logo
УИХ-ын дарга Уганда улс руу мордлоо

УИХ-ын дарга Уганда улс руу мордлоо

2012/03/28
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Уганда Улсын нийслэл Кампала хотод болох Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны 126 дугаар Ассамблейн чуулганд оролцохоор өчигдөр Улаанбаатараас мордлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нар багтжээ.
ОУПХ-ны энэ удаагийн чуулганаар “Хууль тогтоох засаглал ба ард түмэн:-Заагийг арилгах нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ Ассамблейн Байнгын хороодын хуралдаанаар дэлхий дахинд тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж санал солилцох юм. Мөн чуулганаар хэлэлцсэн асуудалтай холбогдсон хэд хэдэн баримт бичиг батлахаас гадна ОУПХ-ны 127 дугаар Асамблейн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталж, илтгэгч нарыг томилох юм байна.
Мөн энэ үеэр хуралдах Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нийгэмлэгийн ээлжит хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж оролцох юм.
Монголын парламентын төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, албаны зарим хүн дагалдан ажиллана.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш