Гэхдээ ам алдсан уу, амин зорилго нь байсан уу гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан МАХН-ын байр руу дайрч ороход уриалсан түүний үг ийн телевизийн бичлэгт үлдсэн юм. Харин их удалгүй мөнөөх хүч нь араас нь ирсэн үү яасан МАХН-ын байр руу тэр дайрсан. Ингэхдээ шилэн хаалгыг нь хагалж орох анхны “шан”-г татсаныг ч тэнд цугларагсад бүгд харсан. Тэр үед цөс нь хөөрсөн залуус түүнийг балиашиглан МАХН-ын байр руу баатрын цөсөөр дайрсан нь худлаа биш.
Мөн л тэр өдөр тус намын байрны өмнө цугларсан олны мянга, мянган нүд үүнийг гэрчилнэ. Үүнд Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар ч хамаарна. Иймд тэдний тухайн өдөр гаргасан үйлдлийг өнөөдөр эрч хүч, зоримог энэ тэр гэж үнэлбэл гэм нүгэл болох мэт. Учир нь “Араас манай хүч ирнэ, тэгээд дайрч орно” хэмээн эхлүүлсэн тэмцлийнх нь төлөөсөнд таван залуу, хоёр цагдаа нас барсныг бид мэдэх болохоор тэр. Харин асуудал хурцдах үед О.Магнай, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан хийгээд бусад иргэний хөдөлгөөнийхөн бүгд алга болчихсон. Яг л “Үхсэн мэт чимээгүй болчих юмаа” гэдэгтэй адил алга болсон. Энэ талаараа О.Магнай сүүлд нь “Тухайн үеийн бичлэгийг сайн үзэх хэрэгтэй. Би үймээн самуун дэгдээхгүй байх үүднээс өөрөөс шалтгаалах бүгдийг хийсэн. Ний нуугүй хэлэхэд цагдаа нарын хийсэн үйлдэл эмх замбараагүй байдлыг бий болгосон. Ийм байдал нэгэнт үүссэний дараа хувь хүнээс шалтгаалж зогсоох ямар нэгэн боломж байгаагүй. Харин ч тэр шөнө намайг алах гэж араас минь зөндөө хөөсөн” хэмээн өөрийгөө цагаатгасан байдаг. Гэхдээ өөрийг нь яаж мөрдөж, мөшгиж, алахаар завдаж байсныг гэрчилж чаддаггүй. Харин өдгөө “Долдугаар сарын 1-нд” ял авсан залуусыг өөрийнх нь хийх гээд байгаа хувьсгалд нэгдэх эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Тэд Монголын төрөөс авлагатай хүмүүс. Тэгэхээр авлагаа авах байлгүй дээ” хэмээн хариулжээ. Энэ үгээрээ тэр дахиад л олныг өдөөн турхирч байгаа нь гарцаагүй. Өшөө хорслоо тайлах тэр зам руу ч хөтөлж байна гэж хэлж болно. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-нийг хэн эхлүүлсэн болох, хэн хурцалсан болох бодит үнэн. Цаашлаад зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээс хамаарч дараагийн долдугаар сарын 1-нийг өдүүлэхгүй гэх баталгаагүй аж. Мэдээж О.Магнай хийгээд түүний нөхдийн зүгээс. Нөхдийнх нь дунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, М.Энхсайхан тэргүүнтүүд орчихсон гэж үзвэл бүр ч аюултай. Мөн Монголын ардчилсан холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож буйгаас нь харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга ч хүч нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ энэ сэдвийг түр орхиод эргээд 2008 он руугаа ороход хэд хэдэн хүнийг О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нартай нэгтгэж үзэхээс өөр сонголт үгүй.
УИХ-ын гишүүн Д.Энхбатын Сүхбаатарын талбайд “Тэмцэх болно” гэсэн уриалга, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Бид ялагдсан л бол сонгуульд үнэн гэж байхгүй” гэх маягаар олныг бухимдуулсан мэдэгдэл бүгд тэр өдрийн эмгэнэлд хамаарна. Гэсэн ч өнөөдөр зөвхөн нэг буруутантай болчихсон. Нөгөө хүч ирэхийг төлөвлөөд байсан О.Магнай, тэмцэлд уриалаад байсан Ардчилсан намынхан нь алга болчихсон. Монголын төр өнөөдөр олны өмнө, түмний нүдэн дээр долдугаар сарын 1-нийг эхлүүлсэн тэднийг мартчихсан хэрнээ зөвхөн цагдаа руу чичиж байна. О.Магнай, Ц.Элбэгдорж, Д.Энхбат тэргүүтэнд үүрсэн гэм, хүлээсэн гэмшил гэж алга. Гэмгүй залуусын амь насыг золионд гаргах их үймээнийг эхлүүлчихээд өөрийгөө ардчилсан хэмээн тодорхойлсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бол бүр ч хамаагүй болжээ. Харамсалтай хэрэг.
Түүнчлэн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гээд бүгдээс нь Монголын шүүх үнэнийг асуух цаг ирсэн байна. Тодруулбал зөвхөн цагдаа бус бүгдийг нь шүүхийн өмнө эрх тэгшээр дуудах цаг болжээ. Хутган үймүүлсэн, уриалан дуудсан, гэмтэж хохирсон, хөрөнгөө сүйтгүүлсэн, өмгөөлж хамгаалсан гээд бүгдийг нь. Ингэж чадахгүй бол 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг Монгол Улсын түүхээс хасах ганцхан шударга сонголт байж болох юм. Мэдээж болдогсон бол шүү дээ. Нэгэнт ийм боломж байхгүйгээс хойш гэмийг зөвхөн Ч.Амарболд генерал, үүргээ биелүүлсэн цагдаа нараас эрж байхаар хамтад нь эрцгээе. Эс бол цөөнхийг хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэлт болж өнгөрөхийг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Ичсэн хүн хүн ална гэдэг л байхгүй юу. Энэ үйл явдлын гол баатар нь О.Магнай өөрөө шүү дээ. Тэр өөрөөсөө хариуцлагыг зайлуулах гэж ингэсэн. Үнэхээр ёс суртахуунтай, хүмүүжилтэй, зөв хүн л юм бол ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Ийм байдалд хүргэхийг хүсээгүй байж болно. Гэтэл тэр зөвшөөрөл авалгүй жагсаал цуглаан зохион байгуулж, олон хүнийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдлыг хараа хяналтнаасаа гаргачихаад өөрөө зугтаад алга болсон. Жагсаал цуглааны тухай хуульд жагсаал цуглааныг зохион байгуулагч нь тодорхой үүрэг, хариуцлага хүлээдэг. Гэтэл тэр тэгээгүй. Тиймээс тэр этгээд ийм хэмжээнд хүрсэнд харамсч байгаагаа илэрхийлж, ард түмнээс уучлалт гуйх ёстой” гэсэн. Энэ үгийг О.Магнайд дахин нэг хаяглая. Гэхдээ зөвхөн О.Магнай ч бус дээр нэр дурдсан бүх улстөрчийг шүүхийн өмнө ирэх тэр өдрийг ойрхон байгаа гэж найдая. Эс бөгөөс шударга ёсны эрэлд олз гэж байхгүй гэдэгт итгэе ээ.