Одоогоос яг жилийн өмнө буюу гуравдугаар сарын 19-нд Солонгосын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулах үйл ажиллагаанд Монголын талаас “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа гэдэг хүн оролцсон байна. Энэ хүний БНСУ уруу явж гэрээ байгуулсан үеийн зураг, мэдээ нь интернэтэд хүртэл тавигджээ. Харин энэ тухай ноён Х.Баттулга “Тийм юм болоогүй. Ташаа мэдээлэл” гэж хэлж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тэрхүү 20 хуудас гэрээг үйлдсэн нь яруу тодоор батлагдаж байна. Харамсалтай нь, энэ гэрээг Засгийн газар ч, салбарын яам нь ч, Төмөр замын хэрэг эрхлэх газар ч мэдээгүй бөгөөд ар хударгаар нь үйлдэгдчихсэн хэрэг.
Хэрвээ энэ гэрээ хууль ёсны агаад зохих шаардлагыг хангасан л юм бол ийм нууц байдлаар хийгдэх ёсгүй. Ийм их хэмжээний хөрөнгө шаардагдах төслийг огт тендер зарлалгүйгээр хийх эрх сайдад байхгүй. Учир нь энэхүү 20 хуудас гэрээнд “Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам тавина. Нэг км төмөр замын өртөг нь 2.1-2.5 сая ам.доллар байна. Нийт 1100 км төмөр зам тавибал 2.1-2.5 тэрбум ам.доллар зарцуулна” гэсэн тооцоо хийгджээ. 2.5 тэрбум ам.доллар бол их хэмжээний мөнгө. Гэтэл мань сайд уг гэрээг Засгийн газар, салбарын яамандаа ч мэдэгдэлгүй хав дарсан байх юм. Хамгийн сонирхолтой нь, гэрээ байгуулж Монголын талаас оролцсон Б.Батзаяа нь Х.Баттулгын бие хамгаалагч залуу гэнэ. / Цахим хуудаст тавигдсан зурагтай мэдээллийг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна/.
Тэрбээр одоо МоАХ-нд сүүлийн үед ихээхэн хөдөлгөөнд ороод байгаа хэсэг залуусыг идэвхийлэн толгойлогч . Үүгээр ч зогсохгүй тэрхүү нууц гэрээнд Чойбалсан чиглэлийн төсөл амжилттай хэрэгжвэл хоёрдугаар ээлжинд Гашуун сухайт, Нарийн сухайт чиглэлд төмөр зам тавина гэж заасан байж. Хэрвээ тэдний хүссэнчлэн гэрээнд заасны дагуу ажил явагдвал Гашуун сухайт, Нарийн сухайт руу тавих төмөр замын ажил бүтэлгүй тийшээгээ хандах нь ойлгомжтой юм.
Зөвлөхдөө давуу эрх олгосон нь хууль зөрчөөгүй хэрэг үү?
Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа орон сууцжуулах хөтөлбөрт ойр дотнын хүмүүстээ давуу эрх олгожээ. Түүний орон тооны бус зөвлөх Ууганбаяр урд хөрш уруу явж 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцсоноос үзвэл ингэж хардах бүрэн үндэслэл бий. Энэхүү 300 сая ам.доллараар орон сууцны хороолол барихад Монголын талын оролцогч нь Ууганбаярын хувийн “UB” компани байна гэсэн яриа хэлцэл хүртэл хийснээс дүгнэвэл Х.Баттулга сайд асныг хууль зөрчөөгүй гэж лав хэлэхгүй байх.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхий сайд С.Батболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгчээ. Ямар учраас өөрийнх нь бие хамгаалагч Солонгосын консорциумтай төмөр зам барих гэрээ байгуулдаг юм, яагаад хувийнх нь зөвлөх Хятадаас авах зээлийн хөрөнгөөр барих бүтээн байгуулалтад давуу эрхтэй оролцохоор болов гэдгээ эхлээд шалгуулах хэрэгтэй. Бусад уруу. үсчиж буруутгаж суухынхаа оронд Х.Баттулга АТГ-т өөрийгөө шалгуулсан нь дээргүй юу?
Н.Цэцэрлэг