logo
Обамагийн дансанд илүү их мөнгө оржээ

Обамагийн дансанд илүү их мөнгө оржээ

2012/03/22
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн кампанит ажилдаа зориулан цуглуулсан мөнгөнийхөө хэмжээгээр өрсөлдөгчид болох бүгд найрамдахчуудыг ардаа орхижээ.
Одоогийн байдлаар Обама болон Ардчилсан намын Үндэсний хороо 255 сая доллар цуглуулаад байгаа бол түүний гол өрсөлдөгч болох Митт Ромни 63,1 сая доллартой болоод байна. Нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцож буй Бүгд найрамдах намын дөрвөн нэр дэвшигчийн цуглуулсан мөнгийг нийлүүлэн тооцвол 145 сая орчим доллар болж байна. Одоогийн байдлаар, Обамагийн дансанд 75 сая орчим доллар ороод байгаа аж.
Цагаан ордны одоогийн эзэн зөвхөн хоёрдугаар сард гэхэд хандивын мөнгө цуглуулах аянаа эрчимжүүлж, 45 сая доллар цуглуулж чаджээ. Сүүлийн долоо хоногуудад Обама төрөлх хот Чикаго болон Атланта, Майами, Лос-Анжелес, Сан-Франциско, Сиэтл зэрэг томоохон хотуудад хандивын мөнгө цуглуулах олон арга хэмжээнд оролцсон байна. Харин өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр 29 сая доллар олж чадсан бол Ромни ердөө 6,5 сая доллар цуглуулжээ.
Үүний зэрэгцээ Обамагийн энэ үзүүлэлт нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтээс давж чадаагүй байна. 2008 оны хоёрдугаар сард түүний хандивын санд 56 сая доллар цугларч байжээ. Сонгуулийн кампанит ажлын нэгэн чухал зүйл нь мөнгө байдаг учраас энэ байдал нь Обамагийн туслагчдын санааг зовж байгаа аж.
Өөр нэгэн санаа зовоож байгаа зүйл бол Ардчилсан намыг дэмжигч чинээлэг иргэдийн өргөдөг хандивын хэмжээ багассан явдал. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын штабаас мэдээлснээр, баячуудын түүний санд оруулж байгаа мөнгөний дундаж хэмжээ 59 доллар байгаа бол харин улстөрийн доноруудынх нь ердөө хоёр хувь нь 250 долларыг чекээр илгээжээ.
Түүний сацуу, хэрвээ яг өнөөдөр сонгууль болбол Обама болон Ромни нарын ялах магадлал яг тэнцүү байгааг олон нийтийн дунд явуулсан судалгааны дүн харуулсан байна.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш