logo
Т.Болортуул: Аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан

Т.Болортуул: Аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан

2012/03/28

Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 19-25-нд болж өндөрлөлөө. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд 17 орны 100 гаруй тамирчин 10 жинд өрсөлдсөн юм. Нутагтаа болсон тивийн аваргын тэмцээнээс манайхан бүтэн багаараа оролцож, хоёр алт, хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдийн шинэ хуудсыг нээлээ. Ингээд нутгийнхаа рингэнд хамгийн хөнгөн жин буюу 48 кг-д аварга болсон ОУХМ Т.Болортуултай ярилцлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх тулаанд Энэтхэгийн тамирчин Пинки Жанграг ялснаар Монголын эмэгтэй боксчдын түүхэнд анхны алтан медаль хүртсэн тамирчин болсон юм.

-Юуны өмнө баяр хүргэе?

-Баярлалаа.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээн тамирчдад маш том сорилт боллоо. Аварга болно гэдэгтээ итгэлтэй байв уу. Ер нь энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-Итгэлтэй байсан. Бэлтгэл сургуулилт сайн хангагдсан байсан болохоор өрсөлдөгчөөсөө бэргэх зүйл байгаагүй. Энэ спортоор зургаан жил хичээллэж байна. Ер нь би өөрийгөө ямар ч үед дайчилдаг. Энэ хэмжээгээр зориг тэвчээртэй өөртэйгээ тулж ажиллах чадвар сайтай болсон. Энэ удаагийн эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн маш өргөн хүрээнд зохион байгуулагдсан нь орон орны тамирчид бие биеийнхээ тоглолтыг харж суралцахад их ач тустай зүйл боллоо гэж бодож байна. Өмнө нь би улсын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ удаа аварга болсондоо маш их баяртай байна.

-Багш тань таныг тэвчээртэй, эрэмгий дайчин гэж ярьдаг юм билээ. Гэхдээ зарим үед санамсаргүй алдаа гаргах үе гардаг л биз дээ?

-Тийм ээ. Нармандах багш намайг ямар ч тохиолдолд өрсөлдөгчөө ялна гэсэн тэмүүлэлтэй байдгийг минь их үнэлдэг. Нөгөө талаас тамирчин хүн цоглог, өөртөө итгэлтэй байх ёстой. Тэгж байж ялалтанд хүрнэ. Харин би цээж хөдөлгөөн муутайгаасаа болоод чигээрээ дайрдаг юм шиг байгаа юм. Гэхдээ надад хурд, хүч бий. Багш маань олимп, дэлхийн аварга болоход ойрхон гэж хэлдэг нь цаашдын амжилтад минь их урам дэм болдог юм.

-Таны тоглолтын онцлог?

-Хоёр гараар жигд цохидогоороо бусад эмэгтэй боксчдоос ялгардаг болов уу.

-Хамгийн хүнд учраа хаанахын ямар тамирчин байв?

-Энэтхэгийн тамирчин л ширүүн байлаа даа. Харин бусад орны тамирчдаас бүх талаараа илүү байсан.

-Зарим үед тамирчид сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадахгүйгээс болж алдаа гаргах нь бий?

-Тийм зүйл байдаг л даа. Гэхдээ ямар үед сэтгэл хөдлөл гаргахав гэдгээ мэдэж байх ёстой. Хамгийн гол нь арга техникээ дотроо бодож боловсруулах нь чухал. Багш маань ч энэ бүхэн дээр байнга зөвлөдөг.

-Ойрын үед ямар тэмцээнүүд хүлээж байна?

-Одоо Европ, Америк, Африк зэрэг орнуудад ар араасаа цуварсан олон улсын тэмцээнүүд болно. Ирэх тавдугаар сарын 9-нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.

-Хувцас хэрэглэлийн хувьд санаа зовох зүйлгүй юү?

-Шигшээ багийн таммрчдыг БТСУГ, Олимпийн боксын холбооноос толгойн хамгаалалт, бээлий гээд хувцас хэрэглэлээр маш сайн хангадаг. БТСУГ-ын дарга Ч.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн захирал Ц.Одонбаяр нар бүх зүйлээр дэмжиж тусалдаг.

-Тулааны спорт учраас гэмтэл бэртэл авах нь олонтаа байдаг байх?

-Энэ тал дээр гайгүй дээ. Шинэ залуу тамирчдыг бодвол зургаан жил хичээллэсэн болохоор баргийн тулаанд дасан зохицох чадвар сайтай болсон. Ер нь бэлтгэл сургуулилт сайтай байхад гэмтэл авдаггүй.

Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш