Социализмыг үзэн ядахдаа бид бүтээн байгуулалтаа устгачихсан. Ингээд л Монголчууд бид түв түүхий эдийн засагтай болох эхлэл тавигдсан юм. Социализмийн үед бий болсон аж үйлдвэрийн комбинатууд, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуйнууд Монгол орныг сүү мах, гурилаар таслалгүй, Монгол хүнийг өлсгөлгүй болоод л байсан. Яахав гэм нь резинэн чихэр, кока кола, брендийн хувцас байгаагүй байх. Нэгдэл, сангийн аж ахуйнууд тариагаа тариад, малаа өсгөөд малын шинэ үүлдэр, тарианы шинэ сорт гаргаад шинжлэх ухаан дээр суурилсан ХАА Монголд хөгжиж байлаа. Монгол улс хөгжих дэвших замдаа ороод байлаа.
Социализмд алдаа байсан л байх гэхдээ бид өлсөөгүй, гуйлга гуйж гудамжинд хөглөрөөгүй, траншейнд амьдраагүй, олигархижаагүй. Социалист нийгэм үнэхээр тийм муу нийгэм байсан юмуу ардчилал тэгээд хамгийн сайхан нийгэм үү. Заримардчилагчид социализмийг хамгаас илүүтэйгээр үзэн яддаг. Тэд үзэн ядахдаа өмч хувьчлал нэрийн дор төрийн өмчийн хороогоор (үнэндээ бол төрийн өмчийг устгах хороо) дамжуулан социализмийн бүтээн байгуулалтыг устгаж, сүйтгэж юу ч үгүй болгосон. Тэд социализмийн гэх тодотголтой зүйлсэд хамгаас дургүй, гэхдээ ардчилсан нийгмийг тэд байгуулж чадсан гэж үү. Харин Монголын ард түмэн социализмын үеэ одоог хүртэл дурсдаг. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа, ажил хөдөлмөрөө, өөрсдийн хийж бүтээсэн тэр бүхнээ дурсдаг. Ардчилагчид социализмийн идеологид дургүй байж болно. Ингэлээ гээд Монгол улсын 70 жилийн түүхийг устгах, үгүй хийх хэрэг байсан юмуу. 70 жилийн асар их бүтээн байгуулалтыг устгаад зүгээр л урд хөрш рүү төмрийн хогонд явуулсан гэж бодохоор харамсалтай юм. Далан жил гэдэг богино хугацаа биш мухар сүсэг, хоцрогдол, замбараагүйтлээр дүүрсэн Монголыг мэдлэг боловсрол, ёс суртахуун, эмх цэгцтэй болгосон социализм үзэн ядхаар нийгэм байсан гэж үү. Түвдээс өөр гадаад хөршгүй орныг НҮБ-д элсүүлсэн, нэрээ ч бичиж чадахгүй байсан Монголчууд бид социализмийн үед 100% бичиг үсэг тайлагдсан, элдэв өвчинд дарлуулсан ард түмнийг эмнэлэгтэй эрүүл биетэй болгосон, хүмүүжил ухамсарын доройтлыг ёс суртахууны, сахилга батын хүмүүжилтэй болгосон социализм буруутай юу.
Ардчилалд шилжихтэй зэрэгцээд бид чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгчийг дагах болсон. Бүх зүйл чөлөөтэй, хэн ч юугаа ч хийж болно гэсэн нь хаалттай нийгмээс дөнгөж гарсан хүмүүст мэдээж диваажин мэт санагдав. Одоо л Монгол хүн баяжиж хангалуун амьдарч, өмчтэй болж, аз жаргалд хүрэх нь гэж бодсон олон Монголчууд чөлөөт зах зээл мандтугай гээд л холын замдаа гарсан даа. Харин удалгүй 20-р тогтоол гарч, картын бараанд орж үзээгүйгээ үзэж ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болов. Монголын сэхээтний давхрага тэр чигээрээ устаж амьтай болгон л ганзага үүрээд урд хөршийг зорьж ганзагын наймаачид хэмээх шинэ давхрагад Монголын хүн амын 60% нь орчихов. За тэгээд урд хөршөөс архи пийжүү, болсон болоогүй гутал хувцас, жимс ногоо оруулж ирдэг энэ наймаа өнөөдрийг хүртэл үргэлжээр л байна. Амьдрах өөр арга олдохгүйгээс хойно наймаа хийхээс өөр яалтай ч билээ дээ.
Мэдлэг дээр тулгуурлаагүй, нэмүү өртөг шингээгүй эдийн засгийг түүхий эдийн засаг гэдэг. Ямар ч зохицуулалт байхгүй, дуртай нь үнээ нэмж дураараа аашилдаг мөн цөөхөн хэдхэн компани улс орныг атгачихсан, тэгээд л ард түмнийг дээрэлхэнэ, доромжилно айлгана. Энэ бол Монголын эдийн засаг. Монголын эдийн засаг улс төрөөсөө дэндүү хамааралтай, улс төрд орохгүй л бол таны бизнес алхам ч явахгүй. Мөн улс төрчид нь улс орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг хувьдаа луйвардаад авчихсан, жирийн иргэн хүн бурхандаа залбираад л байж байхаас өөр замгүй. Монголын эдийн засагт хяналт, дүрэм гэдэг зүйл огт байхгүй, хүн бүр өөр өөрсдийн замыг хөөгөөд завгүй. Ингээд л Монгол улс хаягдчихсан юм. Монголд хөгжил ярьж болохгүй, Монголд ирээдүйг бас ярьж болохгүй. Монголд албан тушаал бас мөнгө л ярьж болно. Өө бас уул уурхай ярьж болно. Монголыг хөгжүүлнэ гэж ярьвал тэнэгээрээ дуудуулна, Монголд шударга байвал шоронд орно. Монголд худлаа ярьвал төрд гарна, Монголд хулгай хийвэл баяжина. Энэ бол Монголын хамгийн энгийн логик.
Монгол улсын эдийн засаг уул уурхай, ХАА гэсэн хүн төрөлхтний хоцрогдсон хоёр салбар дээр тулгуурладаг. Хүн төрөлхтөн эдгээр салбаруудыг хөгжлийн гарцаа биш гэж үзээд байхад Монголын улс төрчид уул уурхай л Монголыг аварна гэж магтсаар байх юм. Монголд одоо эрх мэдэлтэй болгон нь нэг уурхай олж аваад гадныханд зараад баяжихыг хүсдэг болчихож. Монголын улс төр нь нүүрсний улс төр, эдийн засаг нь нүүрсэн дээр тулгуурласан, экспортын ганц бүтээгдэхүүн нь бас л нүүрс, ерөөсөө Монголчууд бид нүүрсчин ард түмэн болоод дууслаа. Одоо тэгээд нүүрс ярьдаг улс төр эдийн засагтайгаа 21-р зуунд яаж явах болдоо. Нүүрс нь дуусхаар нүүрснээс өөр зүйл мэдэхгүй яг л Африк шиг гуйлгачин ард түмэн болох уу?
Инфляцийн өсөлтөө барьж чаддаггүй засгийн газартай бодлогын хүүгээр ард түмнээ шулдаг төв банктай энэ Монголд ерөөсөө болдог юм гэж алга. Ард түмэн нь итгэлээ хулхидуулсаар байгаад итгэх найдах зүйлгүй болчихсон. Төр засаг нь худлаа ярьж, хулгай хийсээр байгаад муу муухайгаар дүүрчихсэн. 2.7 хүн амтай 40 сая малтай мөртлөө махны үнэ нь тэнгэрт хадчихсан. 300 400 сая хүнтэй 30 40 сая малтай улсуудын махны үнэ Монголтой яг адилхан түвшинд байгааг ойлгохгүй юм. ХАА-н орон байж ийм үнэтэй мах хэрэглэдэг бас сүүгээ гаднаас импортоор авдаг гээд бодхоор Монголд эдийн засаг мэддэг хүн байдаггүй гэдэг нь тодорхой. Уг нь дотоодын хэрэгцээгээ хангаад дэлхийн гол экспортлогч болох учиртай юмсан. Гурил, будаа, талх гээд л өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтүүд арай л дэндэж байна.
Ядаж байхад бензиний үнэ нь улс төрчдийн халаасны компаниудаас хамааралтай. Тэд нэг орой үгсэн хуйвалдаад л 300-400 төгрөгөөр үнээ нэмчихнэ, харин буцаагаад 30-40 төгрөгөөр бууруулж ард түмнийг хоосон баярлуулна. Монгол улс бол бараг 100% импортлогч улс. Өөрсдөө дотооддоо архи пивоноос өөр үйлдвэрлэх зүйлгүй, хурааж авсан улаан буудайгаа гурил болгоод иргэддээ өгчихөж чадахгүй. Газар тариаландаа технологийн шинэчлэл хийгээгүйн гайгаар нэг га газраас 10 центр үр тариа хурааж, төмс хүнсний ногоогоо урд хөршөөсөө зөөсөн хэвээрээ. Монголын эдийн засаг бүхэлдээ хямралд орчихоод, Монгол хүний амьдрал бүхэлдээ ядуурчихаад л байна даа Монголчууд минь. Ийм тэнэг төр засагтай байхад бид яаж ч хөгжиж сайжрах билээ дээ. Дэлхий нийт өндөр технологид суурилсан мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засгийн тухай ярьж байхад Монголчууд бид ямар ч технологи шингээгүй нүүрсний эдийн засгаа ярьж улс төрийн бодлого нь нүүрсэнд төвлөрч байгааг хараад Монгол хүнийхээ хувьд харуусаж байна. Би үнэн чи худал гэж талцан хэрэлдэж ард түмний тархийг угааж өөрсдийн булхайгаа далдлах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл сонгууль хүртэл үргэлжилсээр байх болно. Ард түмэн хууртах хэрэггүй, итгэлээ зөв хүнд өгөөрэй. Учир нь улс төр эдийн засаг хоёр салшгүй холбоотой. Бохир улс төрийг түүхий эдийн засаг дагадаг, идеологигүй улс төрийг онолгүй эдийн засаг дагадаг. Олигархижсан улс төрийг олигархиудын халаасны эдийн засаг дагадаг. Одоо нэг үгийг хэлээд нийтлэлээ дуусгая. Монголын ард түмнийг мөнх тэнгэр нь ивээг. 2012 он бидний хувьд маш чухал түүхийн үе шүү.
Д.Сүхбаатар