Энэ оны зургаан сараас олборлолтоо эхлүүлэх учиртай "Оюутолгой" төсөл удааширч магадгүй бололтой. Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах ажлыг “Айвенхоу Майнз” хятадын талтай хийсэн гэгдээд байгаа бөгөөд хоёр тал гэрээний зарим зүйл заалтууд дээр тохиролцож чадаагүй бололтой. "Оюутолгой" төслийн нийт зардалын 30 гаруй хувийг зөвхөн цахилгаанд зарцуулах тооцоо байгаа тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга олон нийтэд мэдээлсэн.
“Айвенхоу Майнз” Оюутолгойг эрчим хүчээр хангахын тулд эхний дөрвөн жилд Хятадаас эрчим хүч импортлохоор тус улсын албаны хүмүүстэй гэрээ хийхээр ярьж байгаа билээ. Гэвч Оюутолгойг Өвөрмонголын эрчим хүчний сүлжээтэй холбох 220 кВ-ын эрчим хүчний шугам барих гэрээнд талууд тохиролцолд хүрч чадаагүй байна. Айвенхоу Майнз Өвөрмонголын эрчим хүчний сүлжээтэй холбогдож, ирэх дөрвөн жилд Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэр болон ажилчдын тосгоныг эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Гэвч Монгол, Хятадын талын албаны хүмүүс гэрээний нөхцөл дээр тохиролцож чадахгүй байгаа талаар “Айвенхоу Майнз”-ын төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна. Хэрэв талууд эрчим хүчний асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол “Айвенхоу Майнз” төлөвлөсний дагуу 2012 оны эхний улиралд олборлолтыг эхлүүлж чадахгүй. Эрчим хүч Хятадаас импортлох хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Айвенхоу Майнз олборлолтоо төлөвлөсний дагуу хугацаанд нь эхлүүлэхийн тулд эрчим хүч гаргах дизель үүсгүүр хэрэглэх гэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд олборлолтыг эхлүүлснээс дөрвөн жилийн дараа эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх ЦС байгуулах тухай заасан байдаг аж.