logo
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг гурав хувааж олгоно

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг гурав хувааж олгоно

2012/03/29
Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
    Тухайлбал “2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй “Хүний хөгжил сан”-гаас 1 сая хүртэлх төгрөгийн хишиг, хувь хүртэж болно” гэж заалаа.
    Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэл насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон 16 нас хүрсэн иргэн хишиг, хувиа авч болох юм байна.
    Хэрвээ өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн бол 1 сая төгрөгөөс үүнийг суутган тооцож, үлдэх хэсгийг энэ оны 2 дугаар улиралд сар бүрийн сүүлийн хагаст тэнцүү хувааж олгохоор журамд тусгажээ.
    Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Түүний хэлснээс үзвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж 4,5,6 дугаар сард олгох юм байна. Санхүүгийн боломж, өдөр ирэх бүр нэмэгдэх гээд байгаа инфляцыг барихын тулд ийнхүү гурав хувааж өгөхөөр шийдвэрлэсэн гэв.
Хишиг, хувиа авах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргаж өгөх ёстой. Хэрвээ өөрөө хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эхнэр, нөхөр нь өмнөөс нь гаргаж болох юм байна.
    Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаяг, өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн эсэх, 1 сая төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байгаа болон өмнө нь бэлэн бусаар авсан хишиг, хувийг суутган тооцохыг зөвшөөрсөн тэмдэглэлийг заавал тусгах ёстойг журамд заажээ.
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд хөдөлмөр алдалтын хувь хэмжээ, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримт бичгийг хүсэлтэд хавсаргах юм байна. Хэрвээ тухайн хүн нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол нэмэлт баримт бичиг шаардахгүй, тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авах аж.
Сум, хорооны ажилтан иргэдийн хүсэлтийг сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж, мэдээллээ аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тухайн сарын 25-ны дотор хүргүүлэх ёстой гэнэ.
Аймаг, дүүргээс үүнийг нягталж, иргэдийн нэрсийн жагсаалтыг батлан сар бүрийн 30-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх нь.
Эндээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамны Төрийн сангийн газар гэсэн дарааллаар явж Төрийн сангийн газраас шаардагдах хөрөнгийг сар, улирлын хуваарийн дагуу “Хүний хөгжил сан”-д шилжүүлэхээр болжээ.
Үүнээс гадна “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын гуравдугаар бүлэгт нэмж заалт оруулжээ. Энэ дагуу шинээр төрсөн хүүхэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгохоор болсон байна.
Түүнчлэн “2011-2012 оны хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хэмжээг 491960 төгрөг” гэж журамд тусгасан байсныг “500 мянган төгрөгөөс 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн хэмжээг хассан хэмжээтэй тэнцүү” хэмээн өөрчилжээ.
Орон сууцны төлбөрөө хишиг, хувиар төлөх хүсэлтэй иргэдэд хамаатай заалтыг ч журамд өөрчлөн найруулсан байна.
Тухайлбал Орон сууцны санхүүжилтийн корпораци нь орон сууцны төлбөр хэлбэрээр хишиг, хувийг олгоход шаардагдах хөрөнгийг захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банк, төлбөрөө бүрэн төлж орон сууцаа авсан иргэн, аймаг, дүүрэг тус бүрээр гаргаж, төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байх болжээ.  Шат шатны байгууллагууд үүнийг хянан үзэж шийдвэр гаргасны дараа хишиг, хувийг шилжүүлэхээр болсон байна.
Мөн журамд “Монгол Улсын иргэн гадаад улсын харьяат болсон бол сүүлийн жилд түүний хүртэх хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмж нэг удаа олгоно” гэж тусгасан байсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэн хасчээ.
Засгийн газрын энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх урьдчилгаа төлбөр болох 312.5 тэрбум, ногдол ашиг 110 тэрбум төгрөгийг энэ оны 3-5 дугаар сард үе шаттайгаар, бүрэн төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ”, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгажээ. 
Эдийн засаг, бизнес
Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ
    Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.   
Хуулийн төсөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор заасан байна. 
Түүнчлэн хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн  50 сая төгрөгөөс бага байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар холбогдох хуулийн төсөлд тусгажээ.
Мөн тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй боловч аль нэг үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрч, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт хийх тохиолдол гарч байгаа учир татвар ногдох борлуулалт хийгээгүй бол хасалт хийхгүй байх зэрэг олон заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар төсөлд тусгаад байна.
Үүнээс гадна Ой, модны салбарын бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ хангалттай авч чадахгүй байгаа учир импортоор оруулж ирэх бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, хагас боловсруулсан модон материалыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Сангийн яам үзжээ.
Нийгмийн шуум
Гадаад оронд өндөр үнэ төлж үзлэг, оношлогоо хийх шаардлагагүй болно   
    БНСУ-ын “Эксим” банкнаас зээл авч “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосон байна.
    Зээл нь 0.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.
Зээлээр Клиникийн нэгдсэн II эмнэлгийн дэргэд Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн барилга барьж, орчин үеийн тоног, төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байна.
Төв байгуулагдсанаар манай иргэд үзлэг, оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-д ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийг энэ төвд суурилуулснаар өвчтөний онош зөрөхгүй болохоос гадна оношлогооны алдаанаас үүдэн гардаг нас баралтыг бууруулах, орон нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай газарт илүү хүртээмжтэй, онцгой үйлчилгээ бий болох зэрэг давуу тал бий болох юм.
 “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв”-ийг ашиглалтад оруулсны дараа БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийг авчирч тодорхой хугацаанд ажиллуулах, дотоодын боловсон хүчнээ давтан сургах, ур чадварыг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдад чиглэл болгов
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш