Эхэндээ эрчүүд, залуус архи уун гудамжинд гарч хорвоог орхидог байсан бол төдөлгүй эмэгтэйчүүд эхчүүд, охид бүсгүйчүүд архин далайд живэв. Тэгвэл одоо… балчир үрс маань. Мөнхийн согтуу байдаг ээждээ 1500-гийн “гомбоо” аваачиж өгөх гэсэн долоохон настай бяцхан хүүгээс хувийн үйлдвэрийн архийг нь булаан аваад хувааж уусан 13 настай хоёр хөвгүүний нэг нь хорвоог орхисон нь үндэсний эмгэнэл биш гэж үү.
Аливаа улс үндэстэнг устаж үгүй болгоход архины нэмэр тус ихээхэн байдаг гэнэ билээ. Түүгээр ч барахгүй дээр үед ард Түмэн нь бор дарсыг тоймгүй их хүртсэнээс мөхсөн үндэстэн бий гэдэг. Согтуудаа хүний санаанд оромгүй аймшигтай гэмт хэрэг үйлдэх нь ч олширсон.
Германд сурч, амьдарч байсан айлын ганц хүү Ууганбаяр гэгчийн үйлдсэн хэргийг энд дурьдахад хангалттай. Найз бүсгүйтэйгээ муудалцсан тэрээр хэд хоногийн турш хайртынхаа гар утас руу залгахад цаадах нь түүний утасны дугаарыг харчихаад салгадаг, өөр утаснаас залгавал дуу хоолойг нь таньчихаад мөн л салгадаг байв. Оролдлого бүр нь амжилтгүй болсонд тэвчээр барагдсан залуу нэгэн бүтэн сайны өглөө хоёр найзынхаа хамт найз бүсгүйнхээ гэрт очжээ.
Тэр үед гэрийн эзэгтэй ажилдаа явчихсан, аав, охин хоёр пудель нохойтойгоо үлдсэн байв. Гэрийн эзэн Наранхүү амралтын өдөр найзтайгаа хамт явж автомашины уралдаан үзэхээр тохирчихсон байсан аж. Авто уралдаан цуг үзэх найз нь Наранхүүгийн гар утас руу залгавал холбогдох боломжгүй, ч гэрийнх нь утас руу залгахад утсаа авахгүй байлаа. Энэ бол 11-12 цагийн үе.
Ууганбаяр гэгч тэр этгээд цуг ирсэн хоёр найзаа үерхдэг бүсгүйнхээ орцонд орхиод өөрөө гэрт нь орж, аав, охин хоёрыг хайртай пуделийнх нь хамт хөнөөчихсөн байв. Гурван залуу нэг шил архи хувааж уусан гэдэг. Талийгаач Наранхүү өнөөгийн МУБИС-ийн урлал техникийн тэнхимд багшилдаг, өндөр нуруу, булиа чийрэг биетэй нэгэн байсан юм. Ганцхан хүнд тийм ч амархан дийлдэхээргүй түүнийг охин, нохой хоёрынх нь хамт Ууганбаяр ганцаараа егүүтгэсэн гэдэгт хэн ч итгэхгүй.
Жижүүртэй энэ орцонд хүмүүс ноцолдох, амь тавин хашгирах, нохой хуцах чимээ ерөөсөө гараагүй гээд бод доо. “Би ганцаараа найз бүсгүйгээ аав, нохой хоёртой нь алсан” хэмээн удаа дараа мэдүүлж байсан тэр алуурчин шүүхээс цаазаар авахуулах ял сонссон ч давж заалдсан ба нэг камерт хоригдож байсан хоригдлыг бусадтай бүлэглэн зодож хороосон билээ. Төрсөн өдрөөрөө аав, ээждээ архи захиж авчруулаад камертаа ууж согтсон тэрбээр мөнөөх хоригдлыг ухаан алдан шалан дээр цус нөжтэйгээ холилдоод хэвтэж байхад “Одоо гүйцээчихье л дээ” гээд цээжин дээр гишгэлж үсэрч байсан гэдэг.
Энхээ гэгч этгээд эхнэртэйгээ муудалцахад залуу бүсгүй хүүхдээ тэврээд төрхөмдөө буцаж. Хэд хоногийн дараа мань эр авгай хүүхдээ авчрахаар хадмындаа очтол хадам ээж “Энэ яваа насандаа охиноо чам шиг юмтай суулгахгүй” гээд л давшилж гарч. Тэгтэл мань эр найзтайгаа архи уугаад гэрээсээ хутга авч гараад хадмынхаа дээврээр гэрт нь орж, хадам ээжээ хөнөөн эхнэр хүүхдээ барьцаалаад авч явсан байгаа юм. Аймшигт ийм хэрэг яагаад үйлдсэнээ тэрээр “Би юу ч санахгүй байна. Тэгэхэд найзтайгаа архи хэтрүүлж уугаад тасарчихсан байна билээ. Хэт догдолсон, сэтгэл санаагаар унасан үедээ хүн их амархан тасардаг юм шүү дээ” гэж тайлбарлан шүүгчдэд лекц уншаад зогсож байх юм.
Тэгвэл саяхан урд хөршид дээр өгүүлсэн хоёроос илүү хачирхалтай аймшигт хэрэг гарсан байна. Гэр бүлийн хүнтэйгээ хамтарч “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг Баяраа гэгч залуу бараагаа татахаар Эрээнийг зорьжээ. Тэнд хэдэн найз нь амьдардаг бөгөөд нутгаас ирсэн багын найзыг харих өдрийнх нь өмнөх орой бааранд оруулж дайлжээ. Ихэд согтсон түүнийг нэг найз нь гэртээ хонуулахыг ятгатал цаадахь нь зөвшөөрсөнгүй. Зочид буудал руугаа таксигаар хүргүүлэх замдаа унтсан тэрбээр өглөө нь гудамжинд сэрлээ.
Газар, хэл сайн мэдэхгүй Баяраа халаасаа үзтэл мөнгө төгрөг, гар утас, бичиг баримт нь бүгдээрээ байв. Харин бие нь нэлээн өвдөх аж. “Өчигдөр орой хятад архи, шар айраг холиод уугаад байсан юм чинь шартаж бие өвдөх нь аргагүй” гэж таамагласан Баяраа ойролцоох бааранд орж, 200 гр архи, нэг шил шар айрагтай уувал өвчин нь ч намдаж, бие нь ч тавираад нилээн аятайхан болов. Тэгээд зочид буудал руугаа очиж дарсан бараагаа аваад галт тэргэнд суухдаа нэг шил архи, хэдэн лааз шар айраг авахаа мартсангүй.
Маргааш нь гэртээ хариад усанд ороход нэг бөөрнийх нь хавьцаа нилээн урт сорви байв. Урьд өмнө ийм сорви байгаагүйг тэр, эхнэр нь ч тэр мэдэх билээ. Сандарч тэвдсэн хоёр хувийн эмнэлэгт ажилладаг найз дээрээ очтол цаадах нь ЭХО-гоор хараад согтууд нь өрөөсөн бөөрийг нь мэс заслын аргаар авч буцаагаад оёсныг тогтоожээ.
Тэд Эрээнд амьдардаг, Улаанбаатар луу явахаас өмнөх орой нь бааранд хамт архидсан найзууд руу нь утасдаж асуутал цаадуул нь “Бид чамайг Ганбаагийнд хонохгүй гэхээр чинь таксинд суулгаад зочид буудлыг чинь заагаад өгсөн. Харин чамайг таксинд суулгахдаа номерийг нь хараагүй. Бид ч гэсэн чамаас дутахааргүй согтсон байсан” гэсэн байна.
Ийнхүү найзуудтайгаа нэгэн үдшийг наргиж өнгөрүүлсэн эр өрөөсөн бөөрөө үл мэдэх этгээдүүдэд алдсан аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр урд хөршид хүний өрөөсөн бөөр 20 мянган ам.доллар хүрдэг гэнэ. Хохирогч Баяраа Солонгост хагалгаа хийлгэснээр дээсэн дөрөөн дээр байсан амь нас нь аврагджээ.
Энэхүү аймшигт явдал Баяраатай тохиолдсон нь үнэн бөгөөд түүнтэй ярилцах гэсэнд зөвшөөрөөгүй учир уншигчдыг сэрэмжлүүлэх үүднээс болсон явдлаас сэдэвлэн бичив.
Эх сурвалж: “Далд амьдрал” сонин