logo
Ж.Дэмчигсүрэн: Д.Хаянхярваа хахууль авахыг  санал болгож байсан

Ж.Дэмчигсүрэн: Д.Хаянхярваа хахууль авахыг санал болгож байсан

2012/03/17
Засгийн газрын сайдуудыг томилох асуудалтай зэрэгцэн Хонгор сумынхны хордлогын асуудлыг дахин сөхөж гаргалаа гэж эрх баригч  Ардын намынхны хардалт сэрдэлт ид үргэлжилж  байна.  Сү.Батболдыг  бараадан албан тушаалын төлөөх горьдлого өвөрлөсөн тойрон хүрээлэгчид Хонгорынхон хордоогүй. ДЭМБ-ын шинжээчид үүнийг баталсан. Харин нам, иргэний хөдөлгөөнүүд улс төржүүллээ гэсэн  цуурхалыг зохион байгууллалттайгаар дэгдээж шударга иргэдийн дуу хоолойг зүсэн бүрийн явуулга, муу арга залиар аль хэдийнэ боомилж эхэлжээ. Цианит натри, мөнгөн усны хордлого авч эрүүл мэндээрээ хохирсон Хонгор сумын иргэд ярьж байна.
-“Эрүүл орчин, ирээдүйн төлөө”  хөдөлгөөний тэргүүн Хонгор сумын иргэн Ж.Дэмчигсүрэн гуайтай ярилцлаа.
Д.Хаянхярваа хахууль авахыг  санал болгож байжээ
“...Манай хөдөлгөөний тэргүүн Саранцэцэг, Одонтуяа нар нэг өдөр манайд гүйж ирсэн. Ч.Чүлтэмбат дарга ийм санал тавьж байна. “Хаянхярваа дарга ирээд уулз, та нарт мөнгө өгч хохирлыг чинь барагдуулья гэж байна. Харин үүний хариуд хөдөлгөөнийнхөө үйл ажиллагааг зогсоо” гэж байна гэсэн.
-Хонгорт ямар үйл явдал болов.  Юуны учир хордлогыг нуух шаардлага гарав. Таны сэтгэгдлийг сонсох нь чухал санагдлаа? 
-Ардчилсан нам засгийн газраас гарч Ардын нам нь дангаараа Засгийн газраа  авч явах улс төрийн нөхцөл байдал үүслээ шүү дээ.  Шинээр томилогдох сайдуудаа Ерөнхий сайд  Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах  хуультай. Дархан -Уул  аймгийн  засаг дарга байсан Д.Хаянхярвааг Сангийн сайдад дэвшүүлэх асуудал яригдсан.   Монгол Улсын Ерөнхийлөгч “ Д.Хаянхярваа гишүүн та Хонгор сумын иргэдтэй очиж нэг уулзаач.Надад олон иргэдийн гомдол, өргөдөл ирсэн. Хордлого авсан иргэд чинь  нас барчихаад байна. Ийм байхад та Монгол Улсын Сангийн яамыг удирдаж болох уу” гээд Хонгорын иргэд хэрхэн хордсон  асуудлыг шийдэж арга хэмжээ ав гэсэн юм байналээ.  Ерөнхийлөгчийн зүгээс  маш зөв шаардлага тавьсан.  Энэ асуудлын дагуу Хонгор суманд дарга нар хуралдах гэж байна хэмээн иргэдийг цуглуулсан. Хуралтай юм байна гээд яваад очсон чинь хурал биш байсан. Уулзалт болж хувирсан.  Ямар уулзалт вэ гэсэн чинь. Хонгор сумыг хордлоготой гэж ярьсан муу санаатай хүмүүсийг шууд хөөж, зөөж зайлуул гэсэн шаардлага тавьж эхэлсэн.  
-Хаанаас тийм үүрэг, чиглэлийг өгсөн юм бол. Энэ чинь дарамт шахалт, дарангуйлал шүү дээ?
-Аймгийн  Засаг дарга Г.Эрдэнэбат,  Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат нар тийм үүрэг өгөөгүй гэж бодож байна.  Харин Хонгор сумын Тамгын газрын дарга Лхагвасүрэн гэдэг хүн үүнийг хэлж шууд уриалсан байсан. Тэр хурал ч  юм уу уулзалт ч юм уу түүнд  очсон  иргэд бүгдээрээ үүнийг  мэдэж байгаа л даа. 
-Хонгор сумын Тамгын газрын дарга тэгж уриална гэхээр танай аймаг, сум орон нутгийн өөрөө удирдах  удирдлагын зүгээс   авч хэрэгжүүлж байгаа  бодлогын шууд илрэл гэж ойлгож болохоор. Тэгсэн хэрнээ бас  хуульд харш  гэмт үйлдэл гэж  үзэж ч  болохоор сонсогдож байна л даа.   Та үг хэлж үзэв үү.  Дарга нар чинь ямар байдалтай хандаж байна?
 -Хэлсээн. Би тэр хурал, цуглаан дээр нь юу гэж хэлсэн бэ гэвэл. “ Өмч хувьчиллаас болж ард түмний амьдрал ядуу байна. Хонгорынхон хордсон нь үнэн. Хохирсон нь ч үнэн. Тэрхүү аймшигт  хордлогыг одоо нотлон харуулж байгаа зүйл нь тухайн үед хордож, эрүүл мэндээрэй хохирсон  Хонгор сумын иргэд байна. Энэ иргэдийн эдийн засгийн болон эрүүл мэндийн хохирлыг барагдуулж өг өө. Хоёр дахь асуудал гэвэл энэ хорны асуудлыг нэг тийш үнэн зөвөөр нь шийдэж, иргэдийн эв найрамдалтай амьдрах бололцоог хангаж өг л гэсэн дээ.
-Хонгорын иргэд та нар хордсон, хордоогүй гэж талцаж хэрэлдэх хэрэг байна уу?
-Харин тийм ээ. Бид Хонгорчууд хэрхэн хордсон тухайгаа ярьдаг. Ярилгүй яахав ээ. Харин дарга нар хордоогүй гэдэг. Үүнийг л хэрүүл гэж яриад байгаа. Би хэрүүл биш яригдах ёстой  асуудал гэж үздэг. Одоо тэр мөнгөн  ус,  цианит натрид хордоогүй  гэж сурталчилж, рекламдаад байгаа  албан тушаалтнуудад хатуу хариуцлага  хүлээлгэх ёстой. Орон нутгийн засаг захиргаа, төрийн хууль хяналтын зүгээс  арга хэмжээ авч өгөх  цаг нь болсон байхаа. Бүхэл бүтэн сум суурингаараа хордоод байхад үгүй ээ гэж хэлдэг эдгээр хүмүүсээс болж өвчин газар авч,  Монгол Улсад аюулын харанга дэлдэж байгаа. Энэ хорны асуудлаар  гоё сайхан реклам хийж, гайхуулж   байсан хүн ч бий.  Жишээлбэл хувьдаа “Унаган төрх” хоршоололтой,  МАХН-ын ууган гишүүн Банзрагч гэдэг хүн, “Ах нь дээр үед мөнгөн усаар малын өвчнийг эдгээж хэрэглэж байсан. Мөнгөн усанд ямар ч хор байдаггүй. Би хоёр гар дээрээ барьж мал эмчилж байлаа. Ийм хоргүй юмыг хортой гэж яриад байгаа муу санаатай нөхдүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй. Эдгээр нөхдүүд сум орон нутгийн хөгжилт, тохижилтыг үймүүлж байна” гэж уриалсан.Түүний энэ рекламыг үзсэн Хонгорчууд хордсон иргэд маш ихэд эгдүүцэж  зэвүүцэж  бас харамсаж байсан.  Бид яахав үхээд өнгөрдөг юм байж. Монголын маань хойч ирээдүй маань яах болж байна вэ. Мөнгөн усыг хортой гэдгийг эрдэмтэд баталж, нотлоод дэлхий нийтээрээ татгалзаж байна.  Цианит натри бол хүчтэй хордуулагч бодис.  Цэрэг дайнд хэрэглэж байсан химийн зэвсгийн төрөлд багтдаг  хүчтэй хордуулагч энэ  бодисыг тарааж, цацсан тэр хүмүүс ямарч гэм зэмгүй   өнгөрч байгаа нь шударга ёсонд нийцэнэ гэж үү. Тэгээд бас  болоогүй ээ. Хоргүй юмаа гээд ухуулж сурталчилаад байгаа шүү. 
-Төр засаг арга хэмжээ авч 2007 онд саармагжуулалт хийсэн юм биш үү?
-Мөнгөн ус, цианит натри  гэсэн байх аа. Нэг бодисоор түр саармагжууллаа гэсэн. Яаж саармагжуулсныг мэдэхгүй. Иргэдийн нүдэнд дээр саармагжуулж байгаа ажил нь харагдаагүй. Саармагжуулсан гэж яриад байгаа болохоос биш бүрэн алга болсон гэсэн үг биш шүү дээ. Тэр бодис нь мөнгөн ус, цианит натрийг хэдэн жил саармагжуулж барих юм бэ.Би засаг захиргаанаас  шаарддаг юм. Иргэд чинь Хонгор суманд амьдарч болдог юм бол. Амьдарч болно гэсэн баталгааг нь гаргаад өг.Бидний хохиролыг  бүрэн барагдуулж өгөх хэрэгтэй. Хөгшин настай, над шиг хүмүүс нь дүүрсэн хэрэг. Арван жилийн хүүхдүүдэд маш их харамсдаг. Сургууль 2006 оны хавар засвар хийхдээ мөнгөн устай хортой шороог хүүхдүүдээр үүрүүлэн зөөлгөж хоёр ангид засвар хийсэн байгаа. Тэр хоёр ангиас мөнгөн ус маш их хэмжээгээр илэрсэн. Тэр үед тэнд суралцаж байсан. Одоо суралцаж буй хүүхдүүд мөнгөн усанд хордоогүй гэсэн баталгаа байхгүй. Хүүхдүүд болсон хойно юу ч мэдэхгүй яваа.Хожим хойно эрүүл мэндэд нь хохирол учруулж таарна. Тийм болохоор би тэр үед суралцаж байсан болон одоо  суралцаж байгаа бүх хүүхдэд төр анхаарлаа хандуулаач болдог бол нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Сонгууль ойртож байгаа болохоор Д.Хаянхярваа гишүүнийг сайд болгохгүй.  Нэр хүндийг нь унагах зорилгоор Хонгорын хорны асуудлыг сөхөж, улс төржүүллээ гэсэн яриа гараад байгаа л даа. Хэр зэрэг ортой асуудал вэ?
-Би Д.Хаянхярвааг дэмждэг. Дарга  гэж хүндэлж явдаг хүн. Миний мэдэхээр Д.Хаянхярваа 2004 оны УИХ-ын сонгуулиар Цэрэнбалжиртай өрсөлдөж ялагдсан. Тэр үед Д.Хаянхярваа гишүүнд гарах боломж байсан. Дарханы болон Хонгор сумын 65 мянган иргэдийг ажлын байртай болгосон гэж худал ярьсан  болохоороо  ялагдсан юм. Харин 2008 оны сонгуульд  Д. Хаянхярваа даргыг арай ч УИХ-ын сонгуульд дэвшихгүй байх гэж зарим хүмүүс таамаглаж байсан. МАХН, Хонгорыг  будилаантай байхад, ийм муу, муухай юм хийсэн байхад арай ч намаасаа дэвшүүлэхгүй байх даа гэж  харж суусан. Зарим хүмүүс бүр ярьж байлаа.Гэтэл МАХН-аас Д.Хаянхярваа  даргын нэр дэвшээд ирсэн. Дэвшээд ирэхэд нь Хонгорын ард түмэн, би ч гэсэн  та Хонгорыг хордуулсан дарга. Та нэр дэвших эрхгүй гэж хэлж яриагүй. Улс төржөөгүй. Улс төржих байсан бол энэ хариуцлагагүй даргыг хүчирхэг том МАХН нэр дэвшүүлж гаргаж болохгүй гэж татгалзах байсан. Бид татгалзаагүй. Харин би Д.Хаянхярваа даргад хүсэлт тавьж байлаа. “Та УИХ-ын гишүүн болоорой. УИХ-ын гишүүн  болсныхоо дараа Хонгор сумаас нэг хүнийг гадаадад цианит натри мөнгөн усны талаар мэргэжил эзэмшүүлж өгөөрэй. Хонгорын хойч ирээдүйд хэрэгтэй” гэж хүсэлт гаргасан. Хаян дарга тантай санал нэг байна гэж хүлээж авсан.
УИХ-ын гишүүн болсныхоо  дараа уулзалт хийхэд Мөнхбат гэдэг залуу “нөгөө Хонгорын хор юу болж байна вэ” гэж асуусан. Гэтэл Хаян дарга “Хонгор хордож, хохирсон нь үнэн. Хүнд хэцүү үеийг давсан туулсан. Үүнд нь би их баярладаг. Одоо ингээд дажгүй. Та нар цаашдаа ингээд амьдар. Харин одоо надтай юм ярих гэж байгаа бол би өндөр албан тушаал, хэргэм зэрэгтэй болсон. Та нар миний зиндаанд хүрэхгүй шүү дуугүй байгаарай” гэсэн. Тэгж хэлээд гараад явчихсан. Хонгорын хор сонгуультай ямар ч хамаагүй.
-Хонгорын хор одоо ямар төвшинд байгаа юм. Дахин илэрч хүмүүс хордоод байгаа юм уу?
-Хонгорт хор илэрсэн гэдгийг би битгий хэл, Монгол Улс, ДЭМБ ч баталж чадахгүй байна.Гэтэл иргэд нь хордоод, ходоод гэдэс нь өвчлөөд өнгөрсөн. Одоо харин тэр хоронд хордсон, хохирсон иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, хохиролгүй болгож өг. Дахин энэ хорыг хэрэглүүлэхгүй байлгах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд албан тушаалтан, төр засаг л анхаарах хэрэгтэй. Өөр надад хүсэх, хэлэх юм алга.
-Яг одоо тэгээд Хонгорт хордоод байгаа хүн байна уу?
-Хордоод байгаа хүн байгаа, байхгүйг эмч нар л мэдэх байх. Хоёр хүн нэг тогооноос адилхан хоол идчихээд нэг нь хордлого авч үхдэг. Нөгөөх нь хорддоггүй тохиолдол зөндөө л байдаг шүү дээ. Бид сайн дураараа хордоогүй. Төр захиргааны хариуцлагагүй байдал,  албан тушаалтан хүний үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд. Тэр хордсон хохиролынхоо хэмжээг л авмаар байна. Авна ч  гэж тэмцэнэ. Цаашид ч тэмцэх ч болно. Тэрнээс биш бидэнд тэр улс төр,  хэн буруутай. Хэн хордсон хордоогүй нь ердөө ч хамаагүй.  Би хордсон хүнийг чи хордоогүй гэж хэлж чадахгүй. Огт хордоогүй хүнийг чи хордсон гэж хэлж чадахгүй шүү дээ. Би бол энэ биеэрээ  хордсон хүн.
-Танд хордлогын ямар шинж тэмдэг илрээд байна вэ?
-Би эрүүл саруул хүн. Эмнэлгийн хаалга татаж үзээгүй хүн. Гэтэл гэнэтхэн дээшээ, доошоо гүйлгээд хордлогонд орсон. Надад 09 залгасан. Намайг Дарханы эмнэлэгт хэвтүүлэхэд элгэнд маш их өөрчлөлт гарсан байна гэсэн.
-Хэзээ тэр вэ?
-2007 оны нэг сарын үед. Эмнэлэгт би 10 гаруй хоног эмчилгээ хийлгээд овоо гайгүй нааштай болсон. Түүний дараа Улаанбаатар хотод Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт очиж дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэсэн юм. Элэг, бөөрөнд чинь их өөрчлөлт байна гэсэн. Түүнээс хойш би байнга сувилалд явж элэг, бөөрөндөө эмчилгээ хийлгэж байгаа. Ходоод бол яахав өвдөх үедээ өвддөг л юм. Эмч нараас зөвлөгөө авч, тэдний бичсэн эмийг л ууддаг.
-Одоо танд ямар зовиур байна вэ. Биеэр чинь туурсан тууралт байна уу?
-Зовиур гэвэл элэг, бөөр байнга өвдөнө. Одоо бол биеэр туурсан тууралт байхгүй. Тухайн үед биеэр туурсан тууралт байсан. Эмчид үзүүлсэн чинь “Чонын шаруус” гэсэн.
-Танай гэр орны хүмүүсээс хордсон хүн байна уу?
-Манай гэр бүлийн хүн тухайн үед асар их хордсон. Зүрх судасны эмчийн хяналтанд группэд байдаг. Зүрхэнд нь өөрчлөлт орж томорсон байгаа.
-Хонгорын хордлого дээр улс төржөөд байгаа 22 хүн байдаг. Бусад хүмүүс нь огт хордоогүй гэх юм. Хордсон ийм цөөн хүн байдаг юм уу?
-Миний дуулснаар их бага хэмжээгээр хордсон 1335 хүн байдаг юм. Тухайн үед эмнэлэгт гурван сар зогсоо зайгүй эмчлүүлсэн.Улс төржөөд байгаа 22 хүн гэдэг нь эрүүл мэндийнхээ төлөө үнэн юмыг хэлж, тэмцэж буй хүмүүсийг хэлээд байгаа юм. Энэ хүмүүс дотор улс төрийн албан тушаал руу очих гэсэн нэг ч хүн байхгүй.
-Хонгор хордсон, хордоогүй гэдэг маргаан үргэлжлээд байгаа нь хордсон хүмүүсийн эрүүл мэндэд төр засаг анхаарал хандуулахгүй байгаад байгаа юм аа даа?
-Энэ маргаанд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс орж маргадаг нь буруу юм. Хувь хүн өөрөө л эрүүл мэндийн байдлаа мэдэж байгаа. Тэрнээс биш хөндлөнгөөс гаднаас нь хараад хордсон, хордоогүй гэж хэн нэгэн сум, аймгийн дарга, улс төрийн ажилтан нар дүгнэж болох асуудал биш.Иргэд хордох нөхцөл байж уу. Хор нь байсан юм уу.Үгүй юм уу гэдгийг тогтоох ёстой. Хонгорын иргэд хордсон хохирсон нь үнэн. Энэ бол найдвартай үнэн асуудал.
-Ургийн гажигтай хүүхдүүд төрөөд байгаа гэсэн. Одоо төрсөөр л байна уу?
-Одоо тийм хүүхэд гарч байгаа, үгүйг нь би мэдэхгүй. Тэр хор гарсны дараа нэг хүүхдийг өөрийн нүдээр харсан. Нэг казах хүүхдийн нуруун дээр хавдар шиг юм гарсан байсан юм. Тэр хүүхэд их зүдэрсэн. Аав, ээж нь болон ар гэрийнхэн их л зүдэрсэн дээ. Хүүхдийн эцэг нь голомтонд ажиллаж байсан юм билээ.Тэр талаараа шүүх хурал дээр тэр залуу айгаад мэдүүлэг өгөөгүй. Харин  нь эцэг нь мэдүүлэг өгсөн. Миний хүүхдийг айлган сүрдүүлж байна.Тийм учраас би мэдүүлэг өгч байна гэсэн. Шүүх түүнийг нь тоогоогүй. Хавтас хэрэгт тусгагдаагүй хэрэг гээд авч хэлэлцээгүй. Тэр казах залуугийн өвчтэй хүүхэд нас барсан гэнэ лээ.
-Саяхан танай сумын дотуур байранд  казах хүүхэд крантнаас ус уугаад хордсон гээд байсан. Энэ яг үнэн юм болов уу?
-Би түүнийг сайн мэдэхгүй юм. Манай сум шинэ худагтай болоод усан хангамж сайжирсан гэсэн шүү дээ. Гэхдээ Сансар, 22, Хойд древеньд усан сан барьж сольсон болохоос биш. Хараагийн тэр хавь Баруун древеньгийн усыг сольж өгөөгүй. Манай сумын ус цэвэршүүлэх байгууламж нь ажилладаггүй шиг байгаа юм. Тэр хүүхэд уснаас болсон юм уу. Өөр юмнаас хордсон юм уу гэдгийг би мэдэхгүй.
-Шинэ худгийг хаана барьсан юм бэ?
-Хараа голын эрэг дээр  Амгалан толгойн хажуухан талд барьсан гэдэг. Би худгийн инженерээс хэдэн метр өрөмдөж гаргасан юм гэж асуусан. Надад тэр хэлэхдээ 10 метрийн гүнээс гарч байгаа юм гэсэн. Сумын Засаг дарга болохоор 25 метр гэх. Тэгэхээр энэ хөрсний ус бүхий худаг  юм уу гэж би дотроо боддог.
-Таны гурилын тээрэм яагаад зогссон юм?
-Хонгорт хор гарсан 2007 онд л зогссон. Би 2006 оны хавар Архангай аймагт 20 тонн гурил борлуулчихаад ирсэн юм. Намар ахин гурил борлуулах бодолтой байсан. Гэтэл манай энд хор алдагдсан. Хүмүүс ч өвчлөөд эхэллээ. Бидний тарьсан ногоо ч эвгүйдээд явчихсан. Тийм болохоор нь би эргэлзээд хор үйлдвэрлэж эрүүл хүмүүсийг хордуулаад яахав гээд больсон. Гурил авдаг хүмүүстэйгээ холбоо барьсан. Найз нь гурилаа аваад очих уу, яахав гэсэн. Тэд бид авмаар л байна.  Үр хүүхэд маань “Хонгорт цианит натри, мөнгөн ус алдагдсан байхад заавал тэндээс гурил авч яах юм”. гээд дургүйцээд байна гэж хэлсэн. Тэгээд л тээрмээ зогсоосон. Ашиг орлогоо бодоод өөр газар руу шилжиж болох л байлаа. Энэ нутагтаа дассан болохоор орхин явж чадахгүй юм.
-Та одоо хэрхэн яаж амьдарч байна вэ?
-Би ч өмчилсөн газаргүй. Хүүхдийнхээ хашаа, байшинд амьдардаг. Эд хөрөнгө гэхээр хэдэн үхэр байна. Өнөөдөр авч байгаа тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй. Дээрээс нь эрүүл мэндээ алдчихсан сууж байна. За тэр эд хөрөнгө ч яахав. Нэг л юм аа алдаа биз. Эрүүл мэндээ алдаж байгаа минь. Бүгдийг алдаж байгаа гэсэн үг. Үр хүүхдээ зовоохгүй эрүүл саруул байвал зүгээр юмсан гэж айгаад байх юм. Хүүхдүүд хот руу шилжүүлнэ гээд л байдаг. Би болохоор эндээ л баймаар байна. Сумын захиргааны хүмүүсээс Хонгорт хүн амьдарч болно гэсэн баталгаа гаргаж өг гэдэг.
-Аймаг, сумын дарга нар олигтой арга хэмжээ авахгүй байна гэсэн үг үү?
-Яг ч тэгж хэлж болохгүй л дээ. Хордлого гарсны дараа аймаг, сумын дарга нар, хүнс хөдөө аж ахуйн хэлтсийнхэн сайн арга хэмжээ авч байсан. Бас ч бүгдийг нь харлуулж болохгүй. Аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат Хонгорын төлөө их санаа зовж явдаг хүн үүнийг бид мэднэ. Тийм болохоор би чимээгүй байсан. Гэтэл 2008 оны сонгуулийн бохир заваан асуудал байдаг юм.
-Сонгуулиар ямар бохир, заваан асуудал гарсан юм бэ?
-Энэ асуудлаас болоод би 19-ний цуглаан дээр дуугарсан. Манай хөдөлгөөний тэргүүн Саранцэцэг, Одонтуяа нар нэг өдөр манайд гүйж ирсэн. Ч.Чүлтэмбат дарга ийм санал тавьж байна. “Хаянхярваа дарга ирээд уулз, та нарт мөнгө өгч хохирлыг чинь барагдуулья гэж байна. Харин үүний хариуд хөдөлгөөнийнхөө үйл ажиллагааг зогсоо” гэж байна гэсэн.
-Та нар ямар нэртэй хөдөлгөөн байгуулсан юм. Хэдэн гишүүнтэй вэ?
-“Эрүүл орчин, ирээдүйн төлөө” гэсэн нэртэй. Манайх 30 гаруй гишүүнтэй. Одоо ч манай хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Д.Хаянхярваа гишүүн тэгээд мөнгө өгсөн үү?
-Бид зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй их, бага хэмжээтэй мөнгийг аваад дуугүй байж болохгүй. Бидний цаана Хонгорын иргэд, үр хүүхэд минь байна. Найз, нөхөд, ах, дүү садан төрөл бий. Тийм учраас би Хаян даргатай өөрийн биеэр очиж уулзья гэж тэр хоёртоо хэлсэн. Тэгээд нөгөө хоёрыгоо дагуулаад явсан. Ч.Чүлтэмбат даргатай бол би уулзаагүй.Биднийг Хаян дарга хүлээж аваад, бид хоорондоо ярилцсан. Би хэлсэн та ийм санал тавьсан юм байна. Үүнийг чинь Ч.Чүлтэмбат дамжууллаа. Та тэгээд хэдэн төгрөг өгөх гэж байгаа юм. Би зөвхөн хөдөлгөөний 30 хүнд биш. Хонгор сумын бүх иргэдэд 10, 10 сая авах болзол тавимаар байна. Миний энэ болзолыг хүлээн зөвшөөрч байгаа бол ард түмнийг цуглуулаад ярилцъя гэсэн. Гэтэл Хаяндарга юу ярьж байгаа юм. Надад тийм их мөнгө байхгүй. Би тийм саятан, тэрбумтан биш гээд уурласан.
-Энэ хэдэн онд болсон үйл явдал вэ?
-За байз 2008 оны уу, 2009 онд ч билүү дээ.
-УИХ-ын гишүүн болсон байсан уу?
-Өө тийм УИХ-ын гишүүн болоогүй байх даа. Тэгээд надад уурлаад өрөөгөө түгжээд гарсан. Сонгуулиас өмнө юм байна. Би араас нь гарсан. Чи юундаа зугтаагаад байгаа юм. Хоёулаа ярих юм аа ярья гээд дагасан. Захиргаанаас гараад машиндаа суусан юм. Би чамайг албан контороос чинь хөөж гаргаагүй. Чи иргэн хүнд хариулт өгөх ёстой гэж хоёулаа маргасан.Тэгээд дарга хаалгаа хаагаад хөдөлсөн. Би Хонгор руугаа буцсан. Түүний дараа иргэн Дэмчигсүрэн гуай, Саранцэцэг нар Хаян даргаас 10 сая авч хөдөлгөөнөө тарааж дуугүй болъё гэжээ гэсэн цуу яриа гарсан. Өөрсдөө тийм санал оруулсан. Хаян даргаас мөнгө авах гэж очсон гэсэн гэх яриа дэлгэрсэн. Тэр яриаг Д.Хаянхярваа дарга мэдээж гаргаагүй. Хаян дарга эр хүн юм чинь арай ч тэгж ярихгүй байх. Бид хоёрыг хотын захиргаа, гудамжаар маргалдаж явахад харсан, сонссон хэн нэгэн тийм цуурхал гаргасан байх. Тухайн үед ч би тоогоогүй, Одоо ч үүнийг тоодоггүй. Харин намайг дуугүй байгаад байхаар хүмүүс Дэмчигсүрэн гуай Хаян даргаас 10 саяыг авчихсан болохоор чимээгүй байна гэж харддаг юм шиг байгаа юм. Зарим хүмүүс тоглоом, шоглоомоор хэлдэг. Зарим нь далдуур ярьж байдаг. Би 10 саяыг ч аваагүй. Надад Хаян дарга ч өгөөгүй. Хоёулаа тэгж хэрэлдээд салсан.Би дарга нарт загнуулж л байдаг юм. Юу ч бодож санадаггүй. Би иргэдийн төлөө, эрүүл мэндийнхээ төлөө ярьж яваа. Би чиний суудлыг авна. Чи огцор гэж байгаа биш. Дарга нарыг муу хэлж яриад явах шаардлага надад огтхон ч байхгүй. Тэр битгий хэл тэр хор тавьсан хүмүүсийг ч муу хэлэх юм алга. Хөөрхий зайлуул яахав. Ажлын байр бий болгож, ашиг олох санаатай чулуу олж ирээд угаасан хүмүүс.
-Хонгороос хэр олон айл нүүсэн бэ. Танд багцаа тоо байна уу?
-Олон айл нүүсэн хэд гэдгийг нь яг сайн мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар шилжүүлгээ аваагүй айлууд Улаанбаатарын Баянхошуунд байгаа.  Урд древеньд байсан Сономын Нацагдорж гэдэг хүн надад ярьсан. “Хорноос болж үнээнээс минь улаан өнгөтэй сүү гараад тариа хийж байж гайгүй болголоо. Гэтэл эхнэр маань бас өвчдөөд байх юм. Одоо би энд суугаад байх хэцүү байна. Эхнэрээ аваад явлаа. Шилжүүлэг энэ тэрийг хөөцөлдөхгүй, орхиод явахаас” гэж байсан.
-Хонгорт болсон шүүх хурлын тогтоол ямар байдлаар гарсан юм бэ?
-Хонгорт хор алдсан нь үнэн. Хор хэрэглэсэн нь үнэн гэдгийг тогтоосон.Анхан шатны шүүх хурлаас Батболдод зургаан жилийн ял  өгсөн байх. Гадаадын хоёр иргэнд долоон жил өгсөн санаж байна. Хонгор сумын ИТХ дарга байсан Энхболдыг ажлаас нь халж тэнсэн ял өгсөн байх. Лхагвасүрэнг ажлаас нь огцруулж байсан. Энэ үеэр Монгол Улсын хуульд аймшигтай эмгэнэлтэй нэг юм болсон юм. Тэр нь юу вэ гэхээр албан тушаалтан, төрийн албан хаагчдад ногдуулах ялын заалт, зүйл ангийг манай Хууль зүйн яам хулгайд алдсан юм гэнэ лээ.Хэд гэлээ дээ. Ганцхан тэр зүйл ангийг нь хэн ч юм мэдэхгүй. Хулгайч аваад явчихсан байсан гэсэн. Зүйл анги нь байхгүй болохоор төрийн өндөр албан тушаалтантай тооцоо хийж болохгүй байна гэж шүүх хурал дээр шүүгчид хэлсэн. Монголын хуулийн заалт хулгайд алдагдаад байдаг нь ямар учиртай юм бүү мэд. Олдсон олдоогүйг нь мэдэхгүй. Тэрнийг нь би гайхаад байдаг юм.
-Дараагийн шатны шүүх хурлын тогтоол нь хэрхэн гарав?
-Дараагийн шатны шүүх хурлаар Батболд давж заалдсан юм. Монгол Улсын хуулиар хохирогч нарын өмгөөлөгч байхгүй тохиолдолд шүүх хурлыг хийж болохгүй байх гэж бодоод очсон. Гэтэл шүүх хурал болж Батболдын хэргийг хэрэгсэхгүй болгож гаргасан. Түүнийг цианит натри, мөнгөн усаар алт угаагаагүй гэж дүгнэсэн.Үүнд нь бид баярлаж л байсан. Тэр яахав байраа л түрээслэсэн хүн шүү дээ. Түүний буруу гэж юу байхав. Хороор алт угаана гэдгийг нь ч мэдээгүй л байсан байх. Харин тэр хурал дээр харамсалтай нь хоёр хөлсний ажилчин Хятадын иргэнд гурван жилийн ял өгсөн. Зайлуул тэр хоёр Хятадаас Монголд ирээд алт угааж байсан юм гэнэ лээ. Гол нь тэрний цаад талын эзэн нь ерөөсөө гарч ирээгүй. Тэр шороог авчирсан хүмүүс ч таг чиг. Тэр хоёр хятад шүүх хурал дээр хэлсэн. Бид хоёр хөлсний ажилчин. Манай эзэн байхгүй байна. Бид мэдэхгүй гэсэн.Харин тогооч хийж байсан гээд гурав дахь хятад нь цагаадаад гарсан. Төрийн албан хаагч дарга нар хуулийн заалт хулгайд алдсан гээд зүгээр өнгөрсөн. Оргил, Тунгалаг хоёр болохоор бид цианит натри, мөнгөн усыг хортой гэдгийг нь мэдээгүй. Хужаа нарыг авчирч өг гэхээр нь авчирч өгсөн. Хонгорын ард түмний хохирлыг барагдуулж өгье гэж шүүх хурал дээр дуугарч байсан. Тэрийг нь шүүх хэрэгсээгүй. Тэр хоёрт хэдэн цаасны торгууль тавиад л өнгөрсөн. Ингээд Хонгорын хордсон иргэд мартагдаж бүдгэрээс өдийг хүрч байна. Ирээдүйд дахин битгий цианит натри, мөнгөн усны хэрэг гараасай гэж залбирч сууна. Гэтэл МАН-ын гишүүд мөнгөн ус хоргүй гэж рекламдаж ард түмний тархийг угаагаад байх юм. Энэ л аюул байна. Үүнээс би айж байна. Хойч үе минь. Эх орон минь химийн хоргүй. Цэвэр сайхан байвал үр хүүхдэд минь аштай юу. Ахмадууд бид нар өөр юу чадав дээ.
-Танай хөдөлгөөнийг би сайн мэдэхгүй юм. Сая л танаас сонслоо. Хонгорын бүлэг зохион байгуулалтай 22 хүн нь танай хөдөлгөөний хүмүүс юм биш үү?
-Үгүй яахав дээ. Тэгж үзэж болох тал байгаа юм байлгүй. Бид нар бол зохион байгуулалтай биш. Харин ч Хаян даргыгаа сайд болгохыг бодож байгаа. Нэгдүгээр нутгийн юм. Хоёрдугаарт олон унаж, босч байгаад УИХ-д очсон юм. Ижил сүрэгтэйгээ очиж нийлэх гэж мөн ч их тэмүүлсэн юм зайлуул. Тэрэндээ хүрсэн юм. Монголчууд гүйж яваа морийг замд нь хорьдоггүй биз дээ. Юманд хүрэх гэж байгаа хүний замд нь чөдөр тушаа болж юу гэж саатуулах вэ. Гишүүн болсныг дараа би нэг уулзалтанд суухдаа миний тавьсан хүсэлт юу болж байна вэ гэж Хаян даргаас асуусан. Гэтэл хажуугаас нэг хүн “Чи хахууль, луйвраар гарсан” гэж хэлсэн чинь уурлаад “Би өнөөдөр албан тушаал, хэргэм зэрэгтэй болсон хүн. Надтай та нар яриад юу олж долоох юм. Чамайг шүүхэд өгнө” гээд Мөнхбат гэдэг хүнийг шүүхэд өгчихөөд яваад өгсөн.
-Тэр Мөнхбат гэдэг хүн Хонгорт одоо байгаа юу?
-Мөнхбат Хонгорт байхгүй. Гахайн ферм нь устаад, бие нь муудаад тэгээд яваад өгсөн. Хаян дарга Мөнхбатыг шүүхэд өгсний дараа шүүхээс хүн ирж надаас юм асуусан. Мөнхбат УИХ-ын гишүүний халдашгүй эрхэндхалдсан байна. Та тэр хуралд байсан юм уу. Та хөдөлгөөний хүн байна гэсэн. Хурал дээр л Мөнхбат УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж доромжлоогүй. Харин “Та хахууль аваад УИХ-д гарсан. Ч.Чүлтэмбат даргын суудлыг та хахуулиар өгч Засаг дарга болгосон. Одоо Хонгорын хорыг та яах гээд байна аа. Үүнийг шийдвэрлэж өгөөч” гэж хэлсэн. Гэтэл Хаян дарга “би хахууль авсан юм уу. Чи нотлох баримтаа гаргаад ир. Чамайг чадна шүү. Шүүхэд өгч суулгана. Би албан тушаал хэргэм зэрэгтэй болсон хүн” гээд хаалгаа шидчихээд гараад явсан шүү дээ” гэж хэлсэн. Үүнийг Хонгорын бүх хүмүүс мэдэж байгаа гэж шүүхийн хүнд хариулсан.  Тэр шүүхийн асуудал чухам юу болж өнгөрснийг бүү мэд. Би асууж сонирхдоггүй.
-Мөнхбат хаашаа явсан юм бол?
-Түүнийг би мэдэхгүй. Хор гарахаас өмнө Мөнхбат гахайн ферм, газар тариалангийн талбайтай байсан. Амьдрал нь овоо сайхан тэгширч явсан. Гэтэл гахай нь хордож устаад, өөрийнх нь биеэр юм туураад, гахайгаа дуусгаад, хөрөнгөө бараад л яваад өгсөн.Ч.Чүлтэмбат даргын томилгооны талаар Мөнхбатын хэлсэн үгийг би одоо хүртэл бодоод л байдаг юм. Сумын Засаг даргыг сонгоход одоогийн сумын ИТХ-ын дарга Содномпунцагийг МАН-аас дэвшүүлсэн. Гэтэл тэр өдөр аймгийн бүхэл бүтэн цагдаагийн бүрэлдэхүүн ирж Хонгор сумын сургууль, Соёлын төвийг бүслэн, хамгаалж байгаад Ч.Чүлтэмбатыг Засаг даргаар тавьсан. Иргэд тэгэхэд бид сумаа гэсэн сэтгэлтэй. Сумынхаа амьдралыг мэддэг. Цаашид аваад явж чадах хүнийг Засаг даргаар тавимаар байна гэсэн.
-Та иргэн хүний хувьд Ч.Чүлтэмбат даргыг хэр сайн ажиллаж байна гэж боддог вэ?
-Ажлын хувьд өөрийнхөө чадал чинээгээр ажиллаж байгаа байх. Ажил хийгээгүй. Юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Ажил хийж байна уу гэхээр хийгээгүй юм шиг. Хийгээгүй юм уу гэхээр хийгээд байгаа юм шиг л байгаа. Намайг хүртэл хүмүүс ярьдаг. Дэмчиг гуай та амьд юм уу гэдэг. Харагдахгүй юм гэх нь бий. Яг л үүнтэй ижил юм уу даа. Ч.Чүлтэмбат дарга сайныг нь сайн, мууг нь муу хийгээд л явж байгаа. Сайн тал нь гэвэл сумын тохижилт, байр орон сууцны дээвэр энэ тэрийг засч янзлаад явж байна. Муу нь юу вэ гэвэл хордсон, хордоогүй гэж яриад байгаа энэ хэдэн хүмүүсийн асуудлыг нэг тийш нь болгож чадахгүйд байгаа юм.
-Та нар шат дараалан өөрсдийн асуудлыг уламжилж байгаа биз дээ?
-Өө тэгэлгүй яахав. Шат дараалан сум, аймгийн дарга нарт уламжилдаг. Ерөөсөө үүнд доривтой арга хэмжээ авахгүй байна. Бүх иргэдээ суулгаж байгаад асуудлыг шийдэж болмоор л юм. Би эд хөрөнгөө алдсандаа заргалдаад байгаа юм биш. Хэзээ ч нөхөж, эргэн олж чадахгүй. Эрүүл мэндээрээ хохирсондоо төр засагт гомдолтой байгаа.
-Танай хөдөлгөөний гол зорилго эрүүл мэндээрээ хохирсон иргэдээ анхаарч нөхөн төлбөр олгооч гэдэгт оршиж байна уу?
-Бид төр засгийн аливаа шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм биш. Атрын гуравдугаар аяныг нь дэмжиж, мууг нь шүүмжилж, сайныг нь дэмжиж л суугаа.
Хохирсон иргэдийн хохирлыг гаргаж өг. Битгий ханцуйн дотроо нууцаар наймалцаад бай. Амьтан хүний дургүйг битгий хүргээд байгаач гэж хэлмээр байна.
-Ханцуйн дотроо нууцаар наймалцаад байгааг нь харсан. Түүнийг нотлох баримт танд байна уу?
-Манай энэ хойд талын гудамны жолооч Сарандаваа гэдэг залуугийн үнээ хордож үхсэн юм. Цэрэнбалжир гуайг УИХ-ын гишүүн байхад нэг уулзалт дээр энэ тухайгаа ярьж байсан. Миний үнээ хордоод үхсэн. Ар гэр маань бас хордсон. Хээл хаясан мал зөндөө бий гэж ярьсан. Түүний дараахан эхнэр нь ярьж байсан. Нэг орой Хаян дарга, Хавсаамэт эмч хоёр манайд ирсэн. Манайд 400 мянган төгрөг авчирч өгсөн. Чиний болон хадмын чинь талын бүх хүмүүс Хонгорт байдаг. Энэ мөнгийг аваад хохирлоо барагдуулж чимээгүй бол гэлээ. Бид үнээнийнхээ мөнгийг авчихлаа одоо юу ярих вэ гэж байсан. Тэр үнээнд нь хордож үхсэн гэдэг шинжилгээний хариу байдаг, байдаггүйг нь бүү мэд. Ямар ч байсан тэр айлд 400 мянган төгрөгийг Хаян дарга, Хавсаамэт эмч хоёр авчирч өгсөн гэдэг нь үнэн байх.
-Тэр айл одоо Хонгорт байгаа юу?
-Байлгүй яахав. Эхнэр нь эмнэлэгт ажиллаж байгаа. Сарандаваа авто сургуулийн жолооны багш хийж байна лээ. Ах дүү нар нь бүгд Хонгорт бий.
-Одоо Сарандаваа баримт, нотолгоо байхгүй. Би тэр мөнгийг аваагүй гэж хэлэх юм биш үү?
-Одоо Сарандаваа  мөнгө авсан, аваагүй гэж  алийг нь хэлэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан тийм юм гарсан юм. Хаян дарга сайн, муу хэлүүлээд манай Хонгортой олон жил зууралдсан хүн шүү дээ. “Уужим хангай” гэдэг компани байхад тэнд би гагнуурчин, халуун төмөрчин хийж байлаа. Тэр үед Хаян дарга манай компанийн төрийн өмчийн 51 хувийг хамгаалсан төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Төрийн 51 хувь, компанийн 49 хувийн хувьцаа гэж байлаа. Тэр цагаас хойш би Хаян даргыг сайн мэднэ. Ямар ажил төрөлтэй. Нийгэмд ямар байр суурь эзэлсэн. Ямар ашиг, тустай, үр өгөөжтэй хүн гэдгийг нь гадарлана. Тийм болохоор бид хоёр уулзахдаа илэн далангүй ярилцаж чаддаг хүмүүс. Хэрэлдэх үедээ хэрэлдэж, муудалцах юман дээр муудалцдаг.Тэглээ гээд хэн хэндээ муу санаж байгаагүй. Өөр өөрийнхөөрөө зүтгэдэг хоёулаа шударга хүмүүс. Үүнийг улс төржүүлээд Хаян даргыг сайд болох гэж байхад нь саад болоод байгаа юм байхгүй. Ер нь манай аймгаас гарсан гурван гишүүн төр нийгэмдээ зүтгээд сайн л явж байгаа байх.
-Манай аймгаас гарсан гурван гишүүн бий. Тэд Хонгорт ирээд та бүхний ахуй амьдралтай танилцаж, үгийг чинь хэр сонсдог вэ?
-Гурван гишүүнтэй сонгогдсон цагаас нь хойш би уулзаж байгаагүй. Харин сая оны өмнө арванхоёрдугаар сарын сүүлээр Д.Хаянхярваа гишүүн хоёр шуудай нүүрс өгсөн байна лээ. Д.Сүхбаатар гишүүн өгч байна гээд нэг шуудай хэвэг өгнө лээ хөөрхий. Л.Гансүх гишүүн харин намар ирж байгаль орчны талаар уулзалт хийж ярих шиг болсон.
-Газар хувьчлал таны бодлоор хэр шударга явагдаж байна вэ?
-Би хуулиуд дээр дүгнэлт хийж хааяа боддог юм. Монгол Улсын газрын хууль бол маш эмгэнэлтэй хууль. Эгэл жирийн иргэн газраа өмчилж авъя гээд Хонгорын засаг захиргаандаа өргөдөл өгч байгаа юм. Тэгэхээр Хонгорын газрын даамал хашаа барьчихаад ир гэдэг. Энд над шиг хүүгийнхээ хашааг харж байгаа хүн тэнд очиж хоосон хашаа бариад ч яах юм билээ.Хоёрдугаарт гэвэл хашаа барих материал, мөнгө нь хаана байгаа юм. Ийм хүмүүс зөндөө байна. Тэгээд газраа авч чаддаггүй. Газрын түшмэд нь болохоор иргэд газар өмчилж авахдаа хойрог хандаж байна гэж ичихгүй ярих юм. Мөнгөгүй хоосон иргэд чинь яаж хашаа барих вэ дээ. Галынхаа түлшийг дийлэхгүй улсууд чинь яаж банз худалдаж авах вэ. Энэ хашаа барь гэдэг шаардлага нь иргэдийг газартай болгох ямар ч боломжгүй болгож байна. Тэр “А” зэрэглэлийн газрыг иргэд авна гэдэг бүр санасны гарз. Тийм газарт өнгө үзэмж сайтай блокоор юм уу. Тоосгоор хашаа барь гэж байгаа юм. Тэгэхээр юун “А” зэрэглэлийн газар авах. Ямар ч боломжгүй болно. Эзэмшилийн газар авъя гээд очдог. Уул нь өгч байгаа юм аа. Даанч нөгөө газраа ашиглаж чадахгүй. Эхний жил нь эдийн засгийн боломжгүй болохоор таг суучихна.Дараа жил нь техникгүй суучихаж байгаа юм. Тэгэхээр та юм хийхгүй байна. Монгол Улсын газрын хуулинд ингэж заасан гээд  нөгөө газраа булааж аваад дуудлага худалдаанд оруулчихна. Тэгэхээр ядарсан иргэд өмчилсөн болон эзэмшсэн газаргүй байгаа юм. Газартай нэг нь тарих тариа, ногоо байхгүй сууна даа. Тэгээд газар тариалангийн үржил, шимтэй бүс нутагт амьдарч байна гээд байгаа юм аа. Энэ хууль гэгч хүний амьдрах боломжийг ийм муухайгаар хаан боогдуулж байна шүү дээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш