Тосгон нийт 200-300 оршин суугчтай аж. Бадахшан мужийн орлогч захирагчийн хэлснээр, тосгоны ердөө дөрвөн оршин суугч эсэн мэнд олджээ. Тосгон хүрэх бүх зам хаагдсан учир армийн нисдэг тэргүүдийг аврах ажиллагаанд дайчилж байна. Тус мужийн Улаан загалмайн нийгэмлэгийн захирал Насир Хематын ярьснаар, зарим газар уулнаас буусан цасны зузаан дөрвөн метрт хүрчээ.
Түүний хэлснээр, 2012 он гарснаас хойш Афганистанд байгалийн онцгой нөхцөл байдлын улмаас 60 хүн амиа алджээ. Энэ тоонд Дарваз тосгоны оршин суугчид ороогүй байна. Агаарын температур ер бусын бага байгаагаас хүмүүс ингэж олноороо амьсгал хураасан байна. Энэ өвөл сүүлийн 30 жилд болж байгаагүй хамгийн хүйтэн өвөл байв.
Афганистаны уулнаас цасан уруй буух нь ялангуяа, өвлийн сүүлээр дулаарч эхлэх үед хэвийн үзэгдэл юм. 2010 оны хоёр, гуравдугаар сард Бадахашанд нэлээд хэдэн удаа цасан уруй буусны улмаас 200 орчим хүн амь үрэгджээ.
З.Амгалан
МОНЦАМЭ