logo
Америк цэргүүдийн цогцсыг хайх ажиллагаа түр зогсов

Америк цэргүүдийн цогцсыг хайх ажиллагаа түр зогсов

2012/03/24
1950-1953 оны дайны үеэр БНАСАУ-ын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын цогцсыг хайх ажиллагаагаа АНУ дахин түр зогсоолоо. Вашинггон болон Пхеньян хоорондын тохиролцооноос үзвэл, АНУ-ын эрэл хайгуулын хэсгийн түрүүч энэ сард Умард Солонгост очих ёстой байсан юм. Гэвч сүүлийн үед БНАСАУ-ын байдал олон улсын хамтын нийгэмлэг Пхеньянаас мөрдөхийг хүсч буй стандартад нийцэхгүй байна гэж Пентагон үзэж байгаа аж.

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтлийн тайлбарласнаар, БНАСАУ баллистик пуужин хөөргөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдэж, Өмнөд Солонгосын эсрэг дайсагнасан мэдэгдэл хийж байгааг өдөөн хатгалга гэж үзэж болохоор байна. Солонгосын дайны үеэр сураггүй алга бологсдыг хайх нь АНУ-ын тэргүүлэх зорилт учир Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг хайх ажлаа сэргээнэ гэж Литтл нэмж хэлжээ.

Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг хайх хамтарсан комисс 1996 онд байгуулагдсан. Энэ нь АНУ болон БНАСАУ хоорондын цэргийн хамтын ажиллагааны цорын ганц хэлбэр юм. Хоёр орны харилцаа хурцадсан үеүдэд комиссын ажил нэг бус удаа тасарч байжээ. Сүүлийн удаа 2005 оны тавдугаар сард, бага Жорж Бушийн Засгийн газар БНАСАУ-ын нутаг дэвсгэрт эрэл хайгуул хийж байсан шинжээчдийнхээ аюулгүй байдалд сэтгэл түгшиж буйгаа мэдэгдсэнээр тасарсан билээ.

Өнгөрсөн хугацаанд БНАСАУ-аас АНУ руу 225 цэргийн цогцсыг зөөн аваачжээ. Пентагоны мэдээлснээр, дайнд оролцсон 8000 орчим америк цэрэг өнөөг хүртэл сураггүй алга болсонд тооцогдож байна. Одоо БНАСАУ-ын нутаг дэвсгэрт 5500 цэргийн шарил байж магадгүй ажээ.

З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш