logo
Газрыг үнэгүй болговол орон сууцны үнэ буурна гэв

Газрыг үнэгүй болговол орон сууцны үнэ буурна гэв

2012/03/17
Орлого багатай иргэдэд зориулан барих орон сууцны газар болон инженерийн шугам сүлжээний санхүүжилтыг төрөөс дэмжих нь 6 хувийн хүүтэй зээл хэрэгжиж эхлэх гэж байгаа нэ үед огцом өсч байгаа орон сууцны үнийг бууруулах нэг хөшүүрэг болох гэнэ. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Ц.Сэдванчиг нар ийм байр суурьтай байна. Тэд энэ талаараа хуулийн төсөл сааачилжээ.
Тэдний санаачилсан Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд төв, суурин газар баригдах 50 ам.метрээс доош талбай бүхий нийтийн орон сууцны хорооллын төвлөрсөн дэд бүтцэд холбогдох инженерийн шугам, сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ гэсэн заалтыг нэмэхээр тусгажээ. Харин дээрхтэй холбоотой Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд бас нэг заалт нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Уг хуульд, төв, суурин газар баригдах 50 ам.метрээс доош талбай бүхий нийтийн орон сууцны хорооллын газрыг төсөл шалгаруулах зарчмаар үнэ төлбөргүй олгоно гэсэн заалт нэмэхээр тусгажээ.
Орон сууцны тухай хууль болон Газрын тухай хууль гэсэн хоёр хуульд тус тус нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлагынхаа талаар тэд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, ядуурал, ажилгүйдэл их байгаа өнөөгийн нөхцөлд 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал ид яригдаж байгаа ч орон сууцны ханш нэмэгдэж, нийлүүлэлт нь хоцорч байгаа тул орон сууцны үнэ ханшийг буулгахаар Засгийн газарт санал оруулсан.
Орон сууцны үнийг бууруулах төрийн хамгийн оновчтой зохи­цуулалт бол орлого багатай иргэдэд зориулан орон сууцны хороолол барих тохиолдолд дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх, орон сууцны хороолол барих газрыг төсөл сонгон шалгаруулах замаар үнэ төлбөргүй олгох явдал юм. Монгол Улсын хүн амын тэн хагас нь байдаг Улаанбаатар хотын иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд оршин сууж байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг зөв зохион байгуулах нь нийслэлийн агаарын бохирдлыг ч бууруулахад чухал юм гэлээ.
Гишүүд УИХ-д өргөн бариад байгаа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхөө талаар мөн мэдээлсэн юм. Ажил амьдралын туршлага хуримтлуулж, ид бүтээдэг насан дээрээ яваа ч нас, зүсээрээ ялгаварлагдан Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа дунд насныхны эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хуулийн төслийг санаачилжээ. УИХ-д өргөн бариад байгаа хуулийн төсөлд, ажил олгогч нар байнгын ажлын байраар хангах сонирхолгүй байдаг 35-аас дээш насны эмэгтэй, 45-өөс дээш насны эрэгтэй хүнийг үндсэн ажилтнаар авч ажиллуулсан тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тухайн ажил олгогчоос сар бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна гэсэн заалт оруулж байгаа аж. Өнөөдөр манайд ажилгүйдлийн хувь өндөр байгаагийн дотор насаар ялгаварлах явдал их байгаа. Ялангуяа орон нутагт ажилгүйдэл буурахгүй байгааг насны байдлаар нь судалж үзэхэд 35-аас 55 хүртэлх насны эмэгтэй, 45-аас 60 хүртэх насны эрэгтэйчүүд дийлэнх хувийг нь эзэлж байна. Ажил олгогч нар энэ насны иргэдийг байнгын ажлын байраар хангах сониорхолгүй байдаг учир дээр дурдсан бүлэг хүмүүс Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхээ эдлэх боломжгүй болоход хүрч байна.
Нийт шимтгэл төлөгчдийн 30 орчим хувь нь дээрх насныхан байгаа болохоор тэднийг ажилд авсан ажил олгогч нарт зохих дэмжлэг үзүүлэх үүднээс энэ хуулийн төслийг боловсруулснаа Я.Батсуурь гишүүн тайлбарласан юм.
Ш.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш