Дөхжээ, сонгууль… Амнаас нь алт унах гэж буй аятай хэвлэлийнхнээс зайгаа барьдаг эрхмүүд хүртэл бие биеитэйгээ барьцаж буй аятай хэвлэлийн бага хурлыг ар араасаа залгуулж хийгээд л. Тэдний хэрэлдэж хэлэлцэх нэг их сонирхол татсангүй. Угаасаа сонгууль дөхөхөөр хэрэлдэж уралцан хэн нэгнийгээ хужаагийн эрлийз, хоноцын хүүхэд бараг л төөрч хил давсан цагаачийн удам гэх ухааны юм ярьдаг учраас төдийлөн ач холбогдол өгч байсангүй. Тэртээ тэргүй сонгуулийн дараа тэд бөөрөө нийлүүлэн нэг тэрэгний хос дугуй болчихсон өнхөрч явдаг нь худлаа юм биш. Харин энэ удаагийн улстөрчдийн улаан хэрүүлийн хажуугаар дуугуй өнгөрч болохгүй юм шиг байна. Учир нь улс орон цаашлаад иргэн миний эрх ашигтай холбоотой асуудлууд яригдаж буй учраас тэр. Хэрвээ хэн нэгнээ хятад гэж хэлж байсан бол хамаа алга. Ил цагаан, эцэг өвгөдийн үеэс өвлүүлсэн их эрдэнэс орд газрын хувь тавиланг хэлтийлгэсэн, эс хэлтийлгэсэн тухай ярьж байхад яахан анзааралгүй өнгөрөөж тэвчих. Өөрийн мэдэлгүй л сортойж соотойгоод чих тавихаас яах…
Ярьж байнаа нөхдүүд… Тодруулбал, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын хооронд үүссэн хэл ам, хэрүүл шуугиан олны анхаарлыг онц ихээр татаж байна. Нэгэн цагт нэгэн үзүүрт сэтгэлээр засагт алба хашиж тохой нийлүүлэн хуралдаж явснаа умартан Х.Баттулга гишүүн эрх баригч сайд нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон. Энэ сарын 22-ны өдөр гаргасан шийдвэр л дээ, мань хүний хувьд. Тэрбээр ухайн үед “Авлигатай тэмцэх УИХ-ын тогтоол гарчихсан байх юм. Харамсалтай нь хэрэгжихгүй юм. Тэгсэн хэрнээ бусад зүйлүүд нь яваад байх юм. Энэнд нь эрх барьж байгаа сайд дарга нар нь орооцолдчихсон. Ийм байж болохгүй гэдэг үүднээс өнөөдөр баримтжуулж өглөө. Би ганцаараа тэмцээд байгаа хэрэг биш. Монголын ардчилсан холбоо гээд улс орон даяар сүлжээтэй байгууллага байна.
Энэ байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд нөхдийнхөө санал санаачлагыг дэмжиж, өөрөө төлөөлөн ирлээ. Энэ ажлыг хийх ёстой. Сая АТГ-ын дарга нь байсангүй. Магадгүй өөрөө хүлээгээд авбал янз бүрээр дарамтлах байсан болов уу. Ямар хариу өгөхийг нь хүлээж л байя.” гэж хэлж байсан. Ямартай ч тэрбээр Ерөнхий сайд С.Батболд Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарыг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Шалгах хангалттай үндэслэл бий гэж үзэж буйгаа ч нуугаагүй. Харин дараахан нь хаяагаа хадарсан экс сайд үнэн хэрэгтээ төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл түгсэн. Эл мэдээллийг Хуульзүйн сайд Ц.Нямдорж бас Ч.Хүрэлбаатар нар хийсэн. Х.Баттулга гишүүн энә тухай “Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд нууцаар төмөр зам барина гэж байхгүй шүү дээ. Нууц гэрээ хар тамхи, зэвсгийн наймаа зэрэгт хийгддэг болов уу даа. Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Ц.Нямдорж гэдэг хүн өөр зүйл рүү хүмүусийн анхаарлыг холдуулдаг аргатай. Энэ байдлаараа л явж байгаа. Би шал өөр юм яриад байна шүү дээ. Горьдож байсан Тавантолгой бүтэхгүй боллоо, одоо яах вэ гэдэг асуудал ярьж байна” гэж учирласан.
Гэхдээ л Ц.Нямдорж сайд Х.Баттулга гишүүний солонгосчуудтай байгуулсан нууц гэрээг илчилсэн. Уг гэрээ ёсоор төмөр зам барих гурван тэрбум ам.долларын бизнесийг “Женко” групп далдуур өөрийн болгох санаатай байсан бололтой юм билээ. Бололтой гэхийн учир Хуульзүйн сайд уг гэрээг нүдний өмнө дэлгэж, унших боломж олгоогүй юм. Харин өчигдөр тус нууц гэрээний хуулбар сайтуудад тавигдсан байна лээ. Яг тэр нууц гэрээг хараад сууж байтал утсаар Х.Баттулга гишүүн АТГ-т өгсөн материалынхаа бас нэг хувийг УЕПГ-т хүргүүлэх гэж байна гэх мэдээлэл ирсэн юм.
Очлоо, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, МоАХ-ны хуулийн зөвлөх Д.Пүрэвбаатар, МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Дарь.Сүхбаатар нар Улсын ерөнхий прокурорын газарт очиж, нэр бүхий улстөрчдийн хууль зөрчсөн, авилга авсан гэх баримт материал хүлээлгэн өгч байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өмнө нь буюу энэ сарын 22-нд АТГ-т Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд ДЗоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдэгдэж, тэдэнтэй холбоотой баримт материалыг хүргүүлснийхээ нэг хувийг нь УЕП-т шалгуулахаар иржээ. Гишүүдийн өгсөн баримт материалыг УЕП-ыг төлөөлөн тус газрын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээн авсан.
Сайд нартай холбоотой материалыг хүлээлгэж өгөх үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулга “Стратегийн орд газрын жагсаалтыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа тогтоол гарган баталж байсан. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтанд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай дурьдсан. Гэтэл Тавантолгой гацаанд орсноос ашиг хүртэнэ гэсэн ард түмний хүлээлт талаар болоод байна. Өнөөдөр Тавантолгой ашиглалтад ороод явж байсан бол Монголын 2.7 мянган хүн ашиг хүртээд явах байсан. Ийм л юмыг яриад явна. Гэтэл сайд нар нь энэ компанийн барьсан байранд орчихсон байна. Энэ асуудлыг шалгаж тодруулж өгөөч ээ гэж АТГ-т хандсан. Аливаа асуудал цаг хугацаа өнгөрөхөд замхардаг жишээ олон. Ялангуяа иймэрхүү томчуудтай холбоотой хэрэг. Тиймээс прокурорын байгууллага давхар хяналт тавих ёстой гэдэг үүднээс бид асуудалд хандаж байгаа юм” гэж хэлсэн. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултанд,
-Яагаад таньтай холбоотой мэдээлэл гарсны дараа АТГ, УЕП-т хандах болов?
-Надтай холбоотой материал гарсны дараа ингэж байгаа юм биш. Би эхлээд телевизээр тэдэнтэй холбоотой асуудлыг ярьсны дараа хариу мэдэгдэл хийж, нууц гэрээ энэ тэрийн талаар ярьж байна. Би одоо л ярьж байгаа юм биш. Төмөрзам, Тавантолгой, улс орон болохгүй байна гэж урьд нь зөндөө л ярьж л байсан асуудал. Миний өгсөн ярилцлагуудаас ч харж болно.
-Нотлох баримтууд гаргаж өглөө гэж байна. Өөр баримтууд байгаа юу?
-Би гүйцэтгэх албаны хүн биш. Зөвхөн хяналт шалгалт хийх эрх бүхий холбогдох албаны хүмүүст нь магадлалуудыг нь гаргаж өгөөд байна.
-Сайд нарын зүгээс уул уурхайн томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг эсэхийг шалгуулж, хэрэв батлагдвал огцорно гэдгээ мэдэгдээд байгаа?
-Баримтыг гаргаад л яръя. Тодотгол хийх гэж надаас байцаалт авсан, мэдүүлгээ өгсөн. Хэвлэл мэдээллээр ингэж танилцуулагдаж, олон түмэн мэдээлэлтэй байхад шалгах ажилд ахиц гарна гэж итгэж байна гэж хариулсан.
Харин хамт ирсэн эрхэм гишүүн Л.Гүндалай “Миний хувьд Тавантолгойтой холбоотой хууль зөрчиж байгаа асуудлаар хандаж байна. Ард түмний өмчийг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихсан. Зарж борлуулдаг, тэрийг нь ард түмэн мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгө босгох нэрээр тэрийгээ дарж байна. УИХ-аар Тавантолгойг стратегийн орд газар хэмээн зарлаж, “Энержи ресурс” орно шүү гээд байхад хэдхэн хүн ард түмний өмчийг Гонгконгийн бирж дээр зараад 700 сая ам .долларын хөрөнгө босгож байгаа гэж ярьж байна. Үнэндээ Тавантолгой, Ухаа худгийнхаа орд газрын 20 хувийг зараад мөнгө олж байгаа гэсэн үг. Энэржи ресурс стратегийн орд газар мөн. Тавантолгой 15 томоохон орд газрын нэг гэж УИХ-ын тогтоол дээр заасан байгаа. Бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс АТГ-т хандсан. Өнөөдөр прокурорт хандаж байна. Энэ булхайг нь ярихаар асуудлыг өөр тийш нь хандуулаад нууц гэрээ байгуулсан гэх мэт зүйл яриад байдаг. Асуудлыг шалгаж, энэ олигархуудаас мөнгөө авмаар байна, бусдад зарсан газраа буцаан авч, ард түмэнд өгмөөр байна. Хамгийн гол нь Монгол Улсын хууль огт хэрэгжихгүй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж байгаа гэдгийг тогтоож, шалгуулах нь гол зорилго” гэж байгаа дуулдсан.
Үнэндээ ч Х.Баттулга гишүүний “Таван толгой чинь худлаа шүү. Улс төрчдийн заль мэх” гэх шийдэмгий мэдэгдэл олон Монгол хүний урмыг хугалсан. Урмыг хугалсан гэхээсээ илүүтэй уцаарыг хүргэсэн. Хууртаж хулхидуулж ханадаггүй ард түмэн одоо олон удаагийн хууралтыг тэсэхээр тэнхээтэй үлдээгүй учраас тэр байх л даа. Тэгээд ч бүхэл бүтэн гурван жил хамтран засаг барихдаа ганц ч ган хийгээгүй байж, хамтарсан Засгаас гараад ганц cap ч бараг болоогүй байж ийн мэдэгдсэн нь эвгүй бас цочир сонсогдсон хэрэг л дээ. Ямартай ч манай улсын Хуульзүйн чекист сайдын илчилсэн санамж бичгийг Х.Баттулга Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд байхдаа буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд Хятад улсын “Хятадын Төмөр Зам” компанитай үйлджээ.
Санамж бичигт “Талууд Таван толгойн нүүрсний ордыг Сайншандын зүүн чиглэлийн төмөр замтай холбох техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах бөгөөд төмөр замыг үе шаттайгаар байгуулна. Хятадын тал техник эдийн үндэслэлийг хариуцах болно. Монголын Засгийн газар санхүүжилтын баталгааг Таван толгойн нүүрсний орд газрыг олборлож ашиглах онцгой эрхээр олгох бөгөөд ордыг ашигласнаас гарах орлогоос зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Мөн Хятадын төмөр зам компани нь тодорхой заасан газар уурхай олборлож ашиглах эрхтэйг Монголын Засгийн газар нотолж байна. Хятадын төмөр зам компани нь Хятадын Засгийн газрын зээлээр Монголын Засгийн газраас хэрэгжүүлэх “Төмөр замын терминалыг шинэчлэн өргөтгөх” төслийн ерөнхий гэрээлэгч болох сонирхолтой байгаа болно. Монголын Засгийн газар нь орон нутгийн хуулийн дагуу уг төслийг Хятадын төмөр зам компани хэрэгжүүлэхийг дэмжиж байна” гэжээ.
Санамж бичигт Зам тээвэр хот байгуулалтын яамыг төлөөлж сайд Х.Баттулга, Хятадын төмөр замын хязгаарлагдмал компанийг төлөөлж Ерөнхий менежерийн орлогч Жоу, Мөн Бо нар гарын үсэг зурсан байна лээ. Мартах дөхлөө, Засгийн газар ч бас мэдэгдэл гаргасан гэдгийг. Уг мэдэгдэлд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Монголын төмөр зам” ХК болон Хонгконгод бүртгэлтэй “Монголын төмөр замын дэд бүтэц”ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах тухай гэрээний төсөл болон гэрээ байгуулсан тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тус газарт ирүүлж байгаагүйдээрх гэрээний төсөл Засгийн газрын бусад гишүүдэд танилцагдаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж тодруулсан байсан.
Өө нээрээ уг санамж бичиг илчлэгдэхээс яг нэг өдрийн өмнө манай улсын Ерөнхий сайд танхимын сайд нартаа “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд ил тод, нээлттэй, хууль ёс дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж байна. Ийм зарчмаар аливаа ажил явах ёстой. Түүнээс бус илд далд хэлбэрээр хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын түвшинд яригдах ёсгүй” гэж хатуу анхааруулсан дуулдсан. За ямартай ч сонгууль угтсан улстөрчдийн улаан хэрүүл “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хурдасгаж орхисон нь үнэн юмдаг. Таг гацчихаад удсан уг асуудал ямар ч байсан байрнаасаа хөдөлж. Төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгах үүднээс төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байгуулж, суурь бүтцийг эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гарахад дөхөм болсон гээд хэлчихэд буруудахгүй байх.
Мөнгө санхүүгээсээ болж зогсонги байдалд байгаа гэх өрөвдмөр учирлалаа таягдан ямартай ч компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгуулж чадсан гэдэгтэй хэн маргах вэ. Нөгөөтэйгүүр Х.Баттулга гишүүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа хууль зөрчин нууцаар гэрээ байгуулсан гэдэг мэдэгдлийг Ц.Нямдорж сайд хийсэн нь үнэн болох нь нотлогдвол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөнө. Харин эрх баригч сайд нар Ухаа худагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн асуудлыг хойшлуулж байгаа буюу авлига авсан нь нотлогдвол бас улс орны аюулгүй байдалтай холбоотой томоохон хэрэг мандана.
Магадгүй манайхан баахан үймж байгаад сонгуулийн дараа бас л сурсан зангаараа хумсаа нуугаад суучихна гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ одоо хумсаа нуусан муурын дүрд тоглох боломж тэдэнд олгомооргүй байна. Яг өнөөдөр Х.Баттулга болон бусад нэр бүхий сайд нар олны өмнө гаргаж суулгад тайлбарыг сонсмоор байна. Сайдууд ямар хөрөнгийн эх үүсвэрээр Энержиресоркийн барьсан дээд зэрэглэлийн байрыг худалдаж авснаа, бас Ц.Нямдорж сайд яаж хаанаас тэр санамж бичгийг олж авснаа, мөн Х.Баттулга уг бичиг ямар учиртайг яах гэж хулгайгаар гэрээ байгуулснаа тайлбарлах ёстой. Мөн үү.
Гэхдээ цаадуул чинь гарч ирж чадахгүй л дээ. Тэгэхээр бүгдээрээ тэднийг эхлүүлсэн хэрүүлээ зогсоох боломжоор хясан дунд нь яс хаяад л байя. Яадаг юм бэ. Уурандаа муу муухайгаа бүр сайн илчлэх юм шиг байна. Тэдний дайсагнал, тэр гэхийн тэмдэггүй улаан хэрүүл үргэлжилбэл хөшигний ард шийдэгдсэн дэндүү олон зүйл ил болж, Монгол Улс, Монгол хүн хожих юм шиг байна. Хэрэлдээд байгаарай найзууд аа… Хэн нэг нь дийлж л таарна, амжилтын төлөө хэрэлдэцгээ…
З.Урсгал
ulaanbaatartimes