн ажил, орчны үнэлгээ хоцорч байна. Судалгаагаар 4250 га газарт хөрсний сэргээлт хийлгүйгээр орхигдуулсан байна. Одоо ашиглаж байгаа уурхайнуудад 17 мянган га газар нөхөн сэргээлт хийгээгүй байна.

Өнөөдөр лицензтэй хайгуулын талбай 21.7 сая га, ашиглалтын лицензтэй талбай 720 мянган га, нийтдээ 22.4 сая га болж нийт нутгийн 14 хувийг эзэлж байна. Бас нэг зүйл бидэнд ойлгомжтой байгаа. Байгаль орчин, уул уурхайг сэргээхэд оруулж буй хөрөнгө оруулалт нь хомс, тодорхойгүй, харин байгалиас авч байгаа нь “үлэмж их” гэдгээр асуудал тодорхойлогдож байна.

Энэ талаар манай оронд зохих тэмцэл өрнүүлснээр эхний ээлжинд ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд хямгатай хандахаар болж, хайгуулын лицензийг түр зогсоогоод байгаа билээ.

Гуравдахь миний хөндөн ярих гэсэн зүйл бол агаарын бохирдолтой холбоотой асуудал юм. Эрчим хүч, дулааныг агаарын бохирдолгүйгээр үйлдвэрлэх явдал нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь өрх гэр, албан байгууллага, төр засаг бүгдэд хамааралтай асуудал.

“Шинэ бүтээн байгуулалт”-ын төсөл, хөтөлбөрүүдийг баталсан. Улаанбаатарын утааг арилгахад зориулан сүүлийн 3 жилд ихээхэн хөрөнгө хүч гаргасан. Энэ чиглэлээр Үндэсний хороо ажиллаж байна. Энэ ажлыг хэд дахин эрчимжүүлэх шаардлагатай.

Нөгөө талаар манай эдийн засагт эрчим хүчний үрэлгэн хэрэглээ ноёрхож байна. Үйлдвэрлэлийн зардалд эрчим хүчний зардлын эзлэх хэмжээ Европын ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад 3-4 дахин их байна. Юуны өмнө эрчим хүчний хэмнэлттэй технологи, горимд шилжих шаардлагатайг байдал харуулж байна. Энэ бол бусад орнуудад аль эртний эхэлсэн ажил. Хэмнэлттэй ажиллана гэдэг нь зөвхөн үр ашгийн төдийгүй, байгаль, экологийн хортой нөлөөллийг багасгана гэсэн үг.

Эцэст нь дүгнэн хэлэхэд: хүний нийгэм байгаль эхтэй хүйн холбоотой амьдарч байна. Дэлхий дахин, улс гүрнүүд энэ талаар ихээхэн анхаарал тавьж хөрөнгө зарж, төсөл хөтөлбөр олныг хэрэгжүүлж байна. Японд 3 А буюу байгалийн нөөц ашиглалтыг хэмнэх, дахин ашиглах, дахин боловсруулах; Хятадад агаар бохирдуулдаг үйлдвэрийг хаахад хүрч, Герман сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг тэргүүлэх зорилт гэж үзэх босон зэрэг жишээ туршлага бидэнд үлгэртэй байна.

Манай эрдэмтэн, судлаачид ногоон эдийн засгийн талаар олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Малчид, газар тариаланчид ногоон эдийн засагт чухал үүрэгтэй гэдэг нь бас тодорхой юм. Энэ бүхэн нь ногоон эдийн засаг бүх нийтийн шинжтэй үйлс болохыг харуулж байна. Бүх хүний анхаарал, санал санаачилгыг энэ зүгт хандуулахаас эцсийн үр дүн шалтгаална.

Үйлдвэрлэл, үйлчилгээний али­ваа үйл ажиллагаа нь хүн, байгальдаа ээлтэй гэсэн зарчимд тулгуурлах нь зүйд нийцнэ» гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш