logo
Ч.Ганболд: Цагдаа биш төр буруутай

Ч.Ганболд: Цагдаа биш төр буруутай

2012/03/19
Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдтой уулзаж ярилцлаа.

   -Цагдаагийнхан ажил хаялт зарлах гэж байна гэж сонслоо?
-Цагдаагийн байгууллагын тухай хуульд ажил хаяж болохгүй гэсэн заалт бий. Харин цагдаагийн албан хаагчид эвлэлдэн нэгдэж, жагсан цуглаж, үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ бол ардчилсан нийгмийн хүний эрх. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ташаа мэдээлэл, бас таамаг их дэвшүүлэх юм. Гэхдээ цагдаагийнханд үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрх нь хуулиар нээлттэй.

-Удахгүй сонгууль болох гэж байна. Өмнөх сонгуулийн үеэр гарсан үймээн дахин гарахгүй гэх баталгаа алга байна. Цагдаагийнхан үүнд бэлэн байна уу?
-Яг үнэнийг хэлэхэд болдогсон бол сонгууль битгий болоосой гэж бодож байгаа цагдаагийн алба хаагч маш олон байгаа байх. Тэр байтугай иргэд ч олон байгаа гэж бодож байна.

-Яагаад?
-Ажлаа хийснийхээ төлөө зодуулж, нүдүүлж, цус нулимсаа урсгаж, гэмтэл бэртэл авч, амь насаа алдаж, бас шоронд орж, ял эдлэхийг хүсэх тэнэг хүн хорвоод байхгүй биз дээ.

-Та энэ үгийг хариуцлагатай хэлж байна уу?
-Хариуцлагагүй хэлж байна гээд биччих. Монголд ямар хариуцлага байх биш. Шударга ёс, үнэн гэж байхгүй болсныг нүдтэй болгон харж, чихтэй болгон сонсож, амтай болгон ярьж байгаа.

-Долоодугаар сарын нэгний үймээний байдал дахин давтагдана гэж та бодож байна уу? 
-Эрүүл саруулаар сэтгэж боддог хэн ч байсан долоодугаар сарын нэгэн шиг эмгэнэлтэй явдал дахин болохыг хүсэхгүй нь туйлын ойлгомжтой. Гэхдээ ийм арчаагүй төр засагтай улсад тийм аймшигт явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Олон түмний бухимдал, хорсол, үзэн ядалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг улстөрчид хэмээх цээжээ дэлдэгсэд маш овжноор ашиглаж, биднийг хүүхэлдэй шиг залж байсан оролдлого ажиллагаанууд нь улам идэвхжиж байна. Эд нарт одоо ганцхан бузар шунал бий. Тэр нь юу вэ гэвэл ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах, засгийн эрхэнд гарах. Саяхан 2008.07.01-ны өдрийн 22 цагийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өрөөнд болсон үйл явдлыг зарим телевизээр үзүүлж байхыг дахин хараад одоогийн эрх баригчдад үл итгэх итгэл үнэмшил маань эргэлт буцалтгүй болсон гэж хэлмээр байна.

Би улс төржиж байна гэж ярихыг ч хүсэхгүй, гэхдээ жирийн иргэнийхээ хувьд хуульч судлаачийн хувьд үзэл бодлоо илэрхийлж байна. Яг тэр үед хоёр гарнаасаа өөр зэвсэггүй шахам цагдаа нар олон хүний хүч түрсэн үйлдлийг зогсоон барьж чадахаа больж, цагдаа нар болон ард түмний амь наана, там цаана болж байхад сонгууль булхайтай болсон, манай нам луйвардуулсан, би сонгогдож чадсангүй гэх мэтээр маргалдаж, матрын нулимс унагаж байсныг хараад үнэхээр ой гутсан.

Хүний шунал барагдахгүй гэж ямар үнэн үг вэ гэж бодсон, ганцхан С.Оюун гишүүн л гадаа болж байгаа үйл явдлаа зогсоогооч ээ, дэмжиж байгаа гэх хүмүүсээ болиулаач ээ гэж хэлснийг хэн ч үл тоож байхыг олон хүн дахин сэргээн харсан байхаа. Үнэндээ тэдэнд ард түмэн юу ч биш юм байна. Цагдаа нар ч ард түмний л нэг хэсэг, төлөөлөл биз дээ. Төрийн эрхэнд гарсан хувалзууд төрийн эрхэнд гарахыг санаархсан хэнээтнүүд ард түмнээр юу ч хийлгэж чаддаг юм байна, бас цагдаа нарыг задлаад хаядаг чихрийн цаас шиг л устгадаг юм байна гэж хэлэхэд ердөө ч хатуудахгүй. Гэхдээ тангараг өргөсөн цагдаа нар ард түмэнтэйгээ сэтгэл нэг байгаа шүү гэдгийг бусдыгаа төлөөлж итгэлтэй хэлж чадна.

-Цагдаагийн дарга нарын шүүх хурал хойшлоод байна. Шүүхээс тэдэнд ял өгөхөөр болж байх шиг байна? 
-Монгол Улс ардчилсан засаг төртэй, шударга хууль, эрх зүйтэй орон юм бол тэднийг яллах ёсгүй. Яалаа гэж цагдаа нарыг яллах гээд байгаа юм бэ? Цагдаа нар сонгуулийг булхайтай болгосон юм уу. Цагдаа нар олон түмнийг жагсаж нэгдэхийг уриалсан юм уу. Цагдаа нар байшин барилга, олон түмний өмч хөрөнгийг галдан шатаасан юм уу. Цагдаа нар чулуу мод нүүлгэсэн үү, өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн үү. Цагдаа нар долоон сарын нэгэн болгохыг эхлүүлсэн үү, үргэлжлүүлсэн үү, тийм аймшигт үр дагаварт хүргэхийг хүссэн үү гэдэг нь дэндүү ил тод тун ойлгомжтой байгаа юм биш үү. Үнэндээ тэр үед ард түмэн амь насаа ч үл хайхран бусдын өдөөн турхиралтанд автан, хүчирхийлэл үйлдэж байхдаа 600 орчим цагдаагийн цусыг урсгаснаа мэдэж л байгаа. Улайрсан олон хүн ямар ч үг сонсдоггүй юм билээ. Нэгийгээ доргиогоод л орилж хашгираад, зодож, нүдээд, эвдэж, сүйтгээд яг л Япоңд болсон “Цунами” шиг байсан даа.

Олон хүний тийм их улайрал догшролыг хэнбугай ч байсан таслан зогсоож чадахгүй байсан. Лав л Монголын цагдаагийн тэр үеийн хүн хүч, техник хэрэгслийн тийм хангамжтайгаар долоон сарын нэгнийх шиг улайрсан олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох бодит боломж, нөхцөл үнэндээ огт байгаагүй. Одоо ч чадахгүй. 10 литрийн бетонд 15 литр ус хийх гээд зүтгээд байгаа хүнийг тэнэг л гэх байх. Түүнтэй адилхан яаж ч мэрийж ажиллаад, мэргэжлийн ямар ч өндөр ур чадвар арга тактик хэрэглээд таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал бий болсныг мэдсээр байж, хариуцлага алдсан гэж үзэж яавч болохгүй. Нэмж хэлэхэд тэр үед хуулийг хэлбэрэлтгүй сахиулах үндсэн чиг үүрэгтэй шүүх, прокурорынхон хаа байсан юм бол. Бараа нь байтугай сураг ч байхгүй байсан. Үүргээ гүйцэтгэж, үйлээ үзэж байсан цагдааг яллах сонирхол шударга шүүхэд баймааргүй л юм. Уг нь шүүх мэдэж л байгаа.
Нэгдүгээрт, цагдаа нар цэргийн алба хаагч мөн үү. Тэднийг цэргийн гэмт хэргээр яллах нь хуульд нийцэж байна уу. Хоёрдугаарт, Өршөөлд хамруулсан хэргийг яах ёстой вэ гэдэг хоёрхон асуудлыг тодруулж, хуулиа баримтлахад юу нөлөөлөөд байгааг ойлгохгүй, тун их гайхаж байна. Буруу зүйлтэй ганцхан цагдаа тэмцдэг, тэгээд бурууддаг явдал газар авчихвал цагдаад хэн ажиллах юм бэ. Хэн ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах юм бэ. Монгол Улсад төр, засаг гэж байна уу. Монголд ардчилал, шударга ёс гээч юм нь байна уу даа, үгүй юу. Цагдаа нар хүн биш юм уу, Тэд Монгол Улсын иргэд биш гэж үү?

-Цагдаа хүн буудаагүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ? 
-Долоодугаар сарын нэгэнд дөрвөн хүн бууны сумаңд өртөгдөж, амь насаа алдсан нь туйлын үнэн. Хэн буудсаныг одоо болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Үнэхээр эрх тушаалаа хэтрүүлээд хүн буудаад алчихсныг шүүх тогтоовол буруутай этгээдийг заавал шийтгэх хэрэгтэй, хатуу яллах хэрэгтэй. Түүнээс биш цагдаа буутай байсан та нар л буудсан байж таарна гээд шийтгэх гэвэл ардчилсан улсад байж болохгүй л муухай хар жишиг болон үлдэнэ гэж үзэж байна. Саяхан телевизээр нэгдүгээр эмнэлгийн эмч нар ярьж байхыг би сонссон. Тэд “Манай эмнэлгийн хажуугаар хурц гэрэлтэй гялалзсан машинтай хүмүүс, хүмүүсийг хөөгөөд буудаад байсан гэсэн. Үүнийг л шалгаж тогтоох хэрэгтэй гэж байна лээ. Үнэхээр тийм зүйл болсныг харсан амьд хүн байж байна шүү дээ. Нэгдүгээр эмнэлгийн орчимд цагдаагийн хяналт, хамгаалалт байгаагүй. Үймээн болсон газраас хол байдаг. Тэгэхээр тэр хавьд л буудалцаан болж, хүн алсан асуудал болсон юм биш үү. Бас алагдсан хоёр хүний эрүүний хэсэгт яг нэг ижил газар буудагдсан гэж хэвлэлд бичсэн байсан.

Асар мэргэн буудагч л тийм ажил хийж чадна, Монголын цагдаад тэр дотроо эргүүл хамгаалалтын цагдаа нар дотор тэгж мэргэн буудах хүн байдаг юм болов уу, эргэлзэж байна. Цагдаа хүн буудсаныг тогтоогоогүй байж цагдааг яллана гээд байгаа нь маш том хэлмэгдүүлэлт. Ард олны бухимдал хэрээс хэтэрч юу ч хийж магадгүй байсан тэр үед хоёр гарнаас өөр зэвсэггүй цагдаа хүн, үймээнийг зогсоох гэж үйл тамаа цайж байсан. Түүнчлэн 600 гаруй цагдаа зодуулж цус нөжтэйгээ хутгалдсан. Ийм байхад цагдааг гэмт хэрэгтэн хэмээн үзэж яллавал цагдаагийн байгууллагад ажиллаж буй бидний итгэл үнэндээ алдарч, цагдаа олон нийтийн холбоо ч үнэндээ алдагдана. Энэ бол бидэнд маш том эмгэнэлийг л авчирч байгаа юм. Би энэ хэрэгт Монголын төр буруутай л гэж хэлнэ.
-Цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хурандаа нарыг яллах гээд байна. Тэдний хийсэн бүтээсэн зүйл мэдээж их. Хурандаа цолыг хэдэн жил ажиллаж байж авдаг юм бэ? 
-Хурандаа цолыг хамгийн багадаа 24 жил ажилласан хүн авдаг. Энэ бол урт хугацаа. Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэж гадуур их ярьдаг. Яг үнэндээ олигархиудтай харьцуулбал бид нэн ядуу түвшинд л амьдарч байна. Би хурандаа цолтой хүн. Гэтэл надад байгаа нь 40:40-ийн харьцаатай хар гутал л байна. Надад хувийн машин байхгүй. Би 4000 айлын Орон сууц хөтөлбөрөөр зээлийн байр аваад сард 400 мянган төгрөг төлөөд амьдарч байна. 12 жилийн дараа би байртай болно. Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэж их хурлын гишүүд хүртэл ярьдаг. Энэ чинь доромжилж буй л хэрэг шүү дээ.

С.Мөнх-Од
 Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш