logo
Хууль тогтоомж гэдгийг зөвхөн УИХ-ын тогтоолоор хязгаарлаж болохгүй

Хууль тогтоомж гэдгийг зөвхөн УИХ-ын тогтоолоор хязгаарлаж болохгүй

2012/03/17
УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар өчигдөр ярицлаа. Энэ хуралд ЗГХЭГ-ын хэлтсийн дарга, ахлах референт, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцжээ. Энэ талаар байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэнгээс тодрууллаа.
-Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд хууль, шийдвэрүүдийн биелэлт хэр байв?
-Хурлаар тодорхой асуудлуудаар тухайлбал, УИХ-аас баталсан тодорхой хуулиудад Засгийн газраас журмыг нь батална гэж үүрэг болгосон заалтуудын биелэлт, УИХ-ын, байнгын хорооны тогтоолын болон УИХ-ын гишүүдээс Засгийн газар, яам, агентлагуудад явуулсан хугацаатай албан бичгийн биелэлтийн талаар ярилцлаа. 2008 оноос хойших хугацаанд бие даасан 104 хууль батлагдсанаас тухайн хуульд нь Засгийн газар журам, дүрмийг нь батална гэж заасан 32 хуулийн 78 заалт байна. Эдгээрээс давхардсан тоогоор 27 хуулийн 48 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан боловч 12 хуулийн 29 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр гараагүй байна.
-Ямар шийдвэрүүд хэрэгжиж чадаагүй байна? Хэрэгжих хугацааны хувьд боломжтой байсан уу?
-Хэрэгжүүлээгүй байгаа асууд­лууд дотроос Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7.3-т: “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг Засгийн газар батална”, Цөмийн энергийн тухай хуулийн 33.4-т: “Цөмийн материалыг бүртгэх, хянах журмыг Засгийн газар батална”, 39.3-т: “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журмыг Засгийн газар батална”, 42.4-т: “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрмийг Засгийн газар батална”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.2, 8.3-т: “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
Хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүү­лэн Засгийн газар батална”, Өрсөлдөөний тухай хуулийн 14.2-т: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газар батална”, Агаарын тухай хуулийн 20.1-д “Озон задалдаг бодис, түүнийг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон тэдгээрийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэснийг дурдаж болохоор байна. Эдгээр хууль батлагдсанаас хойш 1 жил 9 сараас 2 жил 8 сарын хугацаа өнгөрч байгааг ч Засгийн газар анхаарах нь зүйтэй. Ер нь хуулиудад заасан Засгийн газар батлах ёстой тэр хэсгийг л авч үзэхэд байдал ийм байгаа юм.
-Тэгвэл тогтоол, байнгын хороодын тогтоол, тэмдэглэлээр өгсөн үүргүүдийн биелэлт ямар байсан бэ?
-УИХ-ын нийт 63 тогтоолын 213 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн. Давхардсан тоогоор 22 тогтоолын 50 заалт бүрэн хэрэгжиж, 45 тогтоолын 163 заалт буюу 76,5 хувь нь хэрэгжих шатандаа байна. Төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, орон тоо, ажил үүргийн давхардлыг арилгах, Засгийн газрын болон түүний агентлагийн бүтэц, бүрэлдэхүүний зардал хэмнэх, ажлын давхардлыг арилгах чиглэлээр УИХ-аас 2009 онд баталсан 27 дугаар тогтоол, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” 2009 оны 45 дугаар тогтоолын биелэлт удааширчээ. Байнгын хороодын нийт 34 тогтоолын 209 заалтаар үүрэг өгөгдөж 4 тогтоолын 21 заалт бүрэн хэрэгжиж, 29 тогтоолын 188 заалт хэрэгжих шатандаа байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны харьяа “Далайн захиргаа“-ны үйл ажиллагааны талаар гаргасан “Хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар чиглэл өгөх тухай” 2009 оны 4 дугаар тогтоолд заасан эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэг бүрэн хэрэгжээгүй. Түүнчлэн Хууль зүйн болон Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан “Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний талаар” 2009 оны 13/45/12 дугаар хамтарсан тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг АБГББХ-гоор 2011 оны 4, 5 дугаар саруудад хэлэлцээд хангалтгүй гэж үзэж тодорхой үүрэг даалгавар нэмж өгсөн байна.
УИХ-ын гишүүдээс Засгийн газар, яам, агентлагуудад албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар Тамгын газрын мэдээллийг Төсвийн байнгын хороо 2010 онд сонсч, эдгээр албан бичгүүдийн 21,2 хувьд нь хугацаандаа хариу өгөөгүй байгааг цохон тэмдэглэж улмаар энэ асуудалд ажил хэрэгч хандаж байхыг анхааруулсан албан бичгийг Байнгын хорооноос ЗГХЭГ-т явуулжээ. Дээрх асуудалд УИХ-ын Тамгын газрын ЕНБ дарга ач холбогдол өгч 50 тоот захирамж гарган яам, агентлаг бүрээс албан бичгийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг улирал тутам ирүүлдэг болж дүнг гишүүдэд танилцуулж байна.
2010.01.01-2012.03.13-ны хугацаанд явуулсан албан бичгийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзэхэд УИХ-ын гишүүдээс Засгийн газар, яамд агентлагуудад 3327 хугацаатай албан бичиг явуулжээ. Эдгээрийн 3109 буюу 93,4 хувь нь шийдвэрлэгдэн хариу ирж, 218 буюу 6,6 хувьд нь хариу ирээгүй, асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байна. Хариу ирсэн албан бичгүүдийн 44,2 хувь буюу 1377 албан бичигт хариу ирэх хугацаа хэтэрчээ.
Албан бичгийн хариу ирүүлэлгүй хамгийн их хугацаа алдсан байгууллагаар Сангийн яам 31 албан бичиг, ЗГХЭГ 29, БСШУЯ 17, Эрүүл мэндийн яам 12, ЭБЭХЯ 10 албан бичгээр “тэргүүлж”, 50-112 хоногоор хугацаа хэтрүүлэн хариу ирүүлээгүй байна. Харин энэ асуудалд хариуцлагатай ханддаг НХХЯ, Батлан хамгаалах яамыг нэрлэх нь зүйтэй.
-Хууль, тогтоолын биелэлтийн тайланг сонсоод цаашид энэ асуудлаар ямар арга хэмжээ авахаар шйидэв?
-Юуны өмнө одоо мөрдөж байгаа Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам”-ыг өөрчлөх шаардлагатай гэдэгтэй санал нэгдлээ.
Хууль тогтоомж гэдгийг зөвхөн УИХ-ын тогтоолоор хязгаарласан бөгөөд үүнээс шалтгаалан дээр дурдсан 12 хуулийн 29 заалт хэрэгжээгүй байна.
Түүнчлэн зөвхөн УИХ-ын тогтоолын биелэлтийг тооцох биш бүх байнгын хорооны тогтоолуудаар болон чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг болгосон заалтуудын биелэлтийг ч энэ журамдаа нэмж тусгах шаардлагатай байна.
УИХ-д тайлан мэдээ ирүүлэх үе нь 2, 8 дугаар сард таарч чуулган завсарласан байдаг тул гишүүдийн зүгээс хяналт тавих боломж багасч, цаг хугацааны хувьд ач холбогдлоо алддаг байдал ажиглагдаж байна. Иймд тухайн жилийн 4, 10 дугаар сард биелэлтийг ирүүлдэг байхаар зохицуулах боломжийг судлан үзэхийг ЗГХЭГ-аас хүссэн юм. Ер нь ийм чиглэлийн хурлыг ойрын жилүүдэд хийгээгүй бөгөөд нүүр нүүрээ харан асуудлаа ил тод ярьж байгааг зүйтэй гэж үзэж байгаагаа оролцогчид илэрхийлж, уулзалтыг тогтмол зохион явуулахын чухлыг онцолж байлаа.
Ш.Чимэг
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш