Хаврын урт, тарчиг цагт махны үнэ хаданд гарч кг үхрийн цул мах гэхэд л 9000 төгрөгт хүрсэн нь иргэдийг ихээхэн бухимдуулсан. Өргөн хэрэглээний малын мах нэмэгдэхтэй зэрэгцэн дайвар бүтээгдэхүүнүүд болон тахианы махны үнэ ч нэмэгдсэн. Харин сүүлийн хэд хоногуудад махны үнэ бага хэмжээгээр буурч эхэлсэн таатай мэдээ байна. Нийслэлчүүдийн махны хэрэгцээний гол ханган нийлүүлэгч Хүчит шонхор захад махны нийлүүлэлт орон нутгаас нэмэгдэж байгаа нь үнэ буурахад нөлөөлсөн аж. Тус захад өдөрт дунджаар 40-60 тонн мах нийлүүлэгдэж байгаа гэнэ. Бөөний үнэ кг нь 6000 төгрөгнөөс даваад байсан үхрийн шинэ мах 5500-5800 төгрөг болж, хонины хамгийн сайн мах кг нь 5500 төгрөгийн үнэтэй болжээ.