logo
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хаврын чуулганаар хэлэлцэх эсуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хаврын чуулганаар хэлэлцэх эсуудлыг хэлэлцлээ

2012/03/28
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаж Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай болон хаврын чуулганы бэлтгэл ажлыг шуурхайлах асуудлыг тус тус хэлэлцлээ.          Хуралдаанаар Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах үүрэг чиглэлийг Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ахлагч нарт  өгөв.
  Хаврын ээлжит чуулганы хугацаа богино ч зайлшгүй хэлэлцэх асуудлууд байгааг Улсын Их Хурлын дарга онцолж эдгээр асуудлуудыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байгааг дуулгалаа. 
2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэж үзэж байгаа  болон нэн тэргүүнд  олон нийтийн хүсэн хүлээж байгаа нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг зохицуулахад чиглэсэн,  хуулиар тогтоосон хугацаатай хууль тогтоомжийн төслүүдийг оруулах нь  зүйтэй гэж Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл тогтлоо. Түүнчлэн бусад асуудлын хүрээнд бэлтгэл нь бүрэн хангагдсан, Ажлын хэсгүүд хуралдаж Улсын Их Хуралд оруулахаар тогтсон асуудлуудыг мөн хэлэлцэх боломжтой гэж үзлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл  хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх,  Улсын Их Хурлын гишүүдийг хөдөө, орон нутагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзах үед тэдний зүгээс  тавьсан саналыг нэгтгэж шийдвэрлүүлэхэд Тамгын газар анхаарч ажиллахыг  чиглэл болгов.
Улсын Их Хурлын даргын дэргэд зөвлөлийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын Захирамж гаргахаар тогтлоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш