logo
Зэвсэгт этгээдүүд Сирийн хотуудад халдлага үйлдэв

Зэвсэгт этгээдүүд Сирийн хотуудад халдлага үйлдэв

2012/03/14
Өнгөрсөн ням гарагт зэвсэгт этгээдүүд Сирийн Алеппо, Хама, Хомс хотод халдлага үйлдсэн тухай САНА агентлаг мэдээллээ.
Сирийн эдийн засгийн нийслэл гэгддэг Алеппо хотын улсын их сургуулийн өмнөх талбайд Азийн боксын аварга, ард түмний хайртай тамирчин Гияс Тейфур алагджээ. Зэвсэгт этгээдүүд түүнийг автомашиндаа байхад нь буудан хөнөөсөн байна.
Мөн Хама хотын Алгаб дүүрэгт хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, гүүр дэлбэлжээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн энэ хотод халдлага үйлдэж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийг мөрдөж байгаа бөгөөд хэд хэдэн аюултай гэмт этгээдүүдийг устгаж, зэр зэвсгийг нь хураан авсан байна.
Хомс хотод босогчид Арабын социалист сэргэн мандалтын намын хотын намын хорооны удирдагчдын нэгийг барьцаалжээ. Мөн төрийн хэд хэдэн байгууллага болон хувийн компанийн байр руу гал нээсэн байна. Түүнчлэн нийслэл Дамаск хотоос 110 км-ын зайтай оршдог өмнөд Дераа хотод зэвсэгт халдлага болсон тухай мэдээлжээ.
Сирийн цэргүүд Турктай залгаа хилийн ойролцоох баруун хойд дүүргүүдэд босогчдын баазыг устгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тусгай албаныхан Идлиб мужийн засаг захиргааны төвийн босогчдод эзлэгдсэн хорооллуудыг чөлөөх ажиллагаа явуулж байгаа ажээ. Харин Туркийн хилээс 20 км-ын зайтай оршдог Жиср-эш-Шугур хотын ойр орчмыг өөрсдийгөө Сирийн чөлөөт арми гэж нэрлэсэн босогчдын отряд бүсэлсэн байна.
Катарын телевизийн «Аль-Жазира» сувгийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт Дамаск хотын хэд хэдэн дүүрэгт зэвсэгт мөргөлдөөн болжээ. Сирид нэг хоногийн дотор 34 хүн амиа алдсан тухай тус улсын хүний эрхийг хамгаалагчид мэдээлсэн байна.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш