“Та минь ээ, цаана чинь Зайсанг нурааж байна. Газрыг нь ухаж төнхөн там болгож, хөшөө дурсгал нь ч газарт ороход ойрхон болжээ” гэсээр тус хороонд амьдардаг иргэд манай сонины редакцид хандсан юм. Зайсан толгой орчмын газар ашиглах эрхийг одоогоос таван жилийн өмнө “Софт трейд” компанид БОАЖЯ-наас олгож байжээ.
Гэтэл 2010 оны зургаадугаар сарын 11-нд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40.1.6, МХЕГ-ын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн, Газар ашиглах эрх цуцлах тухай БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн А-187 тоот тушаалаар ААН-үүдийн газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Үүнээс ганцхан “Софт трейд” ХХК том толгой гаргаж, Зайсан толгой орчмын газрыг хашиж хүнд машин механизм оруулж ногоон байгууламж болон саяхан тарьсан моднуудыг сүйтгэж, ээлжит барилгын ажлаа эхлүүлж байна. Уг нь бусад компани хөшөө дурсгалуудаа эвдэж сүйтгэхээ больё гээд төрийн шийдвэрийг дагаж мөрдөхөөр болсон билээ.
Хамгийн ноцтой нь Зайсан толгойг өнгөрсөн жил Халх голын 70 жилийн ойг угтаж, 250 сая төгрөгөөр засч сайжруулан, гэрэлтүүлэг чимэглэл тавьж, мод тарин, зүлэгжүүлсэн. Гэтэл моднуудыг булгалж, гэрлэн чимэглэл, зам талбайг эвдэн сүйтгэж эхлээд байгаа талаар тэндхийн иргэд ч халаглан ярих болжээ. Баримтаас иш татахад Зайсан толгойн хөшөө болон ойр орчмыг нь хамгаалалтад авах тухай шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар гаргаж байж.
Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авах тухай гэсэн 197 тоот тогтоол нь өнөөдөр хүчинтэй хэвээрээ байгаа. Харин энэ хөшөөний хажууд “Софт трейд” ХХК “Зайсан толгой” нэртэй соёл амралтын хүрээлэн барихаар газар өмчлөн авсан нь хэний ч анхаарлыг татмаар. Тус компанийнхан ярихдаа “Хөшөө дурсгалыг хамгаалалтад авсан болохоос газрыг нь аваагүй” шүү гэж томорч суудаг юм билээ.
МХЕГ-аас Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд шалгалт хийхэд тус компани нь гурван жилийн турш газраа зориулалтын бусаар ашиглаж байжээ. Мөн Зайсан толгойн байгалийн унаган төрх, тогтоц төлөв байдалд нь аюул учруулсан хэмээн дүгнэлт гаргасан байдаг юм. Иймээс уг компанийн газар ашиглах эрхийг нь 2005, 2007 онуудад ч мөн адил цуцлах аж ахуйн нэгжийн тоонд оруулсан байв.
Угтаа бол БОАЖ-ын сайд асан Л.Гансүх МХЕГ-ын дүгнэлтэд үндэслэн тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг байна. Гэтэл “Софт трейд” компани сайдын шийдвэрийг үндэслэлгүй хэмээн шүүхэд зарга мэдүүлсэн ч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2010 оны есдүгээр сарын 15-нд гаргасан 394 дүгээр шийдвэрийн дагуу тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байжээ. Тун удалгүй тус компани Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, бас л үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг буцаасан гэж зарга мэдүүлжээ.
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гаргасан хэмээн үзэж байсан аж. Төрийн сайдыг буруу шийдвэр гаргасан гэж үзсэн мөртлөө өнөөг хүртэл тус компанид ямар ч хариуцлага хүлээлгээгүй нь бас хачирхалтай. Ингэж хууль бус үйлдэл гаргаж байхад нь шүүх засаглалын дээд газар толгойг нь илж байгааг юу гэж ойлгох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Монголын шүүх уг нь түүхийн дурсгалт газар хэмээн үзэж, тусгай хамгаалалтад авсан газрыг хувийн ашиг хонжоо хайсан компанийн талд үйлчилмээргүй л баймаар. Зохих байгууллагын дүгнэлтэд үндэслэн таслан зогсоох шийдвэр гаргасан сайдын дүгнэлт юуны учир буруутсан нь одоо хүртэл бүрхэг хариулт болж үлдсэн.
Дээд шүүхийн Захиргааны шатны шүүх өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар ““Дайчдын алдар” хөшөө болон бусад үл хөдлөх дурсгалт зүйл хөндөгдөх эсвэл эвдэрч устгагдана гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэсэн аж. Хөшөөнөөс хэдхэн метрийн зайтай том нүх ухаж барилга барихад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн хөгийн шийдвэрийг Дээд шүүхийнхэн гаргасан байна. Гэтэл эцсийн шийд гаргадаг газар нь Улсын Дээд шүүх, үүнээс өөр явах газар үгүй тул сайд асан ялагдал хүлээж байсан аж.
Ямартай ч иргэдийн ярьж буйгаар сайд өөрийнхөө хувийн эд зүйлсийг хамгаалаагүй учраас энэ хэргийн араас удаан хөөцөлдөөгүй байх. Дээд шүүх “Софт трейд” ХХК-ийн талд шийдвэрийг гаргасан болохоор хэн надад юу хэлэх вэ гэсэн аягтай “хүчгүй” төрийг элэг барьж барилгаа барихаар газар шорооны ажлаа хэдийнэ эхлүүлсэн байна. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас тэдэнд шаардлага хүргүүлсээр байгаа ч тэдний үгийг огт сонсдоггүй.
Харин ч бүр шаардах хуудас авч ирсэн улсын байцаагчийг доромжлоод буцаасан тохиолдол бий. Шүүх засаглал нь өөрөө ийм шийдвэр гаргаж байхад мөнгө л олж байвал нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нөхдөд төрийн төмөр нударга гээчийг үзүүлэх хэрэгтэй бус уу. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлыг нэг муу шуналтай компанийн гарын аясаар салхинд хийсгэмээргүй л юм.
Энэ жил ялалтын 75 жилийн ойн ажлын хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яам, “Аквартон ая” компанитай хамтран Зөвлөлтийн дайчдын хөшөө орчим мод тарьж, тохижуулах ажлыг хийсэн гэсэн. Энэ хүмүүсийн өмнө нөгөө ардчилал ярьж явдаг Ерөнхийлөгч маань “Манай төр хүчгүй болохоор та бүхний хийсэн нөр их хөдөлмөр байхгүй боллоо” гэж хэлэхээс сийхгүй л байх шүү. Ёстой ичиж амьдраасай монголчууд аа. хэдхэн төгрөгийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй хэдхэн хүний балгаар түүхт Зайсан толгой нурах аюулд ороод байгааг холбогдох албаныхан анхааралдаа авна уу.
Р.Саруултөгс
Эх сурвалж: "Өглөний сонин"