logo
Монгол Япончуудын  харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ

Монгол Япончуудын харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ

2012/03/12
Ерөнхий сайд С.Батболд Япон улсын хувийн хэвшлийн нэр бүхий томоохон компаниудийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.   Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “АNА”компанийн ерөнхийлөгч Ш.Ито, тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч К.Ода, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч К.Шибата нар бараалхлаа.  

ANA бол олон улсад нэр хүндтэй компани. Монгол Улс ANA компанитай агаарын тээврийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа юм. Тус компани нь Монголын агаарын тээврийн Изинес компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын нислэгийг  дэмжих чиглэлээр ажилладаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг улам хурдасгахад далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр хоёр улсад харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Япон улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт Монголчууд талархдаг төдийгүй япончуудад элэгсэг дотно ханддаг. Тиймээс хоёр орны иргэдийн ийм дотно харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг ч дурдаж байлаа.
ANA компанийн Ерөнхийлөгч техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хийхэд голлон анхаарч ажилладаг, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын тэргүүн С.Батболд ANA компани нь Нарита болон Кансайн нисэх буудал дахь Монголын МИАТ компанийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Мөн Монгол Японы хооронд шууд нислэг бий болох нь бүх талын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед чухал ач холбогдолтой байгаа гэдгийг дурдлаа.


Улстөр шуум
Ерөнхий сайд С.Батболд байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо

Одоогоос яг нэг жилийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр  Японы Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 16 мянга гаруй хүн нас барж япон улсын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их гамшиг учирсан. Байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг энэ өдөр япончууд хүндэтгэн мэхийн ёсолж, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийж байна.
Япон Улсын Үндэсний театрт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж Японы Цог Жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан, Японы Ерөнхий сайд Ё.Надо болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Японы ард иргэд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа.
Энэхүү ёслолын ажиллагаа Токиогийн цагаар 14.30-д Эзэн хаан морилон ирснээр эхэлж, Японы Төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд цугласан хүмүүс хүндэтгэн босож дуулцгаалаа. Үүний дараагаар 14 цаг 46 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо.
Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода, Эзэн хаан болон амь үрэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл үг хэлээд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд цэцэг өргөнө хэмээн танхимд танилцуулсны дараагаар тус улс дахь Дипломат төлөөлөгчийн  120 гаруй газрын нэрсийг цагаан толгойн дарааллаар дуудаж танилцуулахад  тэргүүнүүд нь  хүндэтгэн цэцэг өргөлөө.         
Гамшигт өртөж амь насаа алдсан иргэдээ дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсонд япончууд талархаж байлаа.
  “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын дотно түнш, манай орны “гуравдахь хөрш” Япон Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн сэтгэл харамгүй тусламж, дэмжлэгт монголчууд талархаж байдаг юм.
Японы ард түмэнд тохиолдсон энэхүү гамшгийн тухай мэдээг Монголын ард түмэн  сэтгэл эмзэглэн хүлээн авч, орон даяар хандивын хөдөлгөөн өрнөж, хүүхэд залуусаас настан буурал хүртэл бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ мөнгө, хөрөнгө цуглуулж гамшгийн бүсэд илгээж байсан.
Монгол Улсын Засгийн газраас энэ гамшигтай холбогдуулан 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Япон улсын Засгийн газарт 1 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн билээ. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2  тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.     
Монголын ард түмэн цаашид ч Японы ард түмэнтэй хүнд бэрх цагт ч, хөгжлийн түүхэн үед ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ Японы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Мөн  ажилч хичээнгүй, хөдөлмөрч баатарлаг Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт бид бат итгэлтэй байгаа илэрхийлж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал 3 дугаар сарын 12-нд эхэлж байгаа ч Японы ард иргэдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд оролцохын тулд айлчлалаа нэг өдөр урагшлуулсан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш