-Дуучин Гантулга гадагшаа их явж байгаа сурагтай. Уран бүтээлийн олз омог хэр байна?
-Нэг хэсэг уран бүтээлээ завсарласан. Олон жил урлагийн гал тогоонд явж, зовлон жаргалыг нь мэдцэг болохоор жижиг юмаар оролдох сонирхолгүй болчихдог юм байна. Үлдэцтэй, хит болохоор уран бүтээлд хүчээ дайчлах сонирхолтой байгаа. Харамсалтай нь тэр болгон хит болчихоор дуу таарахгүй байна. Хэсэг завсарласны эцэст овоо уран бүтээл цуглуулж авсан. Жилийн емне би “Дэд Маршал” продакшныг байгуулсан. Харин ойрын үед уран бүтээлийн олз омог ихтэй байна. Гадаадаар явж, уран бүтээлийн шинэ төлөвлөгөөнүүд гаргаж байна. Өнгөрсөн намар Хилийн цэргийн удирдлагуудтай гэрээ хийж, Хилийн цэргийн олон сайхан дуунуудыг дуулж,заставын амьдралыг харуулсан клип хийсэн. Энэ ажилд манай олон гавьяат оролцсон. Цэргийн баяраар үзэгчидэд хүрэх байх.
-Н.Гантулга Цэргийн баяраар байнга тоглолт хийдэг. Харин энэ жил яагаад чимээгүй байна вэ?
-Энэ жилийн Цэргийн баяраар тоглолт хийхгүй. Би дандаа сондгой тоон дээр тоглолт хийдэг. Анх 2001 онд “Надаас урссан аялгуу” нэртэй тоглолтоо тавьж байсан. Тэрнээс хойш 2005, 2007, 2009, 2011 онд тоглолт хийсэн. Тоглолтууд маань ч сайхан болсон. Үзэгчидэд ч таалагдсан. Надад асар их их эрч хүч өгсөн. Би мөрдөс зүүж, цэргийн алба хаасан, эх орныхоо өмнө тангараг өргөсөн эрчүүдийнхээ зүрх сэтгэлд маш ойрхон явахыг хүсдэг. Залуучуудаа магтан дуулахаас гадна өнөөгийн Монгол орны тусгаар тогтнол, ийм сайхан эх орныг бий болгосон өвөг дээдсийнхээ сайхан түүхийг сурталчлаж дуулах ёстой гэж бодцог. Би өөрийгөө монголын залуучууд омог бардам явж, эх орон, эр цэргээрээ бахархаж, эх оронч эрчүүдийг бий болгон төлөвшүүлэхэд жижигхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа хүн гэж боддог. Миний ээж аав, эмээ өвөө гэр бүл минь цэргийн хүмүүс Өвөө маань хурандаа, ээж маань хошууч цолтой бэлтгэл офицерууд байдаг. Ер нь цэргийн хүмүүсийн амьдрал дунд өссөнөөрөө бахархдаг гэж хэлж болно.
-Сүүлийн үед манай уран бүтээлчид цэрэг эх орны тухай дуу дуулахаасаа илүүтэйгээр л улс төрждөг болж? Нэр дэвшинэ, Их хурлын гишүүн болно гэдэг сонирхолтой дуучид цөөнгүй байна шүү дээ?
Манай урлагийнхнаас нэг бус хүн улс төрд гүнзгий орж байгаа. Би үүнийг буруушаахгүй. Яагаад заавал хуульч, эдийн засагч, спортынхон л улс төр рүү орох ёстой юм бэ? Энэ оронд сонгох сонгогдох эрх нь нээлттэй. Тиймээс хүн өөртөө итгэлтэй, өөрийнхөө мэдлэгийг үнэлж, өөртөө зорьсон зорилготой, чадна, хийнэ бүтээнэ гэсэн ийм зүрх сэтгэл байгаа цагт нэр дэвшиж болно. Би урлагийнханг улс төрд орж байгааг хувьдаа дэмждэг. Харин тухайн дэвшиж байгаа хүмүүс маань хэр зэрэг боловсрол мэдлэгтэй вэ?
Үнэхээр эх орон, ард түмнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулж сэтгэлээсээ ажиллаж чадах уу? Үгүй юу? Тухайн хүний мэдлэг боловсрол хүрэлцэх үү? Үгүй юу? гэдэг дээр л асуудал байдаг. Түүнээс юу ч мэдцэггүй хуульч, юу ч мэддэггүй эдийн засагч орчлон хорвоогоор дүүрэн л байдаг. Тэдэнд л улс төр нээлттэй байдаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй.
-Европоор хаагуур, хаагуур тоглолт хийгээд ирэв ээ? Европод байгаа Монголчууд уран бүтээлчидээ хэр хүлээж авах юм. Зардал мөнгө өндөр үү? Ашиг орлого хэр олдог вэ?
-Ер нь орлогосоод байх юм байдаггүй. Зүгээр л сайхан газар үзээд, зардлаа олоод shopping хийгээд л ирдэг. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөж, бас амарч, дуучидтайгаа хамт барууны хөгжмийг судлаад л ирдэг. Түүнээс биш ашиг орлого олох гэж гадаадад тоглолт хийдэггүй. Бидэнд асар их хэмжээний ашиг олох боломж ч байхгүй. Яагаад заавал дэлхий ертөнцийг донсолгосон хөгжим баруун талдаа байдаг юм. MTV, Oscar, Hollywood одод нь яагаад баруунаас тодроод, эзэгнээд байдгийг бид судлаж үзэх шаардлагатай. Тэрнээс гадна барууныхны ажил амьдрал үнэхээр гайхалтай. Юунд ч санаа зовоод байх юм байхгүй. Цалин мөнгө нь ч амьдралд нь хүрэлцээтэй. Хүмүүсийн ярьдгаар ертөнцийн диваажин баруунд л байдаг. Хүний эрхийг дээдэлсэн тэр сайхан газар зугаалах сайхан. Манайхан тоглолтоос гадна зЬорртд хийгээд , газар үзээд ирцгээдэг. Гадаадад Монголчууд нь ч сэтгэлээсээ ханддаг. Тоглолтоо ирж үзээд л… Ялангуяа Чех, Герман, Швейцарьт байгаа Монголчууд их сайхан хүлээж авсан. Зарим нэгэн орнууд жишээ нь Бельги гэхэд маш цөөхөн Монголтой. Үсрээд л 50-100 орчим хүн л цуглардаг юм байна лээ. Манайхны тогтсон ханшаар 20-25 еврогоор билетээ зардаг. Би урд нь ч 2001, 2002 онд явж байсан. Ер нь тэгээд амрах гэж, юм үзэж нүд тайлах гэж л явдаг юм ш дээ.
-Гадагшаа тоглолт хийхдээ хэдэн хүний явдаг юм бэ?
-Баруун руу 3-4, Солонгос руу 5-6 хүнтэй л явдаг. Сүүлийн үед Солонгос руу маш их явж байгаа. Өнгөрсөн сард таван удаа яваад ирсэн.
-Солонгост байгаа монголчууд таныг их сайн хүлээж авдаг юм аа даа?
-Ер нь бол Солонгост байгаа Монголчууд өдөр амарч алжаалаа тайлж, найзуудтайгаа уулзаж, гоё тоглолт үзээд доргиж, стрессээ тайлдаг. Бид бүгдээрээ тэнд очиж ая дуугаа өргөдөг. Би дандаа дуулаад байдаггүй. Ерөнхийдөө урлагийн менежер болсон гэхүүдээ.
-Урлагийн хүний нүдээр харахад Ази, Европод ажиллаж амьдарч буй Монголчуудын хооронд ялгаа байна уу?
-Байна аа, байна. Европод байгаа Монголчууд нэг их ядарсан харагддаггүй, брэнд хөөсөн, гоё гоё машин унасан хүмүүс байдаг. Харин Солонгост байгаа Монголчууд маш их хөдөлмөрч, амрах завгүй амьдардаг.
Европод бол зөвхөн амьдрахад л сайхан орчин, нэг их мөнгө хураагаад байдаггүй юм шиг байгаан. Харин Солонгосын Монголчууд цаг наргүй ажиллаж нэг хүний цалин нэг саяас нэг сая 500 мянган вон олдог. Олсон мөнгөнийхөө 70 хувийг нь ар гэрлүүгээ явуулаад байдаг юм шиг байгаан. Европод байгаа Монголчууд үсрээд л 5-6 цаг ажилладаг. Харин хуучин бол Европод мөнгө төгрөг хураадаг байсан. Одоо Солонгост жаахан ч гэсэн мөнгө хураадаг болсон юмаа даа. Урьд нь Солонгосын эдийн засаг уналтанд орж байсан. 2008-2009 оноос хойш шал ондоо болсон. Европод байгаа Монголчууд их өвөрмөц бэлэг сэлт өгдөг. Ямар ч стрессгүй амьдарч чаддаг. Ямар нэгэн утаа бөглөө, нийгмийн янз бүрийн асуудлыг тэр дор нь шийдчихдэг. Нийгмээ дагаад ч сэтгэхүй нь ч ондоо.
-Таны уран бүтээлийг харахад ганцаардмал байдал ажиглагддаг. Хэн нэгэнтэй хамтраад дуулсан дуу ховор шүү дээ. Цаашдаа ч гэсэн иймэрхүү л байх уу?
-Би Ангирмаатайгаа дуулсан Сараа бид хоёрын “Миний хайр” гээд дуу байгаа. Амаржаргал маань Англи явчихлаа. Балхжавын нэг гоё дууг бид хоёр дуулсан юм. Түүнээс нэг хөтлөлцөж гүйсэн балиар дуу надад байхгүй. Өнөө үед хүн заавал нэг шинэ юмыг эрэлхийлж гаргахгүй бол худпаа болжээ. МУГЖ Төмөрбаатар ах тайзыг үнэхээр эзэгнэж чадцаг дуучин. Ардаа хөгжимтэй ч бай фонаграммтай ч бай тэр үнэхээр тайзыг эзэгнэж чаддаг. Би Төмөрбаатар ахаасаа үлгэр дуурайлал авахыг хичээдэг. Харамсалтай нь тэрэн шиг хүн Монголд даанч төрсөнгүй.
-Сонгуулийн үеэр уран бүтээлчид мөнгө их хийдэг. Намын харъяалалд орж уран бүтээлээ хийдэг. Таны хувьд?
-Үгүй ээ тийм биш. Бас бодлоготой ш дээ. Мөнгө өгсөн болгон дээр нь очиж дуулаад байдаг бол нэг талдаа өрөвдмөөр, инээдэмтэй. Шинэ залуу хамтлагуудад бол хамаагүй. Тэд чинь танигдах гэж л яваа хүмүүс. Урлагийн тогоонд олон жил явсан хүний хувьд ийм асуудал надад байхгүй. Миний хувьд үзэл бодолтой ,ямарваа нэгэн юманд тууштай байх сонирхолтой.
-Гантулга гэдэг дуучны хувийн амьдрал ээдрээтэй, их сенсааци тарьдаг дуучин гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Би олны танил болсон хүн ямар ч сенсаацигүй амьдарч болохгүй шүү дээ. Хэнд ч хэрэггүй хүн бол олны танил хүн биш. Ямар ч “но”-гүй олны танил хүнийг хаанаас ч хайгаад олохгүй. Тийм хүн байдаггүй юм. Нэгэнтээ олны танил болсон бол тэрийгээ даах чадвартай байх ёстой. Гантулга өнөөдөр хүн алаагүй, хууль зөрчөөгүй. Бусдын амьдралд байдаг зүйл л надад учирдаг. Би хувьдаа мөрөөдлөө биелүүлсэн. Би дуучин болохыг мөрөөддөг байсан. Энд дуучин Гантулга явж байна гэж хэлснийхээ дараа араас нь миний тухай муу муухай зүйлээ ярьдаг. Тэгэхлээр миний овог аль хэдийнээ дуучин болчихсон. Энэ миний мөрөөдөл. Хэрвээ олонд танигдсан л бол ямарваа нэгэн дуулианы дунд явдаг. Тэр хүн хүн шиг л амьдардаг, гэвч тэр хүнд л сонин содон харагдаж байдаг. Тэдэнд ямар нэгэн бохир асуудал байхгүй. Харин жинхэнэ бохир хүмүүс чинь улс төрчид. Тэд эдийн засагт асар их хор нөлөө учруулж байдаг. Манай урлагийнхан ийм их будлиантай хүмүүс биш. Хүний амьдралд байдаг л нэг юмыг өлгөөд авчихдаг болохоос биш бид л сайн сайхны төлөө уран бүгээлээ өргөдөг. Хандив, мөнгө цуглуулах, хүнд хэрэгтэй ямар нэг ажил зохиох болоход манай урлагийнхан л гитараа бариад, хувцасаад солиод очихсон байдаг ш дээ. Тийм болохоор би урлагийнханыгаа муулуулах дургүй. Бид чинь их гэгээлэг хүмүүс шүү дээ.
-Та өөрөөсөө олон эгч бүсгүйтэй амьдрал зохиосон. Их аварга Дагвадоржийн хадам ээж учраас маш их хэл ам гарч байсан. Сүүлийн үед та хоёрыг салсан гэдэг мэдээлэл цацагдаад байх болж?
-Эрдэнэчимэг бид хоер хамт амьдарч байгаа. Энэ үнэн. Би хүнийг хайрлах хувьтай төрсөн. Яагаад болохгүй гэж Гантулга л болохоор болдоггүй юм уу. Миний амьдрал болж л байна. Сайхан л байна. Би тэр хүнийг хайрлана гэж амласан. Амласандаа ч хүрч байгаа.
-Таны охин Англиас ирсэн сурагтай. Экс эхнэр тань сүлжээний бизнес эрхлэж байгаа гэл үү?
-Тиймээ миний охин Англид сурч байгаа. Ирэх сард Лондон руу буцаад явна. Одоогоор Гантулгын Мөнхдөл гэдэг 10 настай нэг л хөөрхөн охинтой. Хол байдаг болохоор дандаа уулзаад байж чаддаггүй. Тиймээс охинтойгоо хамт байхыг аль болохоор хичээж байна. Хүний эрхийг дээдэлдэг тэр сайхан газар охин маань сурч байна. Би охиноо урлагийн хүн болгохыг хүсдэггүй. Өнөөгийн нийгэмд охиноо өөрийнх нь хүслээр амьдруулна.
Эх сурвалж: “Тэргүүн “