Дундад Азийн орнууд өнөөдөр үндэсний гол баяр болох хавартай, шинэ онтой золгосны баяраа тэмдэглэж байна. Иран улс Наурызын баяраа тэмдэглэж шинэ жилтэйгээ золголоо. Лалын шашны тооллоор 1391 он гарчээ. Тус улсын шашны тэргүүн аятолла Али Хаменеи болон Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Иранд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг олон жилийн тогтсон уламжлалтай. Баярын өмнө нэг эсвэл нэлээд хэдэн алтан загас заавал худалдаж авдаг ёстой. Үүнтэй холбоотойгоор баярын өмнөх өдрүүдэд захууд олны хөлд дарагддаг байна. Персүүд жилээс жилд эртний «хафт син» уламжлалаа чанд сахих болжээ. Үүний дагуу шинэ жилийн зоогийн ширээнд цэсэнд перс цагаан толгойн «с» үсгээр эхэлсэн долоон хоолыг оруулдаг аж. Ираны өрх бүрт шинэ жилийн баярыг угтахын өмнө «баярын шагнал» өгдөг байна. Өрхийн тэргүүн нь эхнэр болон хүүхдүүддээ «эйди» буюу мөнгө бэлэглэдэг. Энэ мөнгөний хэмжээ өрхийн орлогоос шалтгаалдаг аж. Бэлгэнд өгөх мөнгө заавал цоо шинэ байдаг ба лалын шашны ариун судар Кораны завсар хийсний дараа бэлгэнд өгдөг
байна.
Наурызын баяр нь иранчуудын хамгийн их хүсэн хүлээдэг баяр ажээ. Учир нь энэ баярын амралт дөрөвдүгээр сарын 2 хүртэл үргэлжилдэг байна. Перс хэлнээс орчуулбал наурыз гэдэг нь «шинэ өдөр» гэсэн утгатай аж. Нарны тоололтой холбоотой энэ баярыг зөвхөн Иранд төдийгүй, перс хэлтэй Афганистан, Тажикстан, Узбекстан, Казахстан, Киргиз зэрэг орнуудад 7000 жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Нарны тооллоор энэ өдөр хаврын өдөр шөнө тэнцэж, хаврын улирал эхэлдэг байна. Дэлхий даяар эртний энэ баярыг 300 сая хүн тэмдэглэж байна. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол баталж, гуравдугаар сарын 21-нийг Олон улсын наурызын баярын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан билээ.
Энэ он өндөр жил учир Иран улс шинэ жилтэйгээ нэг өдрийн өмнө золгожээ.
Баярын өдрүүдэд хийсэн үйл бүтэн жил үргэлжилдэг гэж үздэг. Тийм болохоор энэ өдрүүдэд хэнтэй ч зөвлөлдөхгүй, бие биедээ өр төлөөс өгч авахгүй, дайсагналцал болон гомдлоо мартдаг учиртай ажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ