Хуулийнхан Н.Энхбаярт холбогдох эл хэргийг шалгаж эхлээд хагас жилийн нүүрийг үзлээ. Түүнийг тойрон хүрээлэгчдийг ганц нэгээр нь хорьсноос өөр ахиц гарсангүй.
Энэхүү аймшигт самууныг харсан эх орноо гэх сэтгэлтэй бүх хүний зүрх шимширч, сэтгэл уймран “Мөнх тэнгэрийн доор Монгол Улс минь, хуулийн доор ард түмэн минь оршсоор ирсэн юмсан” хэмээн эзэн тэнгэр, эцэг хаанаа дуудан залбирцгаахаас өөрийг хийж чадахгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж байсныг хэн ч мартаж чадахгүй, мартаж ч болохгүй.
Үймээн самууныг намжааж, зохицуулж, зогсоох гэж муу сайн цагдаа нар яаж их зовон тарчилж, зодуулж нүдүүлж, бэртэн гэмтэж, цусаа урсгаж байсныг бид харсан.
Үймээний буруутныг даруй олж тогтоон зохих ял шийтгэлийг оногдуулна гэж ард түмэн харж хүлээсээр дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Харин эцсийн эцэст хэдэн муу цагдаатайгаа мөр зэрэгцэн үйл тамаа үзэж явсан дөрвөн даргыг гол буруутан хэмээн хүзүүнд нь олс углах дээрээ тулаад байгаа нь үнэхээр гайхаад баршгүйн дээр айдас түгшүүр төрүүлж байна. Энэ чинь нөгөө 1930-аад онд болсон их хэлмэгдүүлэлт давтагдаж байгаа юм биш байгаа гэж бодоход хүрлээ.
Тэгвэл энэ ял сонсоод сууж буй хүмүүс хэн бэ? гэдэг талаар хэдэн үг хэлье.
Генерал Ч.Амарболд бол улс, ард түмэндээ төдийгүй дэлхийн эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд танигдсан Монголын цагдаагийн удирдах ажилтан гэдгийг бид мэднэ. Мөн тэр үед Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Очирхуягийн Зориг нь ОХУ-д ДЯЯ-ны дээд сургууль, удирдлагын академи төгссөн. 1991 оноос эхлэн Цагдаагийн байгууллагад ажиллаж буй мэдлэг боловсрол сайтай, хууль мэддэг, дадлага туршлагатай удирдах ажилтан.
-Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Шуурайн Батсүх нь 1978 оноос сумын хэсгийн төлөөлөгчөөр ажлаа эхлэн улмаар нийслэлийн Сүхбаатар, Баянгол гэдэг асар хүнд нөхцөлтэй хоёр дүүргийн цагдаагийн даргаар 14 жил ажиллаж, үйл ажиллагааг нь жигд сайн удирдаж, хөл дээр нь баттай зогсоож чадсан алдар гавьяатай хүн. Түүнийг төр үнэлж, Цэргийн гавьяаны улан тугийн одонгоор шагнасан юм. Хурандаа Ш.Батсүх аливаад махруу, зорьсноо ажил хэрэг болгож чаддаг, ажилсаг, аж ахуйчаараа цагдаагийн бүх байгууллага, хамт олныг манлайлдаг, хүнийхээ хувьд өөрийн гэсэн бодолтой, ямар ч хүнтэй хэзээ, хаана, яаж харьцахаа мэддэг нарийн торгон мэдрэмжтэй, нөхөрлөл түншлэлдээ үнэнч, найрсаг наргианч зөв сайхан эр хүн гэж хэлж болно. Хүнд ноцтой, эзэн тодорхойгүй олон зуун гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар, уйгагүй хичээл зүтгэлээр илрүүлсэн, ажлын хэсгийг удирдан ажилласан тухай цагдаагийн байгууллагын түүхэнд түүний нэр тодоос тод бичигдсэн байдаг.
Тэр үед Нийслэлийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан Галсандоржийн Ганбаатар нь 1971 онд төрсөн, 18-хан насандаа эргүүлийн цагдаа болж, улмаар Цагдаагийн дээд сургууль, удирдлагын академи, магистрт суралцан төгсөж, дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга, дараа нь НЦГ-ын хэв журам хамгаалах тасаг, хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байсан өсөх ирээдүйтэй удирдах ажилтны нэг юм.
Монгол Улс ардчиллын замыг сонгосон цагаас эхлэн төр, засгийн эрхэнд гарсан шинэ цагийн эрхтэн дархтнууд цагдаагийн байгууллагаа ямар ч эрх мэдэлгүй зарц боол мэт үзэж зөвхөн “нохойд барьдаг мод” болгон ашигласаар байна. Үүний нэг ил тод нотолгоо нь долоон сарын нэгний хэрэгт хандаж буй хандлага, эцэст нь цагдаагийн дарга нарыг яллахаар улайрч байгаа явдал гэж бодож байна.
Монгол түмний нүдэн дээр ил тод болж өнгөрсөн үйл явдлын буруутнаар өөрсдөө асар ихээр хохирон байж олон түмнийг авран хамгаалсан цагдаагийн байгууллагын дарга нарыг нь барьж аваад яллаад эхэлбэл цаашдаа юу болох вэ? Цагдаад ажиллах хүн олдох уу? Та бодоод үз л дээ! Цагдаагүй бол ард иргэд яаж амар тайван ажиллаж амьдрах вэ. Цагдаагийн үйл ажиллагааг ганц өдөр л 24 цагаар зогсоовол энэ самуун цаг үед юу болох бол гэж бодохоос үнэхээр айдас түгшүүр төрнө. 2008 онд шиг санаж байна сэтгүүлч Р.Энхтуяа “Өмч хөрөнгө, амь насыг нь хамгаалж байдаг нохойгоо эзэн нь зодоод эхэлбэл эргээд ноцох нь эргэлзээгүй” гэж бодит байдлыг үнэлж дүгнэж үнэн үг хэлсэн юм.
Цагдаа төр засаг, ард иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлыг хамгаалж, тэдний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байх үүрэгтэй, үүнийхээ төлөө зүтгэдэг. Тангараг өргөсөн тэдний итгэл зүтгэл, урам зоригийг мохоож унтраагаад байвал эцэст нь хор хохирлыг хэн амсаж эдлэх вэ? Ард түмэн бид л хохирно. Хэрвээ цагдаа хэрэггүй, буруу ажиллаад байгаа юм бол цагдаагийн байгууллагыг татан буулгаад үзье л дээ!
Эх сурвалж: Өглөөний сонин