logo
Индонезийн найман настай бяцхан тамхичин

Индонезийн найман настай бяцхан тамхичин

2012/03/23
Бид өмнө нь өдөрт 40 ширхэг тамхи татдаг Индонезийн 2 настай Арди Ризал гэдэг бяцхан тамхичны талаар мэдээлж байсан. Түүний харалган бодолтой эцэг нь 18 сартай байхад нь анх тамхи татуулснаар дэлхийн хамгийн бяцхан тамхичинг төрүүлсэн юм. Тэгвэл Индозедид мөн 8 настай тамхичин байна. 8 настай Ади Илхам мөн багаасаа тамхинд оржээ. Тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг.  4 настайгаасаа тамхи татаж эхэлсэн бөгөөд эцэг, эх нь түүнд тамхины мөнгө өгдөг байснаас тамхинд бүр илүү донтжээ. Ади Илхам өдөрт 5 мянган Рупи буюу 50 центийг тамхинд зарцуулдаг. Эцэг эх нь түүний тамхи татах муу зуршлыг дийлэхээ больжээ. Түүний ээж Ненагийн ярьж байгаагаар Адиг тамхи татуулахгүй бол уурлаж гэрийнхээ цонхоо хагалаад гардаг байна. Тэрээр 5 удаа цонхоо хагалжээ. Индонезид тамхи татах эсвэл худалдаалах насны хязгаар тогтоогоогүй байдгаас хүүхдүүд багаасаа тамхинд орох нь их байдаг аж. 239 сая хүн амтай энэ Азийн лалын шашинт улсын 3 хүн тутмын нэг нь тамхи татдаг байна. Индонезид бага насны хүүхдийг тамхи татахаас сэргийлэх хууль байхгүйгээс Ади Илхам мэтийн бага насны хүүхэд тамхинд орж байна гэж Хүүхдийг Хамгаалах Хорооны ажилтан Мария Улфа Аншор хэллээ. Индонезийн засгийн газар тамхи үйлдвэрлэгчдээс хураасан татвараараа жилд 7 тэрбум орчим доллар олдог гэсэн судалгаа байдаг байна. Хэдийгээр тамхины үйлдвэрлэл Индонезид ажлын байрыг нэмэгдүүлж байгаа ч мөн бага насны тамхичдыг давхар төрүүлж байна. Ади Илхам тамхинд донтсон муу зуршлаасаа болж сургуульд яваж чадалгүй завсарджээ. Тамхинд никотин гэдэг донтуулагч химийн бодис байдаг бөгөөд хүмүүс яваандаа тамхинд хэт донтож, салж чадахаа болин эрүүл мэндээрээ ч эдийн засгаараа ч хохирдог юм. АНУ болон Европын орнуудад олон нийтийн газар болон хоолны газар тамхи татахыг хориглосон хууль гаргаж, идэвхтнүүд тамхи татахгүй байхыг хүмүүст урилж эхлээд байхад Индонези, Хятад зэрэг Азийн орнуудын засгийн газрын харалган бодлогоос болж, тамхи татагсдын тоо өссөөр байгаа юм.           
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш