logo
Илбэчин /Хошин өгүүллэг/

Илбэчин /Хошин өгүүллэг/

2012/03/27
Хамаатангийн хөгшин хөдөөнөөс хүүгээ дээд сургуульд оруулахаар хотод иржээ. Ядаж байхад хүү нь улаан нойль тул шалгалт өгсөн сургууль бүрдээ тэнцсэнгүй. Аргаа барсан эцэг хувийн дээд сургуульд багшилдаг намайг олж утастдаад,
-Чамаас өөр тус болох хүн алга. Хүүгийг минь ямар ч хамаагүй сургуульд оруулж өгөөч гэж гуйлаа. Хэргээ бүтээх гэсэн хөгшин ганц хүүгийнхээ төлөө гуутай бурханаа өгөхөд ч бэлэн байв. Өвлийн идшийг чинь жил бүр даана, зуны цагт сүү, цагаан идээгээр “угжина” гэж хүүгээ сургуульд орж байвал дахиад социализм байгуулсан ч бэлэн болсон эцэг юу амлахаа ч хянах чадваргүй болсон байлаа.

Би туслах санаатай дээд сургуулийн таньдаг хэдэн багш нартайгаа уулзууллаа. Нэрээ зөв бичиж чадахгүй хүнийг “авдаг” сургууль гэж хаана байх вэ? Танил тал “татсан” хирнээ нүүр улаймаар ийм амьтныг хааш нь “чихэх”-ээ мэддэг хүн олдсонгүй. Хүүгээ сургуульд оруулж чадахгүй бол амиа “хорлох”-одоо тулсан өвгөний нулимс гүйлгэнэсэн цийлгэр нүдийг өрөвдөхдөө сүүлчийн ганц “боломж”-оо ашиглаж, сүйхээтэй нэг танил руугаа ярилаа.

Бид бүр багын танилууд л даа. Хүүхэд байхдаа Туулын хөвөөн дээр зуны амралтаа “өнгөрөөж”, зүүгээр хийсэн гар хийцийн дэгээгээр жараахай уралдаж барьдаг байлаа. Мань хүн төрөлхийн тийм нэг овжин, зальтай хүүхэд. Хүүхэд биднийг дэгээгээр өдөржин зогсож, хоёр гурван загас барихад мань эр барилгын төмөр тор хаанаас ч юм бэ авчраад шуудай шуудайгаар нь “тул” барина шүү дээ. Бид барьсан загасаа цементний бор цаасанд ороогоод шарж иддэг бол нөгөөх маань барьсан загасаа томоор нь ялгаад мэргэжилтэн оросуудын байраар явж “худалдана”. Жаран мөнгөний гөөхийн дээр биднийг “алалцаж” байхад сэргэлэн жаал микрийн орос дэлгүүрээс шоколадтай зайрмаг авч идэх жишээний...

Зах зээл эхлэхэд хальт мульт англи хэлтэйгээ ашиглаж, жуулчдад “хэлмэрчилж” гүйгээд хэдэн бор юм олдог байсан юм. Удсан ч үгүй хувийн компани байгуулаад гадаадаас “архаг” анчдыг урьж, дархан цаазтай аргаль янгирыг дураараа “хядсан” даа... Нэг мэдэхэд алтны “уурхай”-тай болчихсон, юун мань мэтийгээ тоох нь битгий хэл “өндөр аваад” дээгүүр л “дээдсүүд”-тэй “наймаа” хийж “бужигнуулна”. Үнэндээ “бужигнуулсан” л даа.

Алт олборлож байсан уурхай нь шаггүй нөөцтэй байсан гэдэг юм. Мань хүн ухсаар байгаад газар доогуур явсаар Канадаар “гарч” ирсэн гэнэ лээ. Одоо тэндээ алтаа олборлож байгаа гэсэн. Монголын баячууд бол түүний дэргэд “жоохондоно”. Мань эрийн “суудаг” орд харш нь тэндэхийн засгийн газрын ордноос “том” гэлцдэг юм. Өөрөө ч багын “олж долоох” юманд “мэргэжсэн” гайхал болохоор зүгээр “сууна” гэж хэзээ ч байхгүй, Торонтогийн бирж дээр алтны үнэ жаахан унахад дургүй нь хүрээд эх нутагтаа “амрах”-аар “айчил”-на.

Тэгж нэг удаа ирэхэд нь Сүхбаатарын талбай дээр төгсөх ангийн хүүхдүүдтэйгээ зураг авахуулж яваад би тааралдаж билээ. Мань хүн тэгсэн Сүхбаатарын талбайг “авчих” санаатай “үзэж” явсан гэсэн шүү. Над руу гал шиг төөнөсөн сүрхий нүдээр харж,

-Бага байхад их том юм шиг санагддаг байсан. Одоо ингээд харж байхад “өчүүхэн” л талбайтай юм гэж дурамжханаар нь гараа сэгсэрсэнээ,

-Энэний оронд Улаан талбай дээр юм байна даа гэж амандаа хэллээ. Тянь-Амины талбайг “худалдаж” авсан ч мань эрд “зоос” байгаа. Харин эх орны “зүрх” болсон энэ талбайг бүү аваасай гэж би дотроо залбирав... Эцэст нь салж явахын өмнө надтай гар бариад, хэрэг болбол над руу утасдаарай гэж нэрийн хуудсаа өглөө...

Түүнийг санасан даруйдаа би түүн рүү утас “цохилоо”. Аз болоход “босс” найз маань утсаа цааргалалгүй авав. Энд байдгаас илүү тэр холоос түүний үг ямар ч шуугиан чимээгүй тодхон сонсогдоно. Үнэгийг ч хуурч дөнгөх мань эр тэнгэрт гэрэл татуулан нисэх хиймэл дагуулуудын аль нэгийг аль хэдийнэ “худалдаад” авчихаа биз. Түүнд би болсон явдлыг товчхон тайлбарлаад туслахыг гуйлаа. Тэр хоолойгоо засаад инээд нь хүрсэн бололтой битүү хөхөрч,

-Заавал Монголд сургах гээд байгаа юмуу? Америк, Англи...эсвэл манай энд болдоггүй хэрэг үү? гэж байна.

-Нас дээр гарсан өвгөний орой гарсан ганц хүү шүү дээ. Ээжийнхээ дэргэдээс холдож үзээгүй “балчир” хүүгээ алс хол явуулах бол уу даа гэвэл хэ хэ инээгээд,

-Хэдэн жил юу байдаг юм бэ? Өвгөнийг хорооныхоо өтөг бууцыг цэвэрлэж амжаагүй байтал гялс өнгөрнө. Надад яваандаа засгийн газарт “өөрийн хүмүүс” хэрэгтэй байна. Их хуралд “суулгасан” ч ядах юм алга. Цаад өвгөндөө хэлээд үзэхгүй юү гэж багын найз минь сургамжлав. Би өвгөнөөс асууя гээд хоцорлоо... Миний найз ийм л их гарын “илбэчин” хүн шүү дээ. Монте Карлогийн циркийн фестивальд явуулбал “алтан алиалагч”-ыг төвөггүй “салгах” хүн дээ...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш