logo
Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдлээ

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдлээ

2012/03/10
УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 09-ны өдрийн ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ламбаа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тавьсан асуултдаа,  хуулийн хэрэгжилтийн он, сар, өдрийг яагаад заавал сонгоод байгаа юм бэ. Өдөр, сар тийм чухал юм бол өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж болдоггүй юм уу гэдгийг тодруулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хуулийн хэрэгжилтийг тавдугаар сарын 1-нээс  тогтоох хоригийг хүлээн авч дэмжсэн.  Мөн  Ажлын хэсгээс  хийх ажлууд бий.  Хувийн сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтууд, тэдгээрийн бүртгэх, хадгалах журам боловсруулах ажлыг эрчимжүүлэн бэлтгэл ажлыг түргэвчлэх шаардлагатай гэсэн тайлбарыг Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өгөв.  Асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүд гараагүй тул МонголУлсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны  саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  90 хувийн саналаар,  хуулийг 2012 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл  88,2 хувийн саналаар тус тус дэмжлэг авлаа.  Ингээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг  84,6 хувийн саналаар гишүүд баталсан юм. 
    Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нараас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүслэн /-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Х.Бадамсүрэн танилцуулав. Хэлэлцүүлгийн шатанд  өргөн хэрэглээний 10 нэр төрлийн барааны үнэ цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй байгаа. Иймд үнийг тэнцвэртэй байлгах асуудлаар  Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх  хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж  байв. Гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад  88,7 хувийн саналаар гишүүдийн дэмжлэг авч хууль батлагдав. Мөн  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд  92,5 хувиар  дэмжигдэж батлагдлаа. Хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш