Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх нь Ц.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хаалттай шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Ц.Батдэлгэр нь 2008 оны 12 дугаар сарын 16-нд тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 40 жилийн өндөрлөг гэх хөшөөний дэргэд насанд хүрээгүй 17 настай Б-д хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн, 2009 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн шүтээний өндөрлөг гэх газар насанд хүрээгүй 17 настай М-г бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлахын тулд онц харгис хэрцгий аргаар санаатай алсан юм. Мөн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өглөө 7 цаг 30 минутад тус аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн 40 жилийн өндөрлөг гэх хөшөөний хойд жалганд насанд хүрээгүй 16 настай Л-д хутга тулган айлган сүрдүүлж хүч хэрэглэн давтан хүчиндсэн, мөн оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 7 цаг 30 минутын орчим тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн насанд хүрээгүй 17 настай П-д хутга тулган заналхийлж хүчиндэж алахыг завдсан, 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 7 цагийн орчим 51 настай Ц-д хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, 10 мянган төгрөгийг дээрэмдэн авсан онц хүнд хэргүүдийг үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 91.2.15, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлахын тулд онц харгис хэрцгий аргаар М-г санаатайгаар амь насыг нь хохироосон, бусдын эд зүйлийг дээрэмдсэн, хүчиндэж алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдууллаа.