logo
“Хурд”-ынхан ханшаа унагаад ашиг олжээ

“Хурд”-ынхан ханшаа унагаад ашиг олжээ

2012/03/19

Урлагийн гал тогоонд олигтойхон уран бүтээл хийж ард түмнээ дайлах уран бүтээлч ховор болжээ. Мөнгө төгрөг харам, хэрэглээ нэмэгдэх болсныг гол буруутнаараа сонгосон, ард түмний өмчийг эзэгнэдэг урлагийнханд хэтэрхий сэтгэл дутаад байгаа нь сонсогч, бишрэгч бидэнд илүүтэй мэдрэгдээд буй. Тиймдээ ч шинэ залуу, хөгшин хөвөөгүй халтуураар амь зууж буйг нь бодит үнэн болгон хүлээж аваад сурчээ. Ямар сайндаа акулуудын шил шилээ даран зохиогдож буй тоглолтууд шинэ содон зүйлээр тааруухан, ихэнхдээ эргэн дурсахуй хэлбэртэй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгож байхав. Тухайлбал, “Никитон” хамтлаг мөнгө цаасны гачаалд орсон ч урлагаар цангаж буй фэнүүддээ 50, 100 мянга гэх хатуу үнийн бодлогоор тоглосон ч  шинэ содон гэхээсээ илүү 10 гаруй жилийн өмнөх өнөөх хэдийгээ тоглосоор хуурах арга хэрэглэж байгаа юм. Тийм болоод ч нэг их дурсаад шогшоод, Харангын Лхагваагийн тоглолт шиг дөрвөн улирал дамнан яригдах сонингүй байсан гэдэг нь илт.

 

Харин жил бүрийн 3-р сарын 8-нд “Ханьдаа дуулъя” гэж ирээд л хуучин дуугаараа нэг өдөр балай аваад сурчихсан “Хурд”-ынхан энэ жил “Никитон”-ыхонд гоц мөргүүлэнгүүтээ маневраа өөрчлөн “Цэргийн бодол 2012” хэмээх нэгэн цагт “Никитон”-ы Баачкагийн зүрхэнд “чинжаал” зоож явсан дуугаараа нэрийдсэн тоглолтыг эр цэргийн баяраар хийв. “Никитон”-ы нэгэн адил дурсагдах юмгүй өнгөрсөн ч хямд тасалбарынхаа ачаар тэгтлээ хэл ам, хараал ерөөл дагуулсангүй өнгөрсөн гэсэн. Харин рок попынхны адлаад байдаг нийтийн дуучид нь “Миний ээж хөөрхөн”, “Ээжтэйгээ байвал би жаргалтай” гэх зэргийн эрээвэр хураавар тоглолтуудаараа урлагийнхны нүүрийг нэг жилдээ тахалж гарсан гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр “Хурд”-ын үнэ хямдарсан ч олонтойгоо, “Никитон”-ыхон тэнгэр  тулсан үнэ хэлээд их зантайгаа үлдсэн нь нэгэнт тодорхой болжээ.

 

Ш.Булга

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш