Мөн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар тус тус танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуудлыг хаалттай хэлэлцүүлэх горимын санал гаргасан. Учир нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хаалттай хэлэлцсэн. Үндэсний аюулгүй байдал, батлах хамгаалахтай холбоотой нууцын асуудал хөндөгдөх тул хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх явцад улсын нууцтай хамааралтай асуудал хөндөгдөөгүй. Харин Ж.Энхбаяр гишүүн өөрөө МАН-ын бүлэг, Байнгын хорооны гишүүдэд материал тараасан байсан нь хэвлэл мэдээллээр гарсан. Иймд нууцлаад байх зүйлгүй байгаа тул чуулганыг нээлттэй үргэлжлүүлэхийг хүсч байна гэсэн горимын санал гаргасан юм. УИХ-ын дарга хэлэхдээ, Улсын Их Хурал процедураар санал хураалтаа шийддэг. Иймд та бүхний гаргасан горимын саналаар эхлээд санал хураалт явуулах нь зүйтэй. Энд хариуцлагын асуудал бий шүү гэдгийг анхааруулсан. Гэвч горимын санал гаргасан хоёр гишүүн өөрсдийн байр сууриа хамгаалан мэтгэлцсэн юм. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Р.Раш, Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нарын гишүүд эл асуудалд нууцын зэрэглэлтэй зүйл огт байхгүй гэдгийг тайлбарлан саналаа хэлснээр цөөнх болсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт камер харж улстөржилгүйгээр асуудлыг ярилцана шүү гэдгийг хэлж, горимын саналаа татаж авснаар хуралдаан үргэлжилсэн. Ингээд чуулганы танхимд Монгол Улсын Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга болон бусад сайдуудыг байлцуулж асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Асуудлыг хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь зөрөлдөөнтэй байж, чуулганы хуралдаан асуулт хариултаар нэлээдгүй сунжрав. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай болсон. Иймд гишүүд одоо асуулт, хариулт явуулахдаа нууцын зэрэглэлтэй зүйл ярихгүй байхыг анхааруулья гээд, энэ бол хариуцлагын асуудал шүү гэдгийг сануулаад авсан. Гишүүдийн асуулт хариулт дууссан ч үг хэлэх гишүүд нэлээдгүй гарсан тул хуралдааныг түр завсарлуулж 15.30 цагаас үргэлжлүүлэхээр тогтов.