logo
Торх нефтийн үнэ 150 доллароос давж болзошгүй

Торх нефтийн үнэ 150 доллароос давж болзошгүй

2012/03/15
Ирантай холбоотой мөргөлдөөн гаарваас Брэнт маркийн торх нефтийн үнэ 150 доллар давах магадлал өндөр байгааг «Raiffeisen research»-ийн тайланд дурджээ.
Хөрөнгө оруулалтын «Barclays Capital» банкны мэдээлснээр, Персийн булангаас хоногт нийлүүлдэг нефтийн хэмжээ 400 мянгаас 300 мянган торх болж буурсан байна. Тегеран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготойг нотлохыг хүсэхгүй байгаагийн хариуд Европын Холбооны орнууд болон АНУ-аас Иранд авсан хориг арга хэмжээ ийм байдалд хүргэж байгаа юм.
«Иран, Өрнөдийн мөргөлдөөн хурцдаж болзошгүй хэмээн шинжээчид таамагласаар байна. Тийм болохоор Иран сүрдүүлсэн ёсоороо Ормузын хоолойг хаахыг ч, Өрнөдийн орнууд цэргийн ажиллагаа явуулахыг ч үгүйсгэх аргагүй» гэж илтгэлд дурджээ.
Энэ хоёр арга хэмжээний аль аль нь нефтийн үнэ өсөхөд хүргэж болзошгүйг илтгэлд онцлон тэмдэглэсэн байна. Ормузын хоолойг хаавал далайгаар тээвэрлэдэг түүхий нефтийн нийлүүлэлтийн бараг гуравны нэг нь зогсоно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Авсан арга хэмжээ Иран улсыг цөмийн зэвсэг бүтээхээс татгалзуулж чадахгүй бол АНУ цэргийн ажиллагаа явуулж магадгүйг Пентагоны тэргүүн Леон Панетта өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Дөрөвдүгээр сард нийлүүлэх Брэнт маркийн торх нефтийн үнэ гуравдугаар сарын 12-нд 124 орчим доллар байв.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш