15 жил япончуудад мөлжүүлсэн Монголын хэрэглэгчид “Мобиком”-оос татгалзах цаг болжээ. “Мобиком” явцгүй болсон бололтой. Монголд үүрэн холбоог үүсгэн байгуулсан хэмээн өөрсдийгөө дөвийлгөх дуртай “Мобиком” ХХК-ийн үнэнч хэрэглэгчдээс эхлээд захирал, удирдлагууд нь хүртэл татгалзаж эхэллээ.
“Мобиком” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болор Японы хөрөнгө оруулалттай тус компаниас албан ёсоор татгалзсанаа өчигдөр хэвлэлээр дамжуулан ил цагаан мэдэгдэв. Тэгвэл энэ “дэгжин” мэдэгдэл олон нийтэд нэгийг бодогдуулсан биз ээ.
Д.Болор гэх энэ эрхмийн хувьд харилцаа холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, туршлага, чадвараараа манайдаа л толгой цохидог мэргэжилтнүүдийн нэг гэдэг юм билээ.
Харин “Мобиком” компанийн хувьд хааяахан мессэж бичих, төрсөн өдрөөрөө сүлжээндээ үнэгүй ярих, цэнэглэгч карт нь өдөртөө хэдэн нэгжээр үнэгүй ярих гэх мэтийн амиа аргацаасан зүйлсийг эс тооцвол өөр дорвитой урамшуулал байдаггүй.
Гэвч япон хөрөнгө оруулагчдын монголчуудыг басамжилдаг иймэрхүү үлбэгэр байдал Д.Болор захирлыг эвгүйцүүлсэн үү, яасан ямар ч байсан тэрбээр ажлаа өгснөө бахархалтайгаар мэдэгдлээ.
Тэгвэл Д.Болор захирлын энэ үйлдэл “Мобиком” ХХК-ийн өнөөгийн байр суурь ганхаж байгаагийн тод илрэл болох шиг.
Элдэв баяр болохоор л ачааллаа даахаа болилоо гэх дурамчхан мессэжийг хэрэглэгчдэдээ илгээнэ. Яах вэ нэгэн үе “Мобиком”-ыг монополь эрхтэй байхад хэрэглэгчид хүлцэнгүй байсан нь үнэн. Гэвч өдгөө “Мобиком”-оос ч илүү гарах хэмжээний үүрэн холбооны дөрвөн оператор Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс 15 жил Монголын хэрэглэгчдийг шулсан тэд энэ “гажиг” менежментээсээ салахаас нааш ийм хүнд байдлаас гарах нь юу л бол.
Харин Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын хувь нийлүүлсэн “Скайтел” компанийг Д.Болор захирал удирдах болсон. Ингэснээр ТУЗ-ийн хуралдаанаас Д.Болорыг компанийн гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргаж, өндөр цалингаас гадна “Скайтел”-ын 1.5 хувь эзэмшинэ гэсэн гэрээтэйгээр “Мобиком”-оос салгасан сурагтай.
Ямартай ч Д.Болорын энэ шийдвэр ганхаж ядаж байсан “Мобиком” компанийг улам ч хүнд байдалд орууллаа. Тиймээс 15 жил япончуудад мөлжүүлсэн Монголын хэрэглэгчид менежментийн доголдолд орсон “Мобиком”-оос татгалзах цаг болжээ.