logo
Б.Долгион ганцаардаж байна

Б.Долгион ганцаардаж байна

2012/03/19

UBS телевизийн хамгийн их мөнгө босгодог шоу бол UNIVERSE BEST SONGS юм. Анх зохион байгуулагдсан жилээ хүний өөрийн нийлсэн таван “од” шүүгчтэй эхэлж, хазгай муруй хэлтэй ч дуулах хүсэл өвөрлөсөн, авьяастай хүүхдүүдийн сорыг нь түүж, урлагийн тогоо руу “раss”-лаж өгсөн. Хоёр дахь жилдээ зохиогдоход “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Жаргалсайхан нарын уран бүтээлчид урилгыг нь эелдэгхэнээр хүлээн аваад уриалгахан татгалзаад зайгаа барьж билээ. Тэгвэл энэ жилийн наадам эхнээсээ л жаахан тааруу нэртэй эхэлж, сайн гэхээсээ саар талаараа олны анхаарлыг татах болжээ. “Гурван охин” хамтлагийн Ану, “Киви”-гийн Ука нар ажиглагчаар суух болсон нь олны дургүйцлийг төрүүлж, “жүжигчин” Т.Ариунаа тайзнаас бууж, Б.Амархүүд халаагаа өгсний цаад учир илүүтэй сонирхол төрүүлж, оролцогчдыг хэтэрхий бүдгэрүүлж орхиод байгаа юм.  

Даарин дээр давс гэгчээр ясны япон хэлтэй Төмөрбаатар, урлагийн бурхдын нэг Д.Ухнаа нар ажиглагчийн албанд зүтгээд шүүгч нарт дарагдаад байгаагаа мэдэрдэг болчихоод, элдэв хэл ам татлаад, адаг сүүлд нь уураа барахдаа нэвтрүүлгээ хаян гарч, мэдрэмжгүй, маанагаар нь Буриадын ардын болоод Монголын гавьяатыг хийж орхив. Яг үнэндээ хүний нутгийн хөндлөн хэлт Рагу, өөрийн хэрнээ хүний нутгийн од болсон Б.Амархүү нар дээрх үйлдлийг тоох нь бүү хэл, анзаарах ч үгүй өнгөрүүлсэн бол Б.Долгион гавьяат арга эвийг нь олох гэж хэрдээ л төвийг сахиж, шоуны үнэ хүндийг давхар бодолцож байгаа нь нүдний шилэн дээр нь тод ойн харагдсан. Хөгшин залуу, хөлдүү мулгуу, имиж хөөсөн, нэр төрөө бодсон, өөрсдийгөө өндөрт тавьсан гээд зүсэн зүйлийн “алдартнууд-ын дунд алиа байгаагаа мэдэрсэн байж мэдэх Б.Долгион үнэхээр энэ шоунд ганцаардаад байгаа бололтой. Ирэх жил дахиад  UNIVERSE BEST SONGS гэж зохиогдох бол Б.Долгион Т.Ариунаагийн адил үстэй толгойгоо зулгаагаад зугтааж мэдэх аж. 

Ш.Булга

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш