logo
Гар утасны догион үр удамд нөлөөлдөг

Гар утасны догион үр удамд нөлөөлдөг

2012/03/21

Гар утсыг байнга ашиглах нь эхийнхээ хэвлийд байгаа хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүйг Америкийн Йелийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр хийсэн туршилтаараа нотолжээ. Гар утаснаас ялгарч байгаа туяа жирэмсэн эхийн ургийн тархины хөгжилд саатал учруулж болохыг судалгаа харуулсан байна.

Судалгаанд хээлтэй 33 хулгана оржээ. Тэдний торонд 17 хоногийн турш тасралтгүй дуудлага хүлээн авах гар утасыг байрлуулсан байна. Энэ нь бараг л хулганы хээлээ бүрэн тээх хугацаа юм. Өөр хэсэг хулганыг хаалттай гар утастай нөхцөлд байлгажээ.

Асаалттай гар утсанд ойр байсан хулгануудаас гарсан гөлчгийнүүд тайван бус, ой санамж муутай байв. Үүнийг тархины урд талын гадрын мэдрэлийн хөгжилд эмгэг өөрчлөлт гарсантай холбоотой гэж эрдэмтэд үзжээ. Туяанд өртөөгүй гөлчгийнүүдээс тийм өөрчлөлт илрээгүй байна.

Зарим хүүхэд тайван бус, «хэцүү» хүүхэд гэгддэг нь эхийн хэвлийд байхдаа гар утасны туяаны сөрөг нөлөөнд орсных байж болох юм гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ. Гэхдээ ийм дүгнэлтийг эрдэмтэд бүгд хүлээн зөвшөөрөөгүй байна. Нөгөө хэсэг эрдэмтдийн мэдэгдсэнээр, хулгана хээлээ ердөө 19 долоо хоног тээдэг, учраас гөлчгийн тархины хөгжил хүнийхээс хамаагүй бага байдаг. Тийм болохоор гар утасны туяа хүний үр хөврөлд шууд нөлөөлж байгаа эсэхийг дахин судлах хэрэгтэй ажээ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш