logo
Төр 70 мянгыг сургуульд биш оюутнуудад өгсөн юмсан…

Төр 70 мянгыг сургуульд биш оюутнуудад өгсөн юмсан…

2012/03/19
Төр засгийн хишиг оюутнуудын гарын алгыг дээш харуулсан 70 мянган төгрөгний асуудал дуусахгүй үргэлжилсээр л байна. Авсан нэг нь тасартлаа ууж шоудаж байхад зарим нэг нь өгөхгүй байна гээд гомдол мэдүүлж гудамж метрлээд явж байх юм. Түүнчлэн 70 мянган төгрөгийг өгөхдөө сургуулийн захиргаа зүгээр нэг өгөхгүй шимтгэл авч, мөнгө нь орж ирсэн ч өгөхгүй удаж, сургалтын төлбөр болон шалгалтын өртэй хүүхдүүдийн кредитийн төлбөрт суутган авч байгаа тухай мэдээлэл чих дэлсэх болов. Мэдээллийг үнэн бодитой эсэхийг тодруулахаар оюутнуудын гомдлын мөрөөр буюу “Отгон тэнгэр”, “Сан” дээд сургуулиудын оюутнууд болон Сургалтын албаны дарга нараас зарим зүйлийг тодруулсан юм.

Кредит цагийн мөнгө 29000 болгох талаар ярилцаж байгаа

“Сан” дээд сургуулийн сургалтын менежер хариуцсан дарга Х.Лхагвасүрэн:
-Танай сургууль оюутнуудын 70 мянган төгрөгийг өгч эхэлсэн үү?
-Эхлээгүй байна. Яагаад гэвэл оюутнуудын 500 мянган төгрөг орж байж 70 мянган төгрөг нь орох ёстой. Төрийн сангаас нэрс ирсэн чинь оюутнууд хороо дүүрэг дээрээ очиж бүртгүүлэх ёстой байсан ч бүртгүүлээгүй, тэр овогтой тэр шалгалтанд хүүхдийн өргөдөлд нь баталгаажаагүй байна гээд ирж байна л даа. Уг нь оюутнууд бүртгүүлчихсэн гээд байсан л даа. Гэтэл нэр нь цаашаа шивэгдэж ороогүй гэх мэт асуудлууд гарч ирээд байна. Тиймээс хөдөө орон нутаг гэлтгүй хотын хүүхдүүдийн бүртгүүлсэн гэх бичиг баримт тодорхойлолтыг нь цуглуулаад сууж байна.
-Сургуулийнхаа бүх оюутнуудын өргөдөл бичиг баримтыг бүрдүүлж байж нийтэд нь 70 мянган төгрөгөө өгнө гэсэн үг үү?
-Үгүй л дээ. Бүх зүйл нь бэлэн болчихсон хүүхдүүдийн мөнгө нь мэдээж ямар нэг асуудалгүй орно. Гэхдээ одоогоор манай сургуулиас мөнгө авсан оюутан байхгүй. Мөн нэгээс гурван сарын мөнгийг нийтэд нь олгоно гэж яригдаад байх шиг байна.
-Оюутнууд 70 мянган төгрөг авч эхэлсэнтэй холбогдуулан их дээд сургуулиуд кредит цагийнхаа мөнгийг нэмж эхэлсэн гэх яриа байна л даа. Танай сургуулийн хувьд 29000 болсон гэсэн?
-Эцэслэн бид шийдээгүй байна. Гэхдээ манай сургууль кредит системд шилжсэн. 29000 төгрөг болгохоор ярилцаж байгаа ч баттай шийдэгдээгүй байна. Кредит цагийн мөнгийг 29000 төгрөг болгохтой холбогдуулаад оюутнуудаас маань хүндрэлтэй байгаа талаар хүсэлт ирсэн.
-Мөн төлбөр болоод хичээлийн өртэй хүүхдүүдийн 70 мянгыг өгөхгүй гэсэн?
-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Унасан хичээлийн өртэй хүүхдүүд шалгалтаа өгөөд л явж байгаа. Төлбөрийн хувьд оюутнуудын 500 мянга нь ороод ирчихэж байгаа юм чинь төлбөрийн өртэй хүүхэд гэж байхгүй шүү дээ.
-Танай сургуулийн сургалтын төлбөр хэд байдаг юм бэ?
-Нэг сая хоёр зуун мянган төгрөг.
-Үлдэгдэл төлбөрийг оюутнууд төлнө шүү дээ?
-Тэгнэ л дээ. Гэхдээ би төлбөрийн тооцоог мэддэггүй болохоор хэлж мэдэхгүй байна.
-70 мянган төгрөгөө тараахдаа ямар нэгэн шимтгэл авч байгаа юу?
-Манай сургуулиас гар дээрээ 70 мянган төгрөгөө авчихсан оюутан байхгүй болохоор би мэдэхгүй байгаа юм.
-Сургуулийн захиргаанаас тийм зүйл яриагүй юу?
-Тийм зүйл яригдаагүй. Ерөнхийдөө өнөөдөр манай сургуулийн оюутнууд мөнгөө авч чадахгүй байгаа нь өөрсдөөс нь л болж байна.

Долоо, долоо хоногоор хойшлуулсаар л байгаа

“Сан” дээд сургуулийн оюутан:
-70 мянган төгрөгөө авсан уу?
-Аваагүй.
-Бусад сургуулийн оюутнууд аваад эхэлчихсэн байгаа. Энэ талаар танай сургуулийн захиргаа ямар тайлбар өгч байгаа вэ?
-Төлбөрийн 500 мянган төг¬рөгийг хороон дээрээ очиж бичүүлээд ир, тэгсэн цагт 70 мянган төгрөг орж ирнэ гэсэн. Бичүүлсэн ч орж ирэхгүй байгаа ш дээ. Хоёр долоо хоногийн өмнө бид Голомт банкны виза карт захиалаад авчихсан. Өнгөрсөн долоо хоногт хэзээ орох юм бэ гэж асуусан чинь дараачийн долоо хоногт орно гэсэн. Тэгээд энэ долоо хоногт орох уу гээд асуусан бас л дараа долоо хоногт гээд хойшлуулсан. Тэгээд яагаад гээд асуусан чинь оюутан бүрийн Хүний хөгжлийн дэвтрийг авч Нийгэм халамжийн төв дээр бүртгэлтэй байна уу үгүй юу гэдгийг нь шалгана гээд өгөхгүй байгаа юм.
-70 мянган төгрөгнөөс шимтгэл авна гэсэн юм уу. Мөн кредит цагийн мөнгө нэмэгдсэн гэсэн?
-Шимтгэл авна гэсэн юм яригдаагүй. Харин давтан шалгалтын мөнгө нэмэгдсэн. Өнгөрсөн жил манай сургуулийн давтан шалгалтын мөнгө гурван мянга байсан. 8000 болсон, одоо 29000 мянган төгрөг болж байгаа. Гурван кредитийн мөнгө нь 87000 төгрөг болж байгаа гэсэн үг. Бидэнд хүндрэлтэй л байна. Өгсөн ч биш авсан ч биш сургууль өөрсдөө л аваад байгаа юм.
-Төлбөрөө төлөөгүй хүүхдүүдийн 70 мянгыг нь өгөхгүй гэж байгаа гэсэн?
-Тэр талаар ямар нэгэн зүйл сонсоогүй. Гэхдээ сургуулийн оюутны холбооноос ангийн дарга нарт ангийнхаа хүүхүүдийн хичээл таслалтын тоог сургалтын албанд гаргаж өг гэсэн байна лээ. Сургуулийн захирал Оюутны холбооны даргад тэгж хэлсэн гэсэн.
-Магадгүй хичээл таслалтыг нь 70 мянган төгрөгнөөс нь суутгах гэж байгаа юм болов уу?
-Магадгүй л юм.

Оюутнуудын 70 мянган төгрөг картандаа орж эхэлсэн

“Отгон тэнгэр” дээд сургуулийн сургалтын албаны дарга М.Зээргэнэ:
-Танай сургуулийн оюутнууд 70 мянган төгрөгөө авч чадахгүй байна гэсэн?
-Аваад эхэлчихсэн штэ. Бид банканд нь мөнгөө тушаачихсан. Өнөө орой үлдсэн оюутнуудын мөнгө нь орох байх.
-70 мянган төгрөгнөөс ямар нэгэн шимтгэл авч байгаа юу?
-Сургуулийн зүгээс тийм зүйл байхгүй. Харин банк шимтгэл авдаг үгүйг мэдэхгүй байна.
-Сургалтын төлбөр болон, кредитийн мөнгөө өгөөгүй оюутнуудын 70 мянгыг нь өгөхгүй байгаа гэж сонссон?
-Тийм зүйл байхгүй. Харин хоёр гурван cap хичээлдээ суугаагүй оюутнуудын мөнгө нь орж ирээгүй байгаа гэлээ.
Ямартай ч зарим нэг нь мөнгөө авч эхлэх бололтой. Харин өгч эхлээгүй байгаа нь хэзээ өгөх нь мэдэгдэхгүй долоо долоо хоногоор хойшлуулсаар байгаа сургуулиудад ямар нэгэн хяналт шалгалт хийхэд буруудах зүйлгүй л байлтай. Дээрээс нь хэдэн төгрөг авч байгаа гэх сургаар кредит цагийнхаа мөнгийг нэмж, 10 жилийн хүүхэд шиг тасалсан цагийн мөнгө гэж авах гээд байх шиг байна. Энэ нь “Сан” дээд сургууль дээр гарч байгаа асуудал. Өөр их дээд сургууль дээр ямар асуудал гарч байгааг мэдэхгүй. Магадгүй тасалсан цаг, хичээл үймүүлсэн, зодоон хийсэн гэх мэт шалтгаан 70 мянган төгрөгнөөс нь хассаар байгаад хөөрхий оюутнууд хоосон карттай үлдэх вий дээ. Уг нь төр 70 мянган төгрөгийг сургуульд биш оюутнуудад өгсөн юмсан…

Г.Түмэнтогос

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш