Тэгээд гадаад руу эмчилгээ хөөцөлдөж байтал нэг өдөр бэргэн эгчээс “Ах чинь хөл дээрээ боссон шүү” гэсэн баярт мэдээ ирэх нь тэр. Бас л ажил явдал болохгүй байсаар сарын дараа Дархан орсон чинь юү вэ, та минь, нөгөө хэвтэрт байсан хүн чинь зүв зүгээр болчихсон байдаг байгаа. Гайхаад “Ямар эмчилгээ хийлгээд эдгэчих вэ ээ?” гэсэн чинь “Аа, нэг үздэг, хардаг, эмнэдэг, домнодог хүний ачаар л хөл дээрээ босч ирлээ дээ” гэдэг байгаа. “Худлаа байлгүй дээ” гэтэл “Алдас болно. Ачтай хүнийг тэгж болохгүй” гэдэг байгаа. Нөгөө хүнээ магтаж байна гэж жигтэйхэн .
Мэргэн түргэн л гэнэ. Өнгөрсөн ирээдүйг чинь хэлээд өгнө л гэнэ. Тэгээд нөхөр бид хоёрыг үзүүлэх юм боллоо. Бид хоёр ч зөвшөөрлөө. Аминдаа бол юм асуух гэхээсээ турших бодол их байсныг одоо санахад эвгүй санагддаг юм. Учир нь тэр хүн биднийг багагүй гайхшруулсан шүү. Бидний тухайд хэлсэн, ярьсан, сануулсан, зөвлөсөн нь яах аргагүй үнэн байсан юм. Гэхдээ хүний хувийн асуудал хэнд сонин байх билээ дээ.
Харин тэр үед сонгууль дөхчихсөн байсан болохоор бид бас тэр талаар асуугаад авсан юм. Энэ талаар сонирхуулах гэж ингэтлээ их нуршсан хэрэг. “Хойтон болох ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах бол” гэсэнд тэр бөө ингэж хариулсан юм шүү. Толгой холбож хэлдэг нь үнэн юм билээ.
“Хамаг Монголын эд баялгийг
Ханаж цадахаа мэдэлгүй залгисан
Дэндүү шуналтай нэгэн
Дээрээс доош ойчно
Унасан буруугаа бусдад тохож
Улс гүрнийг үймүүлэхийг санаархана.
Бусдын хаясан нэр нүүрийг
Буруу зөвгүй шүүрч авна
Эцэс сүүлд нь үнэнд гүйцэгдэж
Эзэн нэрээ алдаж сүйрнэ. ”
Тухайн үедээ учрыг нь сайн ойлгоогүй.Одоо харин үйл явдлыг хараад байхад тохирч байх шиг санагдана. Би хувьдаа Н.Энхбаярыг л хэлж гэж бодоод байгаа шүү. Тэгэхэд надтай хамт байсан Дарханд байдаг дүү нар маань “Манай Дарханд хэн ялах бол?” гэж асуусан. Тэгэхэд
“Хар хороор бусдыг дайлахыг
Харсаар суугаад үл тоогч
Амьтан хүний аюулт өвчнийг
Анзааралгүй тараагч нэгэн
Ард олны толгой дээр
Авиран гарч чадна” гэж билээ.
Үүнийг би бүр ойлгоогүй. Тэр ч байтугай өвчин зовлон тараасан хүнийг юү гэж хүмүүс сонгодог юм. Тэнэг биш дээ гэж бодогдсон. Одоо бодоход сая сайд болсон Хаянхярвааг хэлж гэж бодоод байгаа шүү. Хонгорын асуудал сөхөгдөхөд л сая санаж байгаа хэрэг. Тэр бөө бас
“Идэр залуу насандаа
Ихэрхүү дээдсийн төлөө
Олон хүмүүсийн сэтгэлийг хулгайлж
Ондоо болгож хувиргасан нэгэн
Одоо харин өөрөө
Оройлох суудлын төлөө
Өмнө нь сурсан буруу аргаараа
Өдөр шөнөгүй үйлдээд
Санасан хэргээ гүйцээвч
Сар жилийн л настай” гэж хэлсэн.
Энэ нь УИХ-ын гишүүн Сүхбаатарыг хэлсэн бололтой. Учир нь түүнийг урд нь Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байхдаа Н.Энхбаярын заавраар сонгууль будлиулдаг байсан гэсэн яриа явдаг юм билээ. Түүнийхээ шанд том албанд томилогдож байсан гэдэг. Үнэн худлыг мэдэхгүй. Гэхдээ дээрх хүний үг яг л таараад байх шиг санагдаад байгаа юм даа. Хэрвээ энэ үнэн бол сар жилийн настай гэдэг нь ахиж сонгогдож чадахгүй гэсэн утга бололтой.
С.Булгамаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”