logo
Хятад улс ДНБ-нийхээ талаар худал мэдээлдэг байжээ

Хятад улс ДНБ-нийхээ талаар худал мэдээлдэг байжээ

2012/03/20
Энэ долоо хоногт Хятадын Статистикийн алба Шаньси мужийн хошуудын нэгийн статистик мэдээлэл хуурамч байсан баримтыг анх удаа албан ёсоор мэдэгджээ. Хятадын статистикийн мэдээлэл аль эртнээс шинжээчдийн эргэлзээг төрүүлж байсан, учир нь удирдлагын баг-захиргааны систем нь орон нутгийн эрх баригчдыг хуурамч мэдээлэл тоо баримт өгөхийг өөгшүүлдэг байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл БНХАУ-ын эрх баригчид асуудал байгааг аман дээрээ хүлээн зөвшөөрөөд, тодорхой зөрчлүүдийн тухай мэдээллийг маш ховорхон нийтэлж, түүгээр зогсохгүй, тэдгээр зөрчилтэй мэдээллийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Шаньси мужийн Юньчэн тойргийн Хэзинь хошууны түшмэд зочид буудлын бизнес эрхлэгчид, нүүрс болон хөнгөн цагааны компаниудыг 2011 оны ажлын тайлангаа «эрс гажуудуулан» мэдээлэхийг шаардсан тухай БНХАУ-ын Статистикийн үндэсний товчооны гуравдугаар сарын 12-ны мэдээлэлд дурджээ. Шаньси нь Хятадын нүүрс олборлолтын төв төдийгүй хойд нутгийн энэ мужид төмөрлөгийн болон машины үйлдвэр хөгжсэн байдаг. Чухам ямар компаниуд худал мэдээлэл өгч, хэдий хэмжээний зөрчил гаргасан нь талаар мэдээлээгүй байна. Ташаа мэдээлэл өгсөн тохиолдлуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа тухай мэдээлэлд дурджээ. 2009 онд Хятадад хуурамч статистик мэдээлэл өгсний төлөө эрүүгийн хариуцлага тооцсон байдаг. Өнгөрсөн онд Хятадын банкны шинжээч болон Үндэсний статистикийн албаны дээд тушаалын түшмэд хөрөнгийн зах зээлээс ашиг олохын тулд статистикийн мэдээллийг санаатайгаар «алдаатай гаргах» ажлыг зохион байгуулсан хэргээр ял шийтгүүлжээ.

Сүүлийн 15 жилд Хятадын эдийн засаг дэлхийн бусад бүх том улсын эдийн засгаас түргэн өссөн байна. 2008 оны хямралаас өмнө Хятадын ДНБ-ий жилийн өсөлт 10 хувиас доош бууж байгаагүй. Гэхдээ БНХАУ-ын эдийн засаг эрс өссөн баримт хэний ч эргэлзээг төрүүлээгүй, тодорхой тоон үзүүлэлтүүд адил байсангүй. Шинжээчид болон мэргэжилтнүүдийн эргэлзээг Хятадын статистик мэдээлэл нэг бус удаа төрүүлж байжээ. Учир нь төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд орон нутгийн эрх баригчид болон улсын компаниуд үзүүлэлтүүдийг өсгөх хандлагатай байдаг. Тус улсын «Экономик дейли» сонинд мэдээлснээр, 2011 онд эх газрын Хятадын /Хонконг, Макао, Тайвань орохгүй/ мужуудын эрх баригчид ДНБ-ий хэмжээ нь 51,7 триллион юань хүрсэн тухай мэдээлсэн бол, төв засгийн газрын тооцоогоор, энэ үзүүлэлт 4,6 триллион доллароор бага байв. Тийнхүү ташаарлын хэмжээ шууд авлигын хэмжээг ч үлэмж хэмжээгээр давжээ. Зарим тооцооноос үзвэл, тус улсад авлига ДНБ-ы гурав орчим хувийг эзэлдэг байна.

Сүүлийн үед Статистикийн үндэсний үндэсний товчоо нь томоохон компаниудын мэдээллийг тулгах замаар ташаа мэдээлэл өгөхтэй тэмцэхийг оролдож байгаа аж. Хоёрдугаар сард 700 мянган компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, жижиглэнгийн худалдаа, хөрөнгө оруулалтын мэдээллийг шууд авах нэгдсэн системд шилжжээ.

Баттай мэдээлэл авах нь Хятадын удирдлагад маш чухал, учир нь БНХАУ-ын эдийн засаг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсэх болон эдийн засгийн өсөлт эрс унаж болзошгүй гэсэн аюулын ирмэгт тулж ирээд байна. Саяхан тус улсын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябаогийн мэдэгдсэнээр, энэ жил ДНБ-ий өсөлт нэг хувиар буурч, 7,5 хувь болно. Өнгөрсөн жил ДНБ-ий өсөлт 9,25 хувь байжээ. Түүний ингэж мэдэгдсэн нь гадаад зах зээл тодорхойгүй нөхцөлд дотоодын зах зээлийг баримжаалахын тулд эдийн засгийн «зөөлөн буулт» хийхэд тус улсын эрх баригчид бэлэн байгаагийн илрэл гэж олон шинжээч үзэж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд алдаа гаргавал эдийн засгийн өсөлт эрс буурч, нийгмийн түгшүүртэй байдал нэмэгдэхэд хүргэж болзошгүй юм.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш