Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрнө” хэмээн заасан байдаг. Гэтэл 2011 оны гуравдугаар сарын байдлаар Богдхан уулын харьяа Зайсангийн аманд 146 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн газар эзэмших эрх авчихаад орон сууцны барилга байгууламж барьсан байна.
Холбогдох байгууллагууд тэднийг хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгааг нь тогтоосон боловч өнөө хэр нь арга хэмжээ авч чадаагүй юм.
Учир нь хууль бусаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн ард салбарын сайдаас нь авахуулаад төрийн өндөр албан тушаалтнууд бий.
Үе үеийн Байгаль орчны сайдууд энэ байдлыг өөрсдөө дэмжиж, бизнес эрхэлж ирсэн гэдэг асуудлаар эхнээсээ шалгагдаж байгаа.
Харин зориулалтын бусаар ашиглаж байгаа компаниудын газар эзэмших эрхийг цуцлах үүрэгтэй хурган дарга нар нь салбарын сайдынхаа гар хөл болж, газрын наймааны бизнесийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн олон тохиолдлыг баримтаар дэлгэж байна.
Тухайлбал, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Л.Отгонбаатар нарыг нэрлэж болно. Эдгээр албан тушаалтнууд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар олгож, зориулалтын дагуу ашиглаж байгаа болон газрын төлбөрөө цаг тухайд нь төлдөг эсэхийг хянах үүрэгтэй. Гэвч газар эзэмшигчид тэдний нүдэн дээр хууль зөрчин барилга барьж, хөлждөг.
Дархан цаазат газрыг зориулалтын бусаар ашигласан иргэн хуулийн этгээдийг торгож, торгуулийн мөнгөөр нь гэр хорооллоор нэг хөглөрсөн иргэдээ орон сууцжуулдаг болбол яасан юм бэ. Өөрөөр хэлбэл метр квадратыг нь 3000-5000 доллараар зардаг орон сууцны эздийн олсон орлогыг хурааж, зөвшөөрсөн газарт нь орон сууц барина гэж бодъё. Хууль бусаар олсон энэ их орлогын мөнгөөр метр квадрат нь нэг сая төгрөгийн үнэтэй хичнээн орон сууц барьж болох вэ. Энэ мэтээр дархан цаазат газарт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцох маш олон боломж байна.
Тэд хууль зөрчсөн нь үнэн. Хууль бусаар ашиг орлого олж байгаа нь ч үнэн. Хариуцлага хүлээх нь үнэн. Өөрөөр хэлбэл Зайсангийн аманд хууль бусаар 146 аж ахуйн нэгж орон сууц барьжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин