logo
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 82 хувьтай байна

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 82 хувьтай байна

2012/03/22
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2011 оны байдлаар 82 хувьтай. Зарим зорилтын энэ онд хүлээгдэж байгаа үр дүнг тооцож үзэхэд эхний хагас жилийн байдлаар 87 орчим хувьд хүрэх төлөвтэй байна хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулжээ.
    Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үр дүнд нь бий болсон олон эерэг үзүүлэлтийг тогтворжуулан, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ.
Тэгвэл өнгөрсөн онд нэн тэргүүнд макро эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Энэ ололт амжилтдаа тулгуурлан ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын заримынх нь үр дүн гарч байгааг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдсан байна.
Түүнчлэн 2011 он  тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх олон ажлыг эхлүүлж, хэрэгжих эх суурийг нь тавьсан жил болсон байна.
Цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг, дунд үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх, нөөц нь тогтоогдсон стратегийн зарим ордыг эргэлтэд оруулах зэрэг зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сайтар нягтлан, сайд нараас гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуралдаанаас шийдвэрлэжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш