logo
Дэлхийн тэмцээнээс тэргүүн шагнал хүртэв

Дэлхийн тэмцээнээс тэргүүн шагнал хүртэв

2012/03/20

Дэлхийн үсчин гоо заслын холбоо «ОМС»-гаас Япон улсын Окинова аралд зохион байгуулсан «ASIA CUP OPEN 2012» тивийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо.

Тэмцээнд нийт 15 орны 500-гаад үсчин, гоо сайханчид оролцож ур чадвараа сорьжээ. Монголоос нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож нэлээд дээгүүр амжилт үзүүлжээ. Эрэгтэй үсчний шүүгч, дасгалжуулагчаар Д.Одхүү, эмэгтэй шүүгчээр Монголын үсчин гоо сайхны мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, шүүгч, дасгалжуулагч Ж.Довчинсүрэн нар ажиллав. Эрэгтэй үсний сонгодог  төрлөөр «Видал» салоны үсчин Н.Алтаншагай тэргүүн байр эзэлж алтан медаль, С.Мөнхнасан тусгай байр, эмэгтэй төрөлд О.Балжинням шидгийн шилдгээр шалгарлаа. Багаараа Япон улсын үсчин, гоо сайхны холбооны шилдэг шагнал хүртэв.

Тус тэмцээнд амжилттай оролц­сон үсчин, гоо сайханчид маань  2012 онд Ленинградад болох тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр Монголын гоо сайхныг дэлхийн түвшинд хүргэх гэж мэрийж буй биднийг төр засгаас харж урам зориг өгч урамшуулах байх аа гэж найдаж байна. Урлаг, спортын нэгэн адил дэлхийн тавцанд Монголын нэрийг гарган амжилт үзүүлээд ирлээ хэмээн тэд хэлж байлаа. Үс засалт нь гоёлын, энгийн, шоу, хүндэтгэлийн гэх 4 ангилалтай байдаг. Гэхдээ тэр жилийн өнгө буюу, хэв загвар гэж байдаг.

Энэ жилийн чиг хандлага эмэг­тэй үсний хувьд геометрийн хэлбэртэй буюу хурц гурвалжин эсвэл тэгш өнцөгт гэх мэт хэлбэртэй байх юм. Харин өнгөний хувьд аль болох хурц өнгө зонхилох аж. 

Жишээ нь, өмнөх жилүүдэд байгалийн өнгө буюу шаргал бор гээд завсрын өнгө зонхилж байсан бол энэ жил улаан, үзмэн ягаан гэх мэт тод өнгө илүү зонхилох нь.  Нүүр будалт ч адил уруулын будаг гэхэд л час улаан гэх мэт. Дэлхийн үсчин, гоо засалчдын тэмцээнээс тэр жилийн үс засалт, гоо сайхны будалтын хэв загварыг тодорхойлдгоороо онцлогтой хэмээн оролцогчид хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш