logo
Албан бичгийн хариу ирүүлэлгүй хамгийн их хугацаа алдсан байгууллагын эхэнд Сангийн яам жагсчээ

Албан бичгийн хариу ирүүлэлгүй хамгийн их хугацаа алдсан байгууллагын эхэнд Сангийн яам жагсчээ

2012/03/16
Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын Тамгын газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болоод газар хэлтсийн дарга нартай уулзаж ярилцлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болоод УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, Байнгын хороодын зөвлөхүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд Байнгын хороодын ажлын албан дарга Д.Одсүрэн хууль, УИХ-ын шийдвэрийн биелэлтийн талаар танилцуулсан юм.
2008 онд шинэ Парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд бие даасан нийт 104 хууль батлагдсанаас тухайн хуульд нь Засгийн газар журам, дүрмийг нь батална, тогтооно гэж заасан буюу үүрэг болгосон 32 хуулийн 78 заалтыг хяналтад авчээ. Эдгээрээс давхардсан тоогоор 26 хуулийн 47 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан боловч 13 хуулийн 30 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр хараахан гараагүй байна, харин 4 хуулийн 6 заалтыг хэрэгжүүлж эхлэх хугацаа болоогүй шинээр хяналтад авчээ хэмээн тэрбээр мэдээлсэн.
Хэрэгжүүлээгүй байгаа буюу Засгийн газраас батлах ёстой журмаа гаргаагүй байгаа олон асуудал дотроос заримыг нь нэр заавал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7.3-т: “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг Засгийн газар батална”, Цөмийн энергийн тухай хуулийн 33.4-т: “Цөмийн материалыг бүртгэх, хянах журмыг Засгийн газар батална”, 39.3-т: “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журмыг Засгийн газар батална”, 42.4-т: “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрмийг Засгийн газар батална”, гэх мэтээр Улсын Их Хурлаас үүрэгжүүлсэн заалтуудыг дурдаж болохоор байна. Нэр дурдсан хуулиуд батлагдсанаас хойш 1 жил 9 сараас 2 жил 8 сарын хугацаа өнгөрч байгааг ч Засгийн газар онцгой анхаарах ёстой гэж тэрбээр хэлсэн.
Улсын Их Хурлаас тодорхой хуулийг батлан гаргамагц өмнө нь үйлчилж байсан Засгийн газрын тогтоолдоо шаардлагатай өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж хуульд нийцүүлэх арга хэмжээг авч байх шаардлагатай байгааг тэрбээр онцлон тэмдэглэж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлаас 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хуулийн 10.2-т: “Нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн сумын Засаг даргын Тамгын газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан.
Гэтэл “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар батлах тухай” Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор тамга хэрэглэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байхаар тогтоосон байгаагаас шалтгаалж сумын Засаг даргын Тамгын газрын дарга тамга хэрэглэх эрхгүй /уул нь дээрх хуулиар энэ эрхийг олгосон/ тул нотариатчийн үүргийг гүйцэтгэхдээ Засаг даргынхаа тамгыг хэрэглэж байгаагаас шалтгаалан шат дамжлага дамжих, улмаар цаг хугацаа алдах зэргээр иргэдийг чирэгдүүлэх болсон талаар хөдөө орон нутгаас тодорхой санал хүсэлтийг тавьж байсан юм. Тэгээд ч энэ хуулийг Засгийн газар санаачлан боловсруулсан тул ийм асуудлыг анхнаас нь зөв, зөрчилгүй шийдвэрлэх бүх боломж байсан гэдэг нь ойлгомжтой гэлээ.
Улсын Их Хурлын нийт 63 тогтоолын 213 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн байна. Давхардсан тоогоор 22 тогтоолын 50 заалт бүрэн хэрэгжиж, 45 тогтоолын 163 заалт буюу 76,5 хувь нь /дөрөвний нэг нь/ хэрэгжих шатандаа байна. Хэдийгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурлын тогтоолын заалт нэг бүрээр хяналтын карт нээж яам, агентлагуудад үүрэг даалгавар өгч хяналт тавьдаг боловч “хэрэгжих шатандаа” гэсэн хаяг бүхий тайланг жилдээ 2 удаа УИХ-д ирүүлсээр байгаадаа дүгнэлт хийх нь зүйтэй байгааг тэрбээр дурдлаа.
Байнгын хороодын нийт 34 тогтоолын 209 заалтаар үүрэг өгөгдөж 4 тогтоолын 21 заалт бүрэн хэрэгжиж, 29 тогтоолын 188 заалт хэрэгжих шатандаа байгаа юм байна.
Харин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээр одоогийн байдлаар үүрэг өгөгдөөгүй, харин Байнгын хороодын хуралдааны 3 тэмдэглэлээр үүрэг өгөгдсөн нь хэрэгжих шатандаа байна. Энэ асуудлын тухайд тэмдэглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөгдсөн тохиолдолд Байнгын хорооны даргын гарын үсэг бүхий албан бичгийг тэмдэглэлийн хамт хүргүүлж хяналт тавьдаг тул биелэгдээгүй гэх асуудал байхгүй аж.
2010 оны 1 дүгээр сарын 1-нээс 2012 оны 3 дугаар сарын 13-ныг хүртлэх хугацаанд явуулсан албан бичгийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзэхэд Улсын Их Хурлын гишүүдээс Засгийн газар, яамд агентлагуудад буюу 54 байгууллага, албан тушаалтанд 3327 хугацаатай албан бичиг явуулсан байна. Эдгээрийн 3109 буюу 93,4 хувь нь шийдвэрлэгдэн хариу ирж, 218 буюу 6,6 хувьд нь хариу ирээгүй, асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байна. Хариу ирсэн албан бичгүүдийн 44,2 хувь буюу 1377 албан бичигт хариу ирэх хугацаа хэтэрчээ.
Албан бичгийн хариу ирүүлэлгүй хамгийн их хугацаа алдсан байгууллагаар Сангийн яам 31 албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 29, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 17, Эрүүл мэндийн яам 12, Эрдэс баялаг, эрчим хүчний яам 10 албан бичгээр “тэргүүлж”, 50-112 хоногоор хугацаа хэтрүүлэн одоо болтол хариу ирүүлээгүй байна.
Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газарт иргэдээс нийт 2716 захидал ирүүлсний 529 буюу 19.4 хувийг судлан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилсны дотор хариу ирүүлэхийг хүссэн 35 захидал байна. Яам, агентлагуудад 14 захидал, бусад газруудад 21 захидал шилжүүлсэн байна. Яам, агентлагуудад уламжилсан 14 захидлын хариуг бүрэн ирүүлсэн байна.
Энэхүү мэдээллийн дараа ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр, хууль хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газартай холбогдон яригдаж буй асуудлуудыг анхааралдаа авч ажиллах болно гэж хэлсэн. Засгийн газрын зүгээс хяналт, үнэлгээний чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа гээд энэ чиглэлээр боловсон хүчнээ чадавхижуулах зорилгоор үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ сэдвээр 1400 гаруй хүнийг хамруулсан гэлээ.
Хууль хэрэгжүүлэх тал дээр зарим үед хүндрэл гардаг талаар тэрбээр мөн хэлж байсан. Санхүүгийн эх үүсвэрийг нь тодорхой заагаагүй зүгээр хууль, тогтоол баталчихдаг нь хэрэгжилтэд нь сөргөөр нөлөөлж байна гэлээ. Тиймээс цаашдаа төр, засгийн шийдвэрт анхаарч ажилламаар байна гэсэн саналаа ч илэрхийлэв. Тухайлбал, АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс тусламж үзүүлэх тухай хуулийг батлахдаа тэдгээр хүмүүст зориулсан тусгай зам, бие засах газар, нийтийн тээвэрт суулгах өргөх төхөөрөмж зэргийг бий болгох төсвийг нь тусгайлан тусгасан тухай тэрбээр жишээ дурдаж байсан.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Нотариатын тухай хуулийг дагалдан гарах журамтай холбоотой үүсээд буй чирэгдлийг арилгах талаар арга хэмжээ авах болно гэж хэлсэн. Тодорхой заавар журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийднэ гэлээ.
ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр орон нутагт хэрэгжихдээ бүрхэг болчихдог гэм байгааг хэлж байлаа. Тухайлбал, автотээврийн асуудал шийдэх гэхээр хоёр толгой бий болчихоод байна гэсэн маргаан гараад нэлээд хэдэн жил болж байгааг дуулгаж байлаа.
Тэгвэл БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь ч УИХ-аас баталсан зарим хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг тухай дурдаж байлаа. Тухайлбал, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд асар их техник ажиллагаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдсан. Уул уурхайн салбарт хөрөнгөө оруулсан компаниудыг судлах, шалгах гээд асар их ажил байсан хэмээсэн. Уулзалтад оролцсон Төрийн нарийн бичгийн дарга нар уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийж байсан бөгөөд ийм уулзалтыг улирал тутам явуулж байвал ажилд тустай гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж,
-УИХ-ын хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэн ярилцдаг энэ уулзалтыг хавар, намрын чуулганы төгсгөлд хийж байя гэсэн саналтай байна. Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Өнөөдрийн уулзалтад ЗГХЭГ-ын дэд дарга нар, ЭМЯ, ГХЯ, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бчигийн дарга, бусад удирдлагууд оролцсонгүй. Ажилд ингэж хандмааргүй байна. Засгийн газраас ирүүлсэн тайлангаас харахад ихэнх асуудал нь хэрэгжих шатандаа яваа гэжээ. Хэрэгжих шатандаа гэсэн том уутнаас асуудлыг гаргамаар байгааг өнөөдөр уулзалтанд оролцсон хүмүүс анхаараасай.
Өргөдөл гомдолд онцгой анхаарч ажилламаар байна. Явуулсан албан бичигт хариу өгдөггүй, хугацаа алдан хүнд суртал  гаргадаг байдлыг цэглэмээр байна. Хугацаатай 3327 албан бичгийн 218-д нь хариу ирээгүй, асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа юм байна. Хариу ирсэн албан бичгүүдийн 44,2 хувь буюу 1377 албан бичигт хариу ирэх хугацаа хэтэрчээ. Энэ бол байж болшгүй асуудал.
Өнөөдрийн уулзалтад яригдсан зүйлүүдийг Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэх болно. Өнөөдөр хэд хэдэн хүний амнаас биелэх боломжгүй хууль гэсэн үг дуулдлаа. Энэ хуулийн заримыг нь Засгийн газар санаачлан боловсруулж байгаа. Аливаа хуулийг хэлэлцэх үеэр Засгийн газар оролцдог. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын зүгээс асуудалд анхааралтай хандаж байгаач гэж хэлмээр байна. УИХ цаашдаа Засгийн газарт үүрэг өгөх болно. Түүнийг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Аливаа тайлбар хууль хэрэгжих хувь заяанд хортойгоор нөлөөлдөг шүү гэдгийг сануулах юун гэж хэлсэн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш