logo
Ц.Элбэгдорж: Хариуцлага алдсан бол тэр хүн хэн ч бай, хариуцлага хүлээх ёстой. Үүнийг цагдаагаас ялгаж ойлгоорой

Ц.Элбэгдорж: Хариуцлага алдсан бол тэр хүн хэн ч бай, хариуцлага хүлээх ёстой. Үүнийг цагдаагаас ялгаж ойлгоорой

2012/03/14
Өнөөдөр долдугаар сарын нэгний үймээний үеэр таван хүний амь үрэгдсэн асуудлаар цагдаагийн дарга нарыг шүүх хурал болно. Тухайн үед ҮАБЗ-ийн гишүүн байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар гэрчээр дуудагдаад байна. Таны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр “Шүүх хурлыг нээлттэй хийх ёстой. Тэгвэл очино” гэж хэвлэлийн бага хурал дээр зарласан. Тухайн үед АН-ын дарга байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч гэрч болгож болох юм гэсэн яриа дуулдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр үдээс хойш орон нутгийн сэтгүүлчидтэй уулзахдаа илэрхийллээ.
Тэрбээр, “ Шүүх хурлыг нээлттэй, хаалттай хийх, гэрчтэй холбоотой асуудлыг зөвхөн шүүх бүрэлдэхүүн шийддэг. Шүүх хурлаа нээлттэй хийх үү, хаалттай хийх үү гэдгийг шүүх бүрэлдэхүүн шийдэхээс биш нэг дарга юм уу нэг хүн Ерөнхийлөгчид хандаад шаардчихаар нээлттэй болчихдог юм биш. Тийм ойлголт нийгэмд өгч байгаа нь буруу. Түүнийг ерөөсөө Ерөнхийлөгч шийддэггүй. Тэр бол хуулиараа бичигдсэн зүйл.
Шүүх хурлыг нээлттэй хийснээрээ их шударга хүн гэж өөрийгөө харуулах гэж байгаа бол энэ буруу. Шүүх бүрэлдэхүүн хэнийг гэрчээр дуудахаа бас шийддэг. Тэгэхгүй бол зарим нь бараг “Би очъё. Тэр очих ёстой. Нээлттэй л байвал би очино” гэж байгаа нь буруу. Хэрэв шүүх бүрэлдэхүүн гэрчээр дуудсан л бол нээлттэй ч байсан, хаалттай ч байсан та очих ёстой. Шүүх бүрэлдэхүүн ямар үед гэрчээр дууддаг юм бэ гэхээр шүүхээс гарах гэж байгаа шийдвэрт тэр гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой, тухайн асуултад тэр гэрчийн өгөх хариулт ач холбогдолтой гэж үзэх юм бол гэрчээр дууддаг. Тэр нь хуулиар зохицуулагдсан зүйл.
Манайхан хүмүүсийн сэтгэхүй дээр тоглож байна. “Шүүх хурлаа нээлттэй болго. Би гэрчээр дуудагдсан” гэж. Шүүх хэнийг ч гэрчээр дуудсан нээлттэй ч бай, хаалттай ч бай, очих ёстой. Энэ бол шүүх бүрэлдэхүүний эрхийн асуудал гэж бодож байгаа.
Цагдаатай холбоотой асуудал байна. Бас нэг буруу ойлголт яваад байх шиг байгаа юм. Цагдааг яллах гэж байна гэж. Энд Монголын цагдаагийн тухай асуудал байхгүй. Цагдааг яллах тухай асуудал байхгүй. Албан тушаалын хариуцлага алдсан дарга нарын л асуудал байгаа. Хууль хэрэгжүүлэхийн төлөө, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа, хуулиа хэрэгжүүлээд явж байгаа цагдаа нарыг харин ч урамшуулах ёстой гэж би боддог.
Төрийн өмнө тангаргаа өргөөд, тодорхой албан тушаал дээр ажлаа хийж явж байгаад хариуцлага алдсан, тэр тусмаа хүний амь нас эрсэдсэн, эрсдэхэд хүргэсэн ийм байдал дээр албан тушаалын хариуцлага алдсан бол тэр хүн хэн ч бай, хариуцлага хүлээх ёстой. Үүнийг цагдаагаас ялгаж ойлгоорой.
 Монголд олон мянган цагдаа байгаа. Тэр хүмүүсийн тухай асуудал ерөөсөө биш. Зөвхөн тэр үед хариуцлага үүрсэн, тангараг өргөсөн, тэгээд ажил хариуцаж байсан тэр хүмүүс л ажилдаа хариуцлагагүй хандсан. Тэр хариуцлагагүй хандсаны улмаас ямар ч нөхцөл байдалд бай, хүний амь эрсэдсэн нь гол асуудал. Энэ хоёрыг ингэж ялгаж харах ёстой. Манай хуулиас, хариуцлагаас бултах гэсэн хүмүүсийн хийж байгаа гол арга бол “нийтдээ л цагдаагийнхан буруутай” гэдэг. Нийгэм, төрөө хамгаалдаг, хуулиа хэрэгжүүлдэг цагдааг яллаж болохгүй. Цагдааг яллах гэсэн нэг ч хүн байхгүй. Яллуулах ч үгүй. Тийм асуудал байхгүй. Хууль зөрчсөн л бол, хариуцлага алдсан л бол албан тушаалтнууд хариуцлагаа хүлээнэ. Хамгийн гол нь хүний амь эрсэдсэн учраас тэр амь эрсэдсэн асуудал хуулиар нэхэл хатуутай байдаг. Тиймээс албан тушаалын хариуцлага л яригдаж байгаа шүү” гэлээ. 
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш