logo
Яагаад?...( ёгтлол )

Яагаад?...( ёгтлол )

2012/03/14
Энэ асуултыг өмнө нь өөртөө тавьж байгаагүй би, мөн ч усан тэнэг амьтан аа !... Яагаад гэдэг асуултыг төрөхдөө л тавих ёстой байсан юм. Яагаад би сайдын хүүхэд болж төрөхгүй тээврийн жолоочийн хүүхэд болж төрөв өө?...Гучин таван жил жолоо мушгиад хөдөлмөрийн баатар болох нь битгий хэл осолгүй манлай онц тээвэрчин ч болоогүй хүний хүүхэд болох гэж?...Яагаад?...Тиймээ, яагаад би хөх мөнгөн тэнгэрийн орныг эзэгнэн төрсөн хирнээ намын үүрийн товчооны даргын хүүхэд болж төрсөнгүй вэ?...Яагаад?...Яагаад хэн нэг нь миний өмнүүр орж даргын хүүхэд болж төрдөг юм бэ? Яагаад тэр нэг муу хазгай хэлтэй эрхээрээ хатсан бацаан орос цэцэрлэг, сургуульд яваад, яахаараа би ердийн цэцэрлэг бүү хэл эрхи барьсан шар чавганцыг эмээ гээд гэрийн өдөр өнжүүлэхээр бага насаа өнгөрөөв өө?... Яагаад би гэр хорооллын модон сургуульд орж, нүүрсний утаа үнэртэн, А, Б гэж алийгаа алдан халтар царайлж явав аа?...

Яагаад би цэмбээр хийсэн цэнхэр өнгийн орос форм өмсөөд, дөрвөн давхар шилэн сургуульд папа мама гээд оросоор шулганаад явсангүй вэ? Яагаад намайг зуны амралтаар Хар далайн амралтанд явуулж амраасангүй вэ? Ах эгч хоёр далай битгий хэл Хараа гол руу очиж хөлөө дүрчихээд ирье гэхэд явуулдаггүй сэн. Хар байтугай Цагаан далай байсан ч явуулахгүй байх байсан бол уу? Сургуулиа төгсөхөд минь яагаад намайг хаалгадаад гадаадад дээд сургуульд явуулсангүй вэ? Манай ах дүүс холын хамаатантайгаа нийлээд хоёр зуун хүн байдаг. Тэгэхэд тэдний дунд яамны үүдний жижүүр хийж байсан хүн ч байхгүй шүү. Сургуулиа төгсөөд ирэхэд минь арын хаалгаар яам тамгын газар яагаад хурган түшмэл болгосонгүй вэ? Таньдаг хамаатан битгий хэл сумын захиргаанд таньдаг галч ч байхгүй юм чинь...   

Гадаадад сургах нь байтугай барилгын амбаарт ч аргалаад явуулж чадаагүй шүү. Жолоочийн хүүхэд гэж хавчсан уу, золгүй амьтан гээд тоож үзээгүй юү?... Яагаад би болохоор арав төгсүүт илгээлтээр хөдөө явж, сангийн аж ахуйд саалийн үнээний саравч бариад...Яагаад Юмжаа гуайн ач хүү адилхан муу сурдаг хирнээ гадгаадад дээд сургууль төгсөөд, над шиг цэргийн алба хааж, говьд “үлэг гүрвэл” болж үзээгүй байж, цэл залуугаараа генералын мөрдөс зүүчихсэн, дээгүүр хараад дэгдэж явсан бэ? Яагаад би гурван жил бакиал зүлгэсэн атал түрүүчийн шар зураас зүүж чадалгүй халагдсан байхад Цэдэнбал гэдэг хүн маршал болчихсон манаргаж явсан бэ?

Яагаад би цэргээс халагдаад саальчин бүсгүйтэй гэрлээд, САА-н салга амбаныхаа дэргэд патиараа татуулаагүй байхад Чойбалсан гуайн хүү кинонд аавынхаа дүрд тоглож, амьтныг алмайруулж явсан бэ? Яагаад яагаад? гэсээр миний амьдрал дууслаа. Салга амбантайгаа салгалж явтал, лоозон дээр мандтугай гэж бичүүлсэн социализм гэдэг товарищ дашийн шог болдог байгаа. Араас нь зах зээл гэдэг хадны мангаа гарч ирээд, ардчилал гэдэг хулхи туг барин оройн мэдээгээр баахан дүүхэлзэж, зарна худалдана гэдэг үгээр тоглосоор жаран настай минь учруулав аа...

Яагаад би жаран насны сүүдэр зооглов оо? Жаргах гэжүү? Зовох гэжүү?... Яагаад би зуун насалж, зургаадай таяг тулж болдоггүй юм бэ? Яагаад миний хүү Очирбатын хүү шиг Наран улсад сурч, яагаад миний охин Багабандийн охин шиг Гуулин улсад суралцаагүй юм бэ? Яагаад миний хүү Наран улсад ачигч хийж, яагаад миний охин Гуулин улсад гоймонгийн үйлдвэрт зуурагч хийдэг юм бэ? Яагаад миний ач Элбэгдоржийн хүүхэд шиг Америкт сурсангүй вэ? Яагаад миний зээ Энхбаярын охин шиг Англид сургуульд явсангүй вэ? Яагаад гэдэг асуулт чинь асуугаад дуусахгүй юм байна.

Яагаад яагаад гэж асуугаад байвал янз нь цааш яваад байх аятай юм. Ямар чиг байсан би төр “түших” нэрээр түмний хөрөнгийг төмөр замын ачааны вагон вагоноор хумсалж, төрөл саднаа түнтийлгэж, төрсөн биеэ бузарласангүй. Дархан цаазтай ууландаа даварч орд өргөөгөө сүндэрлүүлсэнгүй. Ард түмнийхээ буянаар архиа адисалж, ар өврийн хаалгаар ах дүүгээ гадаадад гаргасангүй. Хэдэн үнээнийхээ дэлэнг шувталж, бидон бидоноор нь буянт малын шим цагаан сүүгээ хот руу зөөж арилжсан. Хөдөө хөхөрч, гадаа гандсаных нь хөрс шороогоо тахиж, төмс манжингаа тарьж, намрын яармагт борлуулсан.

Яагаад гэж асуухгүй, яваад л байсан. Болж байна бүтэж байна гээд бориг царайлаад зүтгээд л байсан. Гэтэл нэг өдөр үнээнийхээ баасан дээр хальтирч уналаа. Нуруугаа хугалчихав уу гэлтэй пидхийтэл унасан юм. Нүднээс гал бадарч, нүүрнээс цог улайж өвдөхийн эрхэнд би “Яагаад?” гэж чанга дуугаар хэлсэн билээ. Яагаад би нойтон баас харсангүй вэ? Яагаад би өвлийн хүйтэнд хөлдүү газар түрүүлгээ харан, хэдэн ясаа яйртал хөсөр унав аа? гээд... Яагаад мөрөөрөө явсан би хальтирч унаад, яагаад мөрөөрөө явахгүй гай болоод байгаа хүмүүс унадаггүй юм бэ? гээд...Яагаад сүлд өдрөө би сайн зүгийн тэнгэр харж байхад унаад, яагаад муу зүгийн хүмүүс час өдрөө унахгүй яваад байдаг юм бэ гэж...

Яагаад гэдэг үг я-гаар явсан ч яваад байх юм. Яагаад “ягаан” Гажид ардын жүжигчин болоогүй байхад яагаад нусан журууд төрийн соёрхол хүртдэг юм бэ гээд...Яагаад хохирогч нь хэрэгтэн болоод яагаад хэрэгтэн нь хохирогч болдог вэ? Яагаад өвчтөн нь нүд нь хөдөлж байхад яагаад эмч нар өвчний түүхийг нь хаадаг вэ? Яагаад Монгол банк дампуураагүй байхад яагаад шатахуун түгээх газрын эзэд үнээ нэмдэг вэ? Яагаад зам “нүүчихээгүй” байхад яагаад таксины “жолоочин”-гууд түгжрэлтэй замаар явдаг вэ? Яагаад улаан гэрэл асч байхад яарч сандран, хүн гэдэг баастай бурханаа мөргөн давхилддаг вэ? Яагаад хөдөө тал нь малаар дүүрэн, хөрсөн дороо эрдэнээр баян байхад ядуусын тоо нь ямбатан баяакуудаасаа олон байдаг вэ?

Яагаад гурван жаран тав хоногийн гурван зуун нь цэлмэг байдаг хөх тэнгэрийн диваажинд азотын давхар хүчлийн агууламж стандартаас их байдаг вэ? Яагаад ард түмнийхээ идэх хоолыг булаалцалдан яруу алдарт намууд нь хоорондоо гэдсэндээ хөлөө хийлцэн хор найруулдаг вэ? Яагаад үнэнийг хэлсэн нэгнээ үхэр тэргээр үнэг гүйцэхийг чинь харнаа гэж үйлийг нь үздэг вэ? Яагаад монгол хүн болж төрчихөөд төрсөн газар шороогоо харийн доншуучлагчдад найр тавин өгч, эрх мэдлийнхээ халууны солиоролд галзуугийн онигоо болдог вэ? Яагаад эх орноо худалдаж, эхнэр хүүхдээ Султаан хааны ордонд жаргаана гэж муйхарладаг вэ?

Яагаад эх сайхан орноо орхиод, эрлэг Номун хааны төрхөм шиг нүнжиггүй хүний нутаг руу хошууран зүтгэдэг вэ? Яагаад бөгсөө арчиж чаддаггүй бяруунууд бухын байдлаар баах гэж нүдний булай болдог вэ? Яагаад өөрт заяагаагүй байхад  хүний юмаар хүүдэгнэх гэж насан туршдаа элийрэн санадаг вэ? Яагаад нэгэндээ атаархаж, аль болохоор дайсагнаж явдаг вэ? Яагаад ус үзээгүй гутлаа тайлж, уул үзээгүй хормойгоо шуудаг вэ? Яагаад амьтны адаг болж архинд толгойгоо мэдүүлэн аугаа сайхан амьдралыг амьдын там болгож өнгөрөөдөг вэ? Яагаад цөөхүүлээ байж бие биенээ хайрлаж чадахгүй тэнгэрийн орон руу илгээдэг вэ? Яагаад хүн гэдэг эрдэнэт биеийг олж төрчихөөд, ойд төөрсөн сармагчин мэт орон гэрээ босгож чадахгүй мунгинаж явна вэ?

Яагаад та нарын төлөө гэж санал “булаасан” луйварчид Их хурлын паартай танхимд гэдийж суучихаад, өөрийнхөө төлөө хууль “баталж” суудаг вэ? Баталсан хуулийг нь хараарай. Их хурлын гишүүн төрийн хөрөнгө “шамшигдуулж” эдийн засгийн гэмт хэрэгт холбогдвол гишүүний бүрэн эрхийн хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэнэ. Үлдсэн хугацаанд өнөө гайхал  өчүүхэн “хэргээ” хаацайлж, хууль цагдаатай зохицоод, хожим нь хусам олж долоолгохгүй болгоно. Тендерийн хууль гэнэ.

Тэнэгүүдийг маллаж байгаа аятай. Тэгш шударгаар өрсөлдөнө гэж юу байдаг ий? Тендер зарлаж байгаа дарга нар өөрийнхөө ашгийг нэмээд, тендерт оролцогчдоос ахиухан хувь өгөх хонжоон дээрээ тендер зарлахаасаа өмнө зохицсон байдаг юм. Яагаад гэж тэнэгтэхийн хэрэг байхгүй. Ямар ч хүн дарга болохоороо мөнгөний “хараалд” өртдөг болоод тэр... Яагаад төрийн толгойд гарч суусан зальт мэхтнүүд Монголынхоо төлөө ширхэг хадаас зориулаагүй байж, улс орныхоо тусын тулд “бордсон” мэт өдөр бүр зурагтын дэлгэцээр намрын тарган тарвага дошин дээрээ нарлаад хэвтэж байгаа юм шиг голилзоод байдаг юм бэ? Зурагтаар тарган хүний “мистер” тэмцээн өдөр бүр зохиодог хэрэг үү? Худалч хүмүүсийг өөгшүүлээд олон янзын реалити-шоу ярилцлага явуулдагаа зогсоогооч ээ...

Тэд нарыг дуриагаад ач зээ минь худлаа ярихыг сураад байна... Нэг ач маань хөгшинд очоод “гадаа бороо орж байна. Угаасан хувцсаа оруулах уу?” гэсэн. “Тэг” гэсэн чинь өөдөөс нь “Дөлвөн салын нэгэн “  гээд хэлээ хазаад зугтаасан. Дөрвөн сарын хоёронд нөгөөдөхөө хэлээд гүйж явна. “Тэг” гээд хэлтэл  тэрүүлгээ хараад инээгээд унасан. Дөрвөн сарын гурванд  нөгөөхөө шулганаад ирэхэд нь самган бид хоёр “Боль, хөгшин хүн хуурдаггүй юм” гээд гаргаагүй юм. Тэгсэн чинь өдөр болгон юм угааж, нөхөртөө гаргасан уураа боок саванд гаргадаг охины минь угаасан өмд цамцыг нь бүгдийг нь бороо ороод норгосон байж билээ. Цаг уурын мэдээ хүртэл худлаа байх юм даа. Дөрвөн сард бороо орохгүй гээд байсан. Бороо ороод сүйдлэх дөхсөн.

Ууланд биднийг явуулж бугын эвэр түүлгэж захиргаадаад хямдхан үнээр хурааж авдаг засаг даргын “хулхины” жийп уулын амнаас урсаад гадаад далай “явчихсан” гэдэг юм... Банхар маань хүртэл дууриагаад хэрээ ирээд шон дээр суухад чоно гэтэж байгаа юм шиг худлаа дайрч хуцаад байна. Яагаад гэвэл хариуцлагаас мултрах нохойны “нохой” санаа. Хэрээ дагаж “хээрийн нохой” ирэх вий гэж хэрсүү загнаж буй хэрэг. Банхарын хувьд яагаад гэж асуугаад яах вэ? Яагаад гэвэл тэр шүдгүй хөгшин нохой... Яагаад? Яагаад? Яагаад?...Яагаад гэдэг асуулт яагаад ч дуусдаггүй юм байна. Хариулах нэг нь хариу өгөөрэй. Сэлэнгэ аймаг. Мандал сум. Иргэн Монголхүү.

Даваажавын Эрдэнэмөнх 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш