logo
Мэдэгдэл

Мэдэгдэл

2012/03/28
Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж нь гадаадын ижил төрлийн байгууллагатай аливаа гэрээ хэлэлцээр хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгон, гэрээний төсөлд Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны саналыг авч Засгийн газраас зөвшөөрөл авдаг журамтай.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь  Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн бүх материалыг зохих журмын дагуу хянаж бэлтгэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, хуралдаанаас гарсан шийдвэрийг нийтэд мэдээлэх чиг үүрэгтэй.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Монголын төмөр зам” ХК болон Хонгконгод бүртгэлтэй “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах тухай гэрээний төсөл болон гэрээ байгуулсан тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тус газарт ирүүлж байгаагүй, дээрх гэрээний төсөл Засгийн газрын бусад гишүүдэд танилцагдаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын нээлттэй болон хаалттай хуралдаанаар дээрх гэрээ нь огт хэлэлцэгдэж байгаагүй тул олон нийтэд ташаа мэдээлэл тараах нь холбогдох хуулиар хариуцлага хүлээдэг болохыг эрхэм гишүүн Х.Баттулга танд анхааруулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш