logo
Осамаг эхнэр нь илчилжээ

Осамаг эхнэр нь илчилжээ

2012/03/14
АНУ-ын Засгийн газар өнгөрсөн оны хавар зартай террорист Осама бин Ладенийг хөнөөсөн тухай мэдээлэхэд итгээгүй хүн цөөнгүй байсан юм. Харин Их Британийн “Daily Mail” сонинд АНУ-ын хамгийн заналт дайсан байсан Бин Ладенийг түүний эхнэрүүдийн нэг нь илчилсэн талаар бичжээ. Есдүгээр сарын 11-ний террорист халдлага үйлдсэн түүний нэг эхнэр өөр залуухан эхнэртэй нь хардахдаа Пакистанд орогнож байсан газрыг нь Америкийн тагнуулд зааж өгсөн гэнэ. Таван эхнэртэй байсан Бин Ладенийг ойр дотны хүмүүсийн нэг нь илчилсэн талаар тэтгэвэрт гарсан Пакистаны цэргийн албан хаагч Шаукат Кадир сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрээр цуутай алан хядагчийн үхлийн шалтгааныг жил орчим хугацаанд судалсны эцэст Бин Ладений анхны эхнэр Хайрия Сабер нөхрөө илчилснийг мэдсэн аж.
Исламабад хотоос 30 км зайд байрлах байранд нуугдаж байсан Бин Ладен хоёр эхнэрийн хамт амьдарч байхдаа Хайрия Саберт огт санаа тавьдаггүй байсан нь эхнэрийнх нь дургүйцлийг төрүүлж, улмаар Хайрия Сабер Тагнуулын төв газрын ажилтанд орогнож буй газраа зааж өгсөн байна. Шаукат Кадирийн хэлснээр Бин Ладений эхнэрүүдийг байцаах үеэр ийм дүгнэлт хийсэн бөгөөд зартай алан хядагч эмэгтэй хүний урвалтын “золиос” болсон ажээ.
Одоо Бин Ладений гурван эхнэр Пакистаны шоронд тус улсад хууль бусаар амьдарч байсан гэсэн үндэслэлээр хоригдож байгаа юм.
Н.Тунгалаг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш