logo
Монгол төрийн дархлаа

Монгол төрийн дархлаа

2012/03/27

Монголчууд бид чинь тусгаар тогтносон улс, үндэстэн мөн өөрийн гэсэн төр, засагтай гэж бодож явсан юмсан. Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн агуу их гүрнийг байгуулж, удирдаж, хянаж, өнөөгийн даяарчлагдсан дэлхийн үндэс суурийг тавьж, дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог бий болгож, дэлхийн нэгдсэн татварын тогтолцоог бүрдүүлж, хүн төрөлхтнийг авч явах гайхамшигтай хувь заяатай ард түмэн шүү дээ. Агуу Монголын хойч агуу л байх учиртай баймаар. Харин төр нь хүчтэй, ард түмэн нь чадалтай тэр босоо монгол өнөөдөр яачихсан юм бэ.

Хулгай, дээрэм, луйвар, хээл хахууль, хуйвалдаан, тохиролцоо, ашиг хонжоо, мөнгөний бузар шунал, ёс бус, шударга бус вирусээр халдварласнаас болж монгол төрийн дархлаа суларч, халууран дагжиж байна. Ард түмний төр өвчилсөн байна бүр хүндэрсэн байна. Монголын төрийг ийм байгаа дээр нь бүр мөсөн устгах гэсэн, сүйрүүлэх гэсэн харь сэтгэлтэнгүүд төрийн сайдын зөөлөн суудалд заларч, эрх мэдэлд хүрч, хар бараан сүүдэр эх орныг минь нөмөрч, хэзээ мөдгүй Монголыг минь булшлахыг санаархаж байна. Сульдсан төрөө босгох гэсэн ард түмний хүчийг ч тэд сулруулж, эрч хүчийг нь, итгэл үнэмшлийг нь мохоож, дархлааг нь байхгүй болгох гэж олон жил муйхраар зүтгэцгээж байна.

Эрх мэдэлтнүүдийн хүссэн бүхэн нь санаснаар нь болж байна. Сайн сайхан амьдралыг хүссэн Монголын ард түмэн яван явсаар ядуурал, доройтлын туйлд хүрчихдээ байна. Энэ бүхэн ард түмний буруу бишээ. Хэзээд муу амьдаръя, муу явъя гэдэг хүн байхгүй. Үргэлж л сайн сайханруу, гэрэл гэгээрүү хүмүүс тэмүүлдэг. Харин Монголын төрийг сульдаагсад, төрөө дээдэлдэг ард түмэнд зөв гарц зааж өгч, амьдралыг нь чиглүүлж, ажил хөдөлмөрөөр хангаж, төрийн үүргийг биелүүлж, тусыг үзүүлсэнгүй. Зөвхөн архи уусаар, хаягдал түүсээр, ядуугаараа хорвоог орхих гашуун замд л хөтөлсөн. Яагаад гэвэл архи гэдэг ашигтай бизнес учраас үйлдвэрийн эзэд нь болох улс төрч луйварчид түүнийгээ л дэмждэг юм байна.

Монголын төрийг сульдаасан луйварчдад хийж чаддаг юм бас байна аа. Монголын залгамж халаа болсон үр хүүхэд харангадаж, өлбөрч, хаягдлаар гол зогоож, гудманд гулга гуйж, хүний хөлийн тоосон дунд балчир насаа өнгөрөөж байна. Үүнийг эрх мэдэлтэн та бүхэн хийсэн. Тэгээд та бүхэн үүнийг хүүхэд юу хийх нь тэдний эрх гэж донгосох уу. Улс орныг босгож, улс шиг улс болгохын төлөө зүтгэсэн азай буурлууд хогон дунд хоосон ходоодтой тэнүүчилж байна. Үүнийг та бүхэн бас л хийсэн. Бүтээж босгосон бүхнийг нь нураачихаад, төрж өссөн үеийг нь шорон гэж тохуурхчихаад, өнөөдөр та бүхэн тэднийг тамд амьдруулж байна. Өвгөд хөгшид, өндөр настнаа үхэхээс нь өмнө харж, хандаж буй тань энэ үү. Эмс охид нь өнөө маргаашийн өчүүхэн амьжиргааны төлөө харийнхны өмнө энгэрээ задгайлж, цусаа бузарлаж байна. Та бүхэн хэвлэл мэдээлэл бүх юм чөлөөтэй гэчихээд түүгээрээ садар самуун, архи тамхи л сурталчилж, үнэнийг бус худлыг түгээхийг үүрэгдэж, хаана ч хүчингүй диплом өвөртлүүлж, худалдагч, үйлчлэгч, зөөгчийн ажил л бэлдэж өгсөн. Монгол охидыг бараа мэт сонгож, бие хаа царай зүсээр нь шилж ажил нэрт секс боолчлолын газартаа оруулж, хариас экспортлогдсон хар ажлын мануухайнуудын өврөөс өөдөс талх олж идэхээс өөр аргагүй бараан амьдралд түлхсэн. Идэр залуус нь хар ажлын боол болох гэж харь улс руу жагсаалаараа хөвөрч байна. Үүнийг бас нөгөө л эрхмүүд хийсэн. Эх оронд нь өчүүхэн бага боолын хөлстэй, харуул манаа, барилга шаврын ажил л бэлдэж өгч, амь зогоохын тулд харийн улсыг шүтэхээс өөр замгүй болгож байна. Тэдэнд зориулагдах баялаг хахуулийн мөнгөөр солигдож, тэдний үр хүүхдийн үнэтэй сургуулийн төлбөр, спорт машин, брэнд хувцсанд л зарцуулагдаж, насан туршийн хэрэглээ нь болсон мансууруулах бодисонд нь нөөцлөгдөнө.

Үлдсэн цөөхөн монгол нь үхлийн хор залгилж, үнсэн саарал хотдоо бөөгнөрч байна. Үүнийг бас тэд л хийсэн. Улс орон даяараа ажилгүйдэлд, ядууралд нэрвэгдэж, өл залгахын тулд хаягдал ихтэйгээр нь Улаанбаатарыг зорьж байна. Ажилгүйдлээр дарлуулж, ядуурлаар туйлдаж, мухар сүсгээр тархиа угаалгасан ард түмний дархлаа бас суларчээ. Улс орон захаараа эзгүйрч, хүн ард голдоо бөөгнөрч мал шиг хашигдаж байна. Уул уурхайг шүтэж, улс орны баялаг гадагшаа үер адил хурдтай гэгч нь урссаар. Төр нь бузар буртгаар халдварлаж, сульдаж түмэн олон нь бараан амьдралдаа живсэн монгол орон мөхөж байна. Эрх мэдэлтнүүд энэ бүхнийг зогсоохыг үнэндээ хүссэнгүй, хүсэх ч үгүй биз. Монгол оронд нүүрсний л улс төр хийж, нүүрсний л эдийн засгийг ярьж, нүүрсний ордуудаа барьцаалж зээлсэн мөнгөнийхээ хэлтэрхийгээ ард түмэндээ хаяж өгсөн нийгмийн бодлого явж байна.

Газар шороо, ард түмэн, тусгаар тогтнолтой байж гэмээнэ төр оршин тогтнодог. Түүнээс бус хоёр нам, хоёр зуун тарган баян тэдгээрийн залгамжлагч шалдан банди нар төрийг бүтээдэггүй мөн мөнхөд удирддаггүй юм. Ийнхүү Монголын төрийг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, бузар мөнгөөр холбогдсон цөөн хэдэн луйварчид ямар ч дархлаагүй болгож өвчлүүлсэн байна. Төр хүчтэй, чадварлаг байж гэмээнэ улс орон өндийдөг юм. Мөн ард түмэн мэдлэг, боловсролтой байж гэмээнэ төрийг самууруулагчдын ов мэхэнд автагддаггүй юм. Сульдсан төрөө хэрхэн дархлаатай болгох вэ. Ард түмэн төрөө хэрхэн урлан бүтээх вэ. Юуны урьдаар төрд үүрлэсэн бузар буртаг, элдэв янзын нян, вирусийг цэвэрлэх шаардлагатай байна. Мөн төрд шигдэж нуугдсан хувалз, хачигнуудаас салж, шимэгч паразитуудыг нь зайлуулах хэрэгтэй. Төр цэвэршсэний дараа ахиад халдвар оруулахгүй тулд дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Үүний тулд элдэв янзын шавьж үүрлэсэн нам нарт гэмт хэрэгтэн, бизнесийн бүлэглэлүүдийн үүр уурхайг цэвэрлэх хэрэгтэй. Монголын улс төрийн бүх намууд татан буугдаж, гишүүнчлэл нэрээр ард түмнийг хагалан бутаргаж барьцаалсныг нь таслан зогсоож, гишүүнчлэлгүй болгох болно. Улс төрч нэрээр Монголын ард түмний амьдралаар тоглож, ард түмнийг басан доромжилсон тэр нөхдүүдийн улс төрийн амьдралд цэг тавих ёстой. Хүн төрөлхтний жишгээр монгол орноос хулгайлж, хумсалж, луйвардаж, дээрэмдэж олж хураасан бүх хөрөнгө мөнгийг нь Монгол улсын санд буцаан хурааж, ард түмний алдагдсан амьдралыг нь буцаан босгоход нь зарцуулагдах болно. Уул уурхайн лиценз нэрээр олгогдсон, луйврын замаар хийгдсэн, Монгол улсад ашиг орлого оруулахгүй байгаа болон Монголыг нилэнхүйд нь торлосон бүх лиценз, гэрээ хүчингүй болох болно. Монголын ард түмнийг мунхруулан, худал хуурмаг бүхнийг үнэн мэтээр түгээсэн, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд хариуцлага хүлээх болно. Мөн ард түмний тархи угаасан, мухар сүсгийг мэдлэг мэтээр ойлгуулсан, ард түмнийг оюуны том хямралд оруулсан оюуны терроризм үйлдэгчдэд хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Эх орондоо байж харийнхны өмнө боол мэт байсан Монгол хүн үнэ цэнээ алдсан гашуун амьдрал цэглэгдэж, Монгол хүн эх орондоо хэзээд эзний ёсоор амьдарч, эрхэм байж, энэ улс оронд гаднын хэнбугай ч дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх явдал таслан зогсогдсон Монгол улсын төлөө, Монгол хүний төлөөх цоо шинэ үндсэн хууль гарах болно. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал холилдсон ямар ч хяналтгүй, хэн юу дуртайгаа хийж болно гэсэн заваан, бохир улс төрөөс ангижрах ёстой. Шүүх гэх биеэ даасан байгууллагыг Ерөнхийлөгчийн атган дор оруулсныг халах хэрэгтэй. Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал, Шүүх гэсэн байгууллагууд биеэ дааж, тэнцүү эрх мэдэлтэй байх ёстой юм. Хэн юу хийснээ хариуцдаг, буруу хийсэн бол хариуцлагаа хүлээдэг байх болно. Улс төрд биенээ хянасан хатуу хяналт байх ёстой. Улс төрийн намууд төлөвшиж, үзэл баримтлалаа тодорхой болгож, эрх баригч, сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. Нэг хөнжлийн онол гэж хаана ч байх ёсгүй. Дуртай үедээ тэврэлддэг, дургүй нь хүрэхээр салдаг гаж үзэгдэл цэглэгдэх болно.

Улс төрд цэвэр, мэдлэгтэй, хүчирхэг, Монголын төлөө зүрх сэтгэлтэнгүүд өсөж өндийх хэрэгтэй. Монголын цоо шинэ эрин үе ирж байна. Монгол төр хүчирхэг, бардам байх тэр цаг ирж байна. Ард түмний хувь заяагаар тоглосон хэн боловч адаг сүүлд нь тэдний туулсан амьдралаар амьдрах болно. Идсэн хоолных нь хаягдлаар амь зогоох болно. Мөнхийн эрх мэдэл, дарангуйлал гэж хаана ч байдаггүй юм. Хэдий их мөнгө, эрх мэдэл байлаа ч уурссан, тарчилсан ард түмний хилэнг зогсоож дийлдэггүй юм. Ард түмний төлөөх төрийг хичнээн өвчлүүлж, дархлаагүй болголоо ч хэзээд эмчлэх эмч, эм тариа нь ард түмэн байдаг юм. Эрх мэдэл, эд хөрөнгө мөнх биш харин ард түмэн, төр хэзээд мөнх оршдог юм. Аугаа Монголын хойч нь аугаа Монголыг бүтээж чадах чадалтай байх болно. Мөн мэдлэгтэй, ухамсартай байх болно. Дэлхийн их гүрэн эргэн ирж, дэлхийн шинэ эзэд суудалдаа залрах цаг наашилсаар байна.

 

А.Ганбаатар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш