logo

"Дөлгөөн Нуур”-ын захирал Ч.Батсүх зургаан хүн дайрсан уу

2012/03/28
“Дөлгөөн Нуур”-ын захирал Ч.Батсүх зургаан хүн дайрсан нь тогтоогдов”, “Дөлгөөн Нуур”-ын захирал урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байжээ”, “Ч.Батсүх захирлын гэмтээсэн аав, охин хоёр өнөөдөр хагалгаанд орно” зэрэг “Дөлгөөн Нуур” ХХК-ний захирал Ч.Батсүхийн болон цагдаагийн байгууллагын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээ олон нийтэд сар гаруй хугацаанд мэдээлэгдсэн. Гэтэл өнгөрсөн сарын 22-нд буюу шинийн нэгний шөнө Төв аймгийн Лүн сумын замд авто осол гарч зургаан биш бүр найман хүн гэмтсэн осол гарсан нь үнэн аж. Харин автын ослын буруутан нь 06-90 УНМ дугаартай Honda Fit маркийн машин жолоодон явсан н.Жамбал гэгч бөгөөд тэрээр машины даац хэтрүүлэн хүүхэд том бүгд зургаан хүн тээвэрлэж, Лүн сумаас Хархорин чиглэлд гарч явахдаа хурд хэтрүүлэн явсны улмаас огцом эргэлт дээр жолоодлогоо алдан эсрэг урсгалд орж, машинаа зогсоох ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас аюул тохиолдох үед Замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам чөлөөлж зогсох арга хэмжээ авч зогссон Hummer-2  машины урд дугуйн хэсгээр хажуунаас нь мөргөж осол гаргасан байна. Тэрээр машинаа зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч удаа тормос гишгээгүй нь нотлогдсон байна. Үүний улмаас хоёр хүүхэд, зургаан том хүн, нийт найман хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж. Зогссон машинд сууж байсан Ч.Батсүхийн ээж\82 настай\-ийн гар нь хоёр газраа хугарсан, тархиндаа гэмтэл авсан, бага насны хүүхдүүд болон бусад хүмүүс маш хүнд гэмтэж, ноцтой хохирол учруулсан, хоёр машинд их хэмжээний гэмтэл эвдрэл  гарч их хэмжээний хохирол учирчээ. Honda Fit маркийн машин ирж мөргөн, осол гаргасны дараа Ч.Батсүх нь араас нь ирсэн ах дүү нарынхаа хамт Honda Fit машинд байсан хүмүүст бүх талын туслалцаа үзүүлж, яаралтай арга хэмжээ авч хүнлэг хандаж бүхий л боломжтой туслалцааг цаг алдалгүй үзүүлсэн байна. Гэтэл хэвлэлээр “...ийм бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гарсныг хохирогчид Ч.Батсүх захирлыг томоохон компанийн захирал учраас цагдаагийн ажилтнуудад нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна...”, “..Өмнө нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учир замын цагдаагийханд нөлөөлсөн гэж үзэх ч хүн байгаа аж..”, “...Цагдаагийнхан машинаа мөргүүлж хохирсон жолоочийг бас буруутгаж байгаа юм байна..” гэх мэтээр Цагдаагийн байгууллагыг бусдын нөлөөнд автаж, илт буруу дүгнэлт хийсэн мэтээр үндэслэлгүйгээр бичсэн гэж Өмгөөлөгч Ц. Монгол үзэж байгаа юм байна. Тэрээр “Цагдаагийн байгууллага  гарсан хэрэг, осолд хуулийн дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндсэн үүрэгтэй, хэргийн газрын үзлэгийг хоёр талыг болон хөндлөнгийн гэрч байлцуулан фото зураг авч хэмжилт хийж танилцуулан бэхжүүлдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагддаг. Хэн буруутай болохыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоодог. Үүнд прокурор хуулийн хяналт  тавьдаг. Хоёр талын өмгөөлөгчид өмгөөлүүлж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг зэрэг Эрүүгийн байцаан Шийтгэх хуулиар зохицуулсан олон давхар хяналттай цогц ажиллагаа байдаг. Мөрдөн байцаалтын ажилд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй,хэн нэгнийг ямар нэг хэлбэрээр нөлөөлөхийг хуулиар хориглож, хэргийн цугларсан нотлох баримтыг нууцалдаг хуультай” гэж тайлбарлав. Дээрхи нийтлэлүүд нь мөрдөн байцаалтанд нөлөөлөх гэсэн санаа агуулсан, нэг талыг нь буюу Ч.Батсүхийг шүүхийн шийдвэр гараагүй байхад “гэмт хэрэг үйлдсэн” гэж ташаарсан байх тул хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд гүтгэлэг тараасан арга хэлбэрээрээ залруулга хийж, үнэн зөв, тэнцвэртэй мэдээлийг олон нийтэд хүргүүлнэ гэдэгт найдаж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш