Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хооронд үүссэн хэл ам, хэрүүл шуугиан олны анхаарлыг аргагүй л татаж байна. Хэнээс нь илүү их жогорхой гарах бол гэсэн шиг шооч зарим нь тэрүүхэндээ жуумалзаж сууна. Х.Баттулга нь Ц.Нямдоржийгоо Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар боллоо. Харин Ц.Нямдорж Х.Баттулгын солонгосчуудтай байгуулсан нууц гэрээг олонд “ил” болгов. Уг гэрээ ёсоор төмөр зам барих гурван тэрбум долларын бизнесийг “Женко” групп далдуур өөрийн болгох үйлдэл бололтой. Х.Баттулга гартаа базаж байхыг л харснаас биш дотор нь юу гээд биччихсэнийг уншаагүй энгийн сэтгүүлч би вээр хууль зүйн сайдынхаа үгээр дүгнэлт хийхээс өөр арга алга, “нууц” гэрээний тухайд. Харин энэ хоёрын дайсагналцал илүү удаан үргэлжилбэл олон зүйл ил болж, Монгол Улс хожих юм шиг санагдаад, тэдний хэрүүлийг битүүхэндээ дэмжиж сууна. Гэхдээ энэ нийтлэл бол Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын хэрүүлийн тухай биш юм. Одоо бидний танд дэлгэн үзүүлж байгаа баримт бол хоёр этгээдийн хэрүүлтэй холбоогүй юм шүү гэдгийг л сануулах гэсэндээ бяцхан “зүүлбэр” хийж байгаа минь энэ.
“Женко” группын эзэн Х.Баттулга“Таван толгой чинь худлаа шүү. Энэ бол улс төрчдийн заль мэх шүү” гэж эрс мэдэгдэл хийхэд үнэхээр их гайхсан шүү. Яагаад худлаа гэж, худлаа байсан л юм бол гурван жил засаг барьж байхдаа, тэр өндөр албан тушаалд байхдаа юу ч дуугарсангүй вэ гэж үнэхээр их гайсан. Х.Баттулгын амнаас “үнэгүй” үг хэзээ ч унахгүй. Тэр бол Монголдоо л хамгийн том зурган дээр ажиллаж байгаа жинхэнэ Бизнесмен хүн. Бизнесмэн хүний унгах нь хүртэл үнэтэй байдаг гэдэг шүү.
Х.Баттулга Монгол улсын Барилга хот байгуулалтын сайд байхдаа буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд Хятад улсын “Хятадын Төмөр Зам” компанитай “Монголын Төмөр Замын Сүлжээний Өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг”гэгчийг үйлджээ. Санамж бичигт “Талууд Таван толгойн нүүрсний ордыг Сайншандын зүүн чиглэлийн төмөр замтай холбох техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах бөгөөд төмөр замыг үе шаттайгаар байгуулна. Хятадын тал техник эдийн үндэслэлийг хариуцах болно. Монголын Засгийн газар санхүүжилтын баталгааг Таван толгойн нүүрсний орд газрыг олборлож ашиглах онцгой эрхээр олгох бөгөөд ордыг ашигласнаас гарах орлогоос зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Мөн Хятадын төмөр зам компани нь тодорхой заасан газар уурхай олборлож ашиглах эрхтэйг Монголын Засгийн газар нотолж байна. Хятадын төмөр зам компани нь Хятадын Засгийн газрын зээлээр Монголын Засгийн газраас хэрэгжүүлэх “Төмөр замын терминалыг шинэчлэн өргөтгөх” төслийн ерөнхий гэрээлэгч болох сонирхолтой байгаа болно. Монголын Засгийн газар нь орон нутгийн хуулийн дагуу уг төслийг Хятадын төмөр зам компани хэрэгжүүлэхийг дэмжиж байна” гэжээ. Санамж бичигт Зам тээвэр хот байгуулалтын яамыг төлөөлж сайд Х.Баттулга, Хятадын төмөр замын хязгаарлагдмал компанийг төлөөлж Ерөнхий менежерийн орлогч Жоу Мэн Бо нар гарын үсэг зурсан байна.
Энэ баримтыг уншаад “Таван толгой худлаа шүү” гэдэг Х.Баттулгын үгийг дахиад нэг бодоод үзье. Уг нь ходоод хагаравч тогоон дотроо гэж үг бий. Монгол төрийн сайд байсан, Монголын төрийг одоо ч түшилцэж яваа Ардчилсан холбооны тэргүүн нь ард түмнийхээ ганц найдвар болсон Таван толгойг үнэгүйдүүлэх шаардлага байсан уу. Дээрх баримтаас дүгнэхэд, Х.Баттулга хятадуудад Тавантолгойн орд газрын тодорхой хэсгийг аль эрт “зарчихаж”. Таван толгойн асуудалд Монголын засгийн газар, Монголын төр ач холбогдол өгөөд эхэлбэл энэхүү том наймаа дэлгэгдэж таарна. Тэгэхээр Таван толгой бол үнэгүй шүү гэж хэлэх нь Санамж бичгийг сануулахгүй байх шалтгаан болж. Хэрвээ Таван толгойг сонгуулиас өмнө хөдөлгөөд эхэлбэл, үнэд хүрээд ирвэл мань эрээс Хятад найзууд нь бялуугаа нэхнэ. Санамж бичгээ гэрээ болгохыг шаардана. Х.Баттулга төр түмний өмнө ч, Хятад “андуудынхаа” өмнө ч нүүргүй болно. Тиймээс л Женкогийн босс “Худлаа шүү” гэдэг алдарт үгээ хэлсэн бололтой. Саяхан Х.Баттулга өөрийн санаачилгаар Ардчилсан намын сонгуулийн Пи Ар-ыг өөр дээрээ авах санал тавьж, түүнийг нь дэмжсэн. Тэр намын даргад одоо ч санаатай хэвээр. Сонгуульд ялахыг хүсэхгүй улс төрч хэн байхав. Гэхдээ Х.Баттулга ингэтлээ улайраад байгаагийн учиг нь “санамж бичиг” юм биш үү.
Одоо, энэхүү санамж бичгийг Барилга хот байгуулалтын яам, Засгийн газраас гадна Х.Баттулга өөрөө яаж тайлбарлах нь сонин байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ө.Мэргэндүү