logo
Д.Цахилгаан тэргүүтэй хүмүүс Энхтайван найрамдлын ордонг хоёр сая ам.доллараар худалджээ

Д.Цахилгаан тэргүүтэй хүмүүс Энхтайван найрамдлын ордонг хоёр сая ам.доллараар худалджээ

2012/03/12
Хүний шунал гэдэг хязааргүй юм аа. Ёстой нөгөө алтан зоосоор аадар орсон ч ханадаггүй гэж нэг мэргэн санаад буув. Хүсэл мөрөөдөлтэй амьдрах зөв л дөө. Гэтэл хүмүүс яагаад мөнгөнд шунаж түүний төлөө улайран зүтгэдэг юм бол. Тэгэхдээ бүр эрээ цээрээ алдтал шуналтдаг нь яанаа. Шуналын талаар бичээд байгаагийн учир нь нэгэн үед хотын төвд эв найрамдлын бэлэг тэмдэг болон сүндэрлэсэн Энхтайван найрамдлын ордны тухай юм. Одоо тэр барилга нурж унахаа шахан газрын хөрснөөс хэзээ мөдгүй арчигдах гашуун зовлонгоо хүлээн дүнсийн байх аж. Тус ордны өмнөх талбайг нь Энх тайван найрамдлын төлөөх Монголын холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нарын хамсаатан болсон нэр бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж худалдсан сурагтай. Тэд газрын хожоотой наймаа хийснийхээ шанд овоо хэдэн төгрөг халаасалсан сураг дуулдав.

Өнөөдөр тус ордны өмнөх талбайд 17 давхар Сандэй-II худалдаа, үйлчилгээний тансаг зэрэглэлийн цогцолбор сүндэрлэж удахгүй ашиглалтад орохоор зэхэж байна. Шилэн барилгын сүрэнд дарагдсан Энхтайван найрамдлын ордон ийнхүү бүх зүйлийг зоосны нүхээр харах болсон дарга нарынхаа гараар орж түүхийн шарласан хуудаснаа домог болон үлдэх боллоо. Цагтаа ах дүүгийн барилдлагатай байсан Орос ах нарын бэлэглэсэн Энхтайван найрамдлын ордон өмнөх газраа хэтэвч зузаантай эрхмүүдэд булаалгаснаас гадна хойд талын болон ордон өөрөө хүртэл тун удахгүй газрын хөрснөөс арчигдах тухай эх сурвалжууд “хачирлав”.

Уг нь дээрх будлианд холбогдсон нэр бүхий хүмүүс цагтаа төрд хийх юмаа хийчихсэн байлтай. Гэвч ханаж цадаагүй бололтой. Ядаж ичих нүүр гэж байна даа. Үнэхээр мөнгөний төлөө эрээ цээрээ алдах юм. Хүнд чинь бас болох, эс болох юм гэж нэг үнэт чанар баймаар даа. Ялангуяа Энхтайван найрамдлын ордны наймаанд оролцсон сураг бүхий хүмүүст бүр ч илүү мэдрэгдмээр юм. Тэд бидний мэдэхээр төрийн хайр хишгийг багагүй л хүртсэн баймаар. Гэтэл хэдэн халтар төгрөгний шуналаасаа болж хүн итгэхийн аргагүй юм хийгээд сууж байх юм.

Хотын төвийн А зэрэглэлийн газар өнөөдөр зах зээлийн ханшаар кв/м нь 1500-2500 долларт хэлбэлздэг гэж газрын наймаачид хэлэв. Тэгэхээр нэлээд ашигтай наймаа нь ойлгомжтой. Уг наймааг хамтран зохион байгуулалцсан хүмүүс зүгээр л гар өргөснийхөө төлөө 30-50 саяыг халаасалсан аж. Эдгээр хуйвалдааныг хийгчдийн дунд бидний хайрлан хүндэлж явдаг ардын уран зохиолчоос эхлээд доктор, академичдийн нэрс хөврөх юм.

Ингээд бодохоор мөнгө улаан, нүд цагаан гэгч үнэхээр үнэн юм даа. Сохор зоосны төлөө элэг нэгтнээ худалдах, хэдэн жилийн дараа балгас болохоо шахсан муу гурван давхар шавар амбаар зарах юухан байхав дээ. Бид цаашдаа энэ мэдээллийн мөрөөр дахин эрэн сурвалжлах болно.

П.ДӨЛГӨӨН
Эх сурвалж:
"Нийслэл таймс" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш